Б.Жаргалмаа: Уран бүтээлчдийн үгийг сонсож, өөрчлөлт хийх цаг нь болсон
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.10/ нэгдсэн хуралдаанаар “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Энэ бол Үндэсний олон нийтийн телевиз. Энэ телевиз бодлогоос авахуулаад, унаа, камер гээд бүх зүйл нь олон нийтийн хөрөнгө. Энэ олон нийтийн хөрөнгө, эзэмшил дээр олон нийт өөрсдөө хяналт тавих бүрэн боломжтой. Тэр ч утгаараа нөхцөл байдал ийм хэмжээнд хүрч байгаа байх гэж бодож байна. Өөрчлөлт шинэчлэлийг хүссэн олон нийтийн үзэл санааг бид хүндэтгэн үзэх ёстой.
МҮОНРТ гэдэг бол Монгол гэсэн үзэл баримтлал, Монгол гэсэн тамгыг тод томруун харуулах хамгийн том хэрэгсэл. Тэгэхээр энэ тамгыг тод харуулахын тулд бид өөрчлөлтийг хийх ёстой. Энд ажиллаж байгаа уран бүтээлчид, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсох ёстой. Өнөөдөр яагаад ийм нөхцөл байдал үүссэн бэ гэдгийг эргэж хараасай гэж хүсэж байна.
МҮОНРТ-д хөрөнгө байгаа юу гэвэл байгаа. Энэ хөрөнгөө өөр өнцөг, өөр бодлогоор шинэ менежментийг хийх багийг бид сонгох ёстой. Энэ зөвхөн захиралын баг байгаагүй, үндэсний зөвлөлийн баг байгаагүй. Энэ хамт олон ч гэсэн өөрчлөгдөх ёстой юм. Өчигдрөөс хойш миний утсанд байнга дуудлага ирж байна. Яагаад гэвэл би бас амьдралын гараагаа эндээс эхэлсэн. Тэгвэл бид энэ өөрчлөлтийг УИХ дээр шийдэх ёстой. Бид шинэ менежемент, менежерийг хайх ёстой.
Би яагаад дахин дахин үзэл баримтлалыг хэлээд байна гэхээр Монгол хүн болж төлөвших нь Монгол телевизээс эхтэй байдаг учраас энэ шинэчлэлийг хийгээсэй гэж хүсэж байна. Нэр дэвшиж орж ирж байгаа хүмүүсийг дэмжиж байна. Сургуулийг нь төгссөн доктор, профессор цолтой, хийж бүтээхийн чин сэтгэлтэй, уран бүтээлч залуучууд орж ирж байгаад би талархаж байна. Харин хамт олон нь хүлээж авахааргүй байгааг өөрсдөө бодоосой. Бид юу хийж чадах билээ гэдгийг бодоорой. Бид олон нийтийн үгийг сонсож байна. Тэр ч утгаараа олон нийтийгээ дэмжинэ гэдэг саналыг би телевизийн уран бүтээлч байсан хүний хувьд хэлмээр байна.