Х.Нямбаатар: Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төсөлтэй өргөн барина
2020.12.16

Х.Нямбаатар: Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төсөлтэй өргөн барина

Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргйин сайд Х.Нямбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

Эрүүгийн тухай хуульд нэмэлт оруулах төсөлд, худал мэдээлэл тараах буюу Эрүүгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 14 дүгээр заалтыг нэмж дэлгэрүүлсэн буюу ял шийтгэлийг чангаруулсан өөрчлөлт оруулж байгаа нь ардчиллын үнэт зүйл болох үг, үзэл бодлоо илэрхийлэхийг хавчин, дарамталж байгаа хэлбэр гэж үзэж байна?

Нэгд, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй хуулийн төслийг өргөн барьсан төсөл гэхгүй. Боловсруулалтын шатанд яваа. Нөгөөтэйгүүр, хэвлэлийн холбоод эздийн байгууллага байх ёсгүй. Хэвлэлийн эрх чөлөөг хангая гэвэл бүх хэвлэн нийтлэгчийн эрх ашгийг хамгаалах ёстой.

Тэр утгаараа, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг нэн яаралтай УИХ-аар хэлэлцүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яам ажиллаж байгаа. Ажлын хэсэг байгуулагдсан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэлийн зөвлөл гэж бие даасан байгууллагатай болно. Бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсонтой холбоотой бүх гомдлыг Хэвлэлийн зөвлөл шийдвэрлэнэ.

Хэвлэлийн зөвлөл, тухайн редакц болон хэвлэн нийтлэгчийг алдаагаа засахыг шаардсан залруулга гаргахыг шаардсан шийдвэрүүдийг гаргана. Биелүүлээгүй тохиолдолд дээр дурьдсан Эрүүгийн тухай хуульд заасан эрүүгийн хариуцлагын асуудал яригдана. Залруулгаа хийсэн, бусдын талаар буруу зөрүү алдаатай мэдээлэл нийтэлснээ хүлээн зөвшөөрөөд, хэвлэл мэдээллийнхээ хэрэгслээр уучлал гуйсан тохиолдолд, уг гүтгэлэг доромжлолтой холбоотой харилцаа дуусгавар болно.

Манай ХЗДХЯ-ны сайт дээр эрүүгийн тухай хуулиас гадна Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд орох нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор санал авагдаж байгаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн агуулгыг илүү өргөтгөж томъёолох бодолтой ажиллаж байна.

Тодруулбал?

Хэвлэл мэдээллийн байгууллага гэж зөвхөн редакцитай байгууллага гэж ойлгох нь явцуу ойлголт. Сүүлийн үед хүн болгон блог, Твиттер хөтөлдөг, пейж, пейсбүүкийн хэрэглэгч, ютубэр боллоо.

Энэ бүх хүмүүс хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг нэгдэж оръё гэсэн хүсэлтийг нь хүлээж авч, өргөтгөсөн хурлаас Хэвлэлийн зөвлөлийг нь байгуулъя. Хэвлэлийн зөвлөл нь нэг бүрэн эрхийн хугацаатай, хараат бус, улс төр, төрийн байгууллага, албан тушаалтнаас ангид ажиллах эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зорьж байна.

Гэхдээ л Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр гүтгэхтэй холбоотойгоор 15-80 сая төгрөгөөр торгох зүйлт заалт байгаа шүү дээ?

Хэрвээ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдаж, Хэвлэлийн зөвлөл байгуулагдчихаад байхад зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд дараагийн санкцийн асуудал яригдана.

Мөн Хэвлэлийн зөвлөл, хэвлэл мэдээллийн байгууллага гэгддэг эгнээнд нэгдэж ороогүй, тодорхой нэр хаяггүй, Тролл гэдэг хаягнаас улс орны бүрэн эрхэт байдалд заналхийсэн, хүүхдийн эрхийг зөрчсөн нийтэд айдас түгшүүр төрүүлсэн, цар тахлын үед эмх замбараагүй байдалд уриалан дуудсан тохиолдолд хариуцлагын асуудал яригдана. Харин хэвлэл мэдээллийн байгуулллага гэсэн категорид багтаж байгаа хүмүүсийн хувьд Хэвлэлийн зөвлөл гэдэг байгууллагынхаа өмнө хариуцлага хүлээх асуудал яригдана.

Эрүүгийн тухай хуулийн төслийн 13 дугаар зүйлийн 14 дүгээр заалт дээр илт худал мэдээлэл гэж оруулсан байсан. Яг юуг худал, ямрыг нь илт худал гэхийг нарийвчлан тодорхойлоогүй байна гэх шүүмжлэл их байна?

Эрүүгийн тухай хуулийн төслийг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй хамтад нь батална. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн одоогийн төсөл дээр хортой, илт худал мэдээлэл гэж бусдын сэтгэл санаа, бие махбодид эсхүл бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулах зорилгоор түгээсэн, бодит байдалд нийцээгүй мэдээллийг хэлнэ ч гэдэг юм уу, энэ бүх тодорхойлолтыг нэгтгэж, кигдрүүлэх ажил давхар хийгдэнэ.

Гэхдээ хуулийн төсөлд заасан алдар нэр гэх үг улстөрч, албан тушаалтанг хаацайлах аргачлал болох юм биш үү. Улстөрчид сэтгүүлчийг Хэвлэлийн зөвлөлд өгөхөөс илүүтэй өндөр мөнгөн дүнгээр торгох, эсхүл яллах дүгнэлт гаргах гэж улайрах эрсдэл өндөр байна гэж хараад байгаа юм л даа?

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн ажлын хэсэгт хэн хүссэн нь орж болно. Гол нь ажил хэрэгч саналуудтай байх ёстой. Саяны тодорхойлолтууд дээр нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдсанаар хэвлэн нийтлэх эрхээ эдэлж байгаа хэн боловч хууль, шүүхийн байгууллагад дуудагдахгүй гэдэгт энэ төслийн гол зорилго, агуулга оршиж байгаа.

Харин Хэвлэлийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг тухайн хэвлэн нийтлэгч үг дуугүй биелүүлэх ёстой. Хэвлэлийн зөвлөлд, хэвлэл мэдээллийн салбар болон үзэл бодол, үгээ хэлэх эрхийг ойлгохуйц туршлагатай хүмүүсээ сонгох байх. Бидний зүгээс, олон хүнээс сонгогдож, шигшигдсэн том зөвлөл бүрдэнэ гэж харж байгаа.

Зөвлөл, хэвлэн нийтлэгчийн гаргаж буй хэвлэн нийтэлсэн зүйл нь, хэн нэгэн улстөрчийн талаар илтэд худал мэдээлэл тарааж уу, эсвэл шүүмжлэхүйц түвшийнх үү гэдгийг ялгахуйц түвшинд ажиллана гэж ойлгож байгаа. Зөвлөл ажлын албатай байх ёстой. Хүмүүсээс ирж буй өргөдөл, гомдлыг онлайн болон бусад хэлбэрээ хүлээн авч барагдуулдаг, шийдвэрлэдэг үе шаттай томоохон зөвлөл байгуулахаар ярилцаж байна.

Бид Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын туршлагыг харсан.Тухайлбал, ХБНГУ-ын Хэвлэл мэдээллийн тухай хууль болон Европын хэд хэдэн орны хуулийг харьцуулж судалгаа, анализ хийсэн.

Жишээ нь, аль нэг телевиз зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй тохиолдолд, тэднийг ичээж, өөр телевиз нь уучлалт гуйж, залруулга хийдэг соёл Европын улсуудад байдаг. Энэ жишиг рүү дөхөх зорилго бий.

Саяхан, эх орныхоо 60 км газрыг Хятадын талд үнэ төлбөргүй өгсөн гэсэн худал ташаа мэдээллийг нэг пейж хуудас тараасан. Эзнийг нь цагдаагийн байгууллага хайж байгаа. Энэ бол эх орны хилийн халдашгүй тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдалд илтэд хортой мэдээлэл. Ийм зүйл дээр эрүүгийн хариуцлага үйлчилнэ.

Түүнээс биш сэтгүүлч, улстөрч Х.Нямбаатарын үйл ажиллагааг шүүмжлэх эрх нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хамгаалагдана.

Эцэст нь хэлэхэд, хэвлэл мэдээллийн байгууллага гэдэгт нүүр ном, жиргээ хэрэглэгч ч, тусдаа редакцитай байгууллагууд ч орно. Эдгээр байгууллагуудын гаргаж буй мэдээ мэдээллүүд нь илтэд худлаа, хортой мэдээлэл байгаа тохиолдолд, Хэвлэлийн зөвлөлийнхөө өмнө буруугаа хүлээгээд, залруулгаа хийж болно.

Ингээгүй тохиолдолд эрүүгийн механизм ажиллана. Хэвлэл мэдээллийн байгууллага гэсэн ангилалд хамаарахгүй, нэр хаяггүй хүмүүсийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх асуудал шууд яригдана. Товчхондоо, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолд халдсан хортой, худлаа мэдээлэл түгээвэл, хууль, шүүхийн механизм шууд ажиллана л гэсэн үг.