Я.Эрдэнэсайхан: Эмэгтэйчүүдийн хамгийн их хөдөлмөр эрхэлж буй салбарын нэг бол ЖДҮ
2021.01.06

Я.Эрдэнэсайхан: Эмэгтэйчүүдийн хамгийн их хөдөлмөр эрхэлж буй салбарын нэг бол ЖДҮ

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих холбооноос “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” цахим хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлэг “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-ын хэрэгжилтийн талаар танилцуулга, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил, дэмжихэд тулгамдаж буй асуудал, олон улсын туршлага зэрэг сэдвийн хүрээнд болов.

ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, “Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцүүлж байгаа энэ үед цагаа олсон чухал сэдэв байна. Эмэгтэйчүүдийн хамгийн их хөдөлмөр эрхэлж буй салбарын нэг бол ЖДҮ. Жишээ нь 2019 онд ЖДҮХС-аас зээл авсан аж ахуй нэгжийн 68 хувь нь эмэгтэй захиралтай. Энэ салбар бодлого нь зөв явбал эмэгтэйчүүдэд илүү үр нөлөөтэй гэсэн үг. ЖДҮГ ирэх жилүүдэд шинэлэг, олон улсын дэвшилтэт арга барилаар ажиллана” гэлээ.

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо бусад ТББ-тай хамтран Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийн талаарх тайлангийн “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” дэд хэсгийг хариуцан ажиллав.

Энэ хүрээнд сүүлийн 5 жил баримт бичгийн болоод хөдөө орон нутаг, сум аймаг, нийслэлийн түвшинд чанарын судалгаа хийж баримтжуулан, эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хангахад шаардлагатай бодлого, үйл ажиллагааны зөвлөмж боловсруулжээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, төлөөлөл, ХНХЯ, ХХААХҮЯ, ЖДҮГ, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.