Дорноговь аймгаас сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар тойрогтоо ажиллаж байна. Тэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, төрийн байгууллагын удирдлагуудтай уулзан, мэдээлэл өглөө.
Гишүүд тойрогтоо ажиллахдаа коронавирусээс урьдчилан сэргийлэх нэг, хоёрдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд Улаанбаатар хот болон Дорноговь аймагт тус тус шинжилгээнд хамрагдаж, УОК-оос орон нутагт ажиллах зөвшөөрлийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллажээ.
Замын-Үүд суманд ажиллах үеэр цар тахлын эсрэг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөгөөг танилцуулж, иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалах, эдийн засгийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй шийдвэрийн талаар мэдээлэл өгч, нутгийн удирдлагуудаас орон нутаг дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссон юм.
Түүнчлэн Замын-Үүд сумын ард иргэдэд тулгамдаж буй төрийн албан хаагчдын хүнд суртал, ёс зүйн зөрчлийг арилгах, сум хөгжүүлэх сангийн зээлийн буцаан төлөлт, төвлөрүүлэлт, зорилтод бүлгийн иргэдэд зориулсан "Түрээсийн орон сууц" төслийг 2021 онд Замын-Үүд, Сайншанд суманд хэрэгжүүлэх, ипотекийн зээлийг орон нутагт олгох гэх мэт олон асуудлын хүрээнд харилцан мэдээлэл солилцлоо.
БНХАУ-аас Замын-Үүд суманд оршин суугаа Ерөнхий консул Ли Янь Жунтай уулзаж, цар тахлын үед хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд,
- дархлаажуулалтын вакцинд дахин дэмжлэг үзүүлэх
- хилийн боомтын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх, хэвийн горимд ажиллуулах,
- коронавирусний халдварын тархалт буурч, хил нээгдсэний дараагаар Замын-Үүд сумын иргэд, аж ахуйн нэгжийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх,
- нэг өдрийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудлаар харилцан зөвшилцсөн байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn