Дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг баталлаа
2020.05.14

Дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.14\ хуралдаанаар, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа. 

Хуулийн төслийг УИХ-ын Ч.Хүрэлбаатар танилцуулав. 

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. 

Төслийн хүрээнд ДЦС-3-т үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, Зг магистралийг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажлуудыг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төсөл хэрэгжсэнээр дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадвар 40-100 Гкал/ц-аар нэмэгдэж, ингэснээр ДЦС-4 ХК-ийн 10а магистраль, Ф1200мм-ийн сүлжээнээс хангагдаж байгаа Их тойрог, Бага тойрог орчмын 60 Гкал/ц ачааллыг ДЦС-З-ын ДДХ-т шилжүүлж, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, орон сууцны VII хороолол, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандантэгчинлэн хийд, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо Дэнжийн 1000, Баянгол дүүргийн 11 дүгээр МҮОНРТ орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах 20 мянган айлын орон сууц, 30 мянган хүүхдийн сургууль, 7 мянган хүүхдийн цэцэрлэг, 10 мянган ажлын байрыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.  

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 41.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж төслийн танилцуулгад дурдсан байна. 

"Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх" төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан. Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэн дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив гэж байлаа.

Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн зүгээс  нийслэлийн дулаан шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажлыг дэмжиж байгаа ч, Дэлхийн банкны зээлийг авснаар өрийн босго хэр нэмэгдэх эсэх, төслийг  хариуцан хэрэгжүүлэгч нь аль яам байхыг тодруулав.

2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Монгол Улсын өрийн хэмжээ  өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 79 хувьтай тэнцэхүйц байсан бол өнөөдөр 2019 оны төсвийн гүйцэтгэлээр авч үзвэл 55,6 хувь буюу 24 пунктээр өрийг бууруулсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилд 8,5 их наяд төгрөгийн өр төлсөн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа онцлоод уг төслийг хэрэгжүүлэгч нь  Эрчим хүчний яам бөгөөд төслийн асуудлыг бүрэн хариуцна гэж байлаа.  

Ингээд Байнгын хорооны саналаар “Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг батлая” гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.