Ленин, Гитлер хоёр шатар тоглож байсан уу
- Нацистуудын энэ номлол нь Лениний бодож олсон Зөвлөлтийн ард түмэн гэдэгтэй агаар нэг.
- Ленин ажилчин ангийн эрх ашгийн тухай ярьдаг ч мэргэжлийн ажилчдыг аймшигтайгаар үзэн яддаг байсан.
- Орос орон азгүй, бүтэлгүйчүүдийг өрөвдөх хандлагатай. Эрүүгийн гэмт хэрэгтнийг өрөвддөг цорын ганц улс бол манайх л байх.
Ленин ба Гитлер. XX зуунд манай гарагийг донсолгож, цусанд умбуулсан хоёр жолоодогчид ижил төстэй зүйлс бий. Тэд 19 насны зөрүүтэй, Ленин 1870 оны дөрөвдүгээр сарын 22-нд, Гитлер 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд мэндэлжээ. Дарангуйлагчдын тухай Андрей Михайлович Буровскийн «Московский комсомолец» сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Гүн ухааны доктор, түүхч, зохиолч, археологич Андрей Михайлович Буровский 100 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвижээ.
-Ленин, Гитлер хоёр юугаараа адил вэ. Уг нь Гитлерийг голдуу Сталинтай харьцуулдаг. Тэд дэлхийн II дайнд бие биеийнхээ эсрэг тулалдсан шүү дээ?
-Уг нь Сталиныг Ким Ир Сентэй, Владимир Ильич Ульяновыг /Ленин/ Адольф Алоизович Шикльгрубертэй /Гитлер/ жишвэл зохино. Ленин, Гитлер хоёулаа устгагчид. Сүйрүүлэгчид. Тэдний уриа «Устаж байгаа ертөнцийг гүйцээх нь бидний хэрэг». Гитлер Германд, харин Ленин Троцкийн хамт Оросыг сүйрүүлж өгсөн. «Интернационал» дууны анхны текстэд «Бид бүгдийг шатаана, бүгдийг устгана. Бид хуучин нарыг унтрааж, шинэ нарыг асаана» гэж байсан. Бүхнийг устгаж, шинэ ертөнцийг барьж босгох гэнэ.
Хачирхалтай нь Гитлерийн сүйрүүлэх эрмэлзэл «даруухан» байсан. Тэр мэдээж, солиотой түрэмгийлэгч байсан. Үүний зэрэгцээ Гитлерт язгуур угсаа чухал байсан. Тэрээр эртний Герман, дундад зууны түүхээс ирээдүйн Германд зориулан ямар нэг ул үндэсийг эрж олохыг оролддог байв. Харин Ленин Орос оронд байсан бүхнийг устгасан. Гэхдээ энэ хоёр зүтгэлтэн үзэл суртлаас ангид оршин буй материаллаг ертөнцийг бүхэлд нь үзэн яддаг хандлагаараа адилхан байлаа.-Архивын бичлэгийг үзэхэд Гитлер ч, Ленин ч хашгирч орилж байдаг. Тэд хүмүүсийг яаж татдаг байсан бол. Яруу илтгэгчид, логик сэтгэлгээтэй байсан юм болов уу?
-Тэд яруу илтгэгчид байгаагүй, тэдэнд логик сэтгэлгээ ч байгаагүй. Хоёулаа аймшигтай хийрхүү хүмүүс байсан. Солиорсон мэт нүүрний хувирал, мэрэгч эсвэл шавьж шиг чичирч салганасан дохио зангаа гээд л. Сэтгэц судлалд индукци гэсэн ойлголт байдаг. Ленин, Гитлер хоёр зориуд солиорол, хийрхлийн байдалд ордог байв. Ийм илтгэгчид хэзээ ч логиктой алхам, үйлдэл хийдэггүй. Харин ч эсрэгээр тэд бөөн олныг өөрсдийн хашгираан орилооноор улам солиоруулж, «дэлбэлдэг». Үнэндээ хүмүүсийн нэлээд нь чухам ийм лидерийг дагадаг.- Ленин, Гитлер хоёр өөрсдийн ард түмэндээ хайртай байсан уу?
-Тэд өөртөө ч хайргүй байсан. Гитлер өөрийн ард түмний нэрийн өмнөөс бүхнийг устгаж, хөнөөж байсан бол Ленин бусдын нэрийн өмнөөс өөрийн ард түмнээ хядаж байв. Үүнд л ялгаа нь бий. Нацистууд «Бид немцүүдэд норд арьстан /Nordic race/ гэдгийн учрыг тайлбарлаж өгөх ёстой. Яагаад гэвэл боловсролтой давхаргын ихэнх нь манай өвөг дээдсийн дунд славян, франц, еврей зэрэг нордын бус арьстан байсан гэж итгэдэг» гэж сурталчилж байжээ /үнэндээ норд нь европ арьстны нэг төрөл, орч/.Нацистуудын энэ номлол нь Лениний бодож олсон Зөвлөлтийн ард түмэн гэдэгтэй агаар нэг. Ялгаа нь гэвэл Зөвлөлтийн болон нацистын санаачилсан эдгээр үндэстэн бодитоор оршиж байгаагүй. Үүнийг үзэл сурталд зориулан зохиосон юм.