Тэрбумтнуудын байгуулсан өвөрмөц “бяцхан” улсууд
2011.09.14

Тэрбумтнуудын байгуулсан өвөрмөц “бяцхан” улсууд

 
“Paypal” төлбөрийн системийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Петер Тиль дундын эзэмшлийн далайн бүсэд “чөлөөт” суурин байгуулах төсөлд хөрөнгө оруулсаар байна. “Facebook”, “YouTube”, “LinkedIn” сүлжээний хамтран эзэмшигч тэрбээр 1,25 сая долларын анхны хөрөнгө оруулалтыг хэдийнэ хийжээ.

Энэ нь боломжгүй зүйлийг бүтээх гэсэн анхны оролдлого биш боловч ихээхэн амжилт олох ирээдүйтэй төсөл юм. Өмнө нь байгуулагдсан хэд хэдэн тусгаар тогтносон нутаг дэвсгэрүүд нь олон улсын эрхзүйн хүрээнд явуулсан туршилтын үр дүнд бий болжээ. Үүгээрээ Тилийн төслөөс ялгаатай. Түүнээс гадна, эдийн засгийн тооцоо огт хийгдээгүй бөгөөд харин төслийн хөрөнгө оруулалт нь албаны бичиг захидал болон марк гэх мэт улсын янз бүрийн тэмдэгтийн түвшинд л хийгдсэн байна. Ийм нутаг дэвсгэрийн жишээ бол Трэвис МакГенри гэгч Мэри Берд гэдэг нэртэй, хэнд ч харьяалагддаггүй газар нутгийг Антарктидаас олсныхоо дараа 2001 онд байгуулсан Герцогийн агуу нутаг Вестарктик юм.

 

МакГенри өөрийгөө шинэ тусгаар тогтносон улсын удирдагчаар өргөмжилж, Антарктидийн Гэрээнд оролцогч бүх улсад албан ёсны тунхаг бичиг илгээжээ. Вестарктикт удирдагчаас гадна хэд хэдэн зоос, марк байдаг байна. АНУ-ын Невада муж улсын нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Молосси гэдэг улс бий болжээ. Энэ улсыг өөртөө засан тохинох эрх олгох тухай НҮБ-ын Иргэний болон Улс төрийн Эрхзүйн Олон улсын Гэрээний дагуу 1977 онд үүсгэн байгуулсан байна.

Молосси улс нь Үндсэн хуультай, бас Үндэсний хуралтай боловч АНУ-ын зүгээс байнга “довтлох аюул” нүүрлэдэг учир үйлчилдэггүй ажээ. Иймээс тус улс Америкийн Пенсильвани болон Хойд Калифорнид нутаг дэвсгэрийн гомдол мэдүүлдэг байна.

 

Тэгвэл 1970 онд Леонард Жорж Кэслигийн үүсгэн байгуулсан Хатт голын вант улс ер бусын улсуудын дотор хамгийн томоохон нь юм. Энэ улс нь Австралийн Нортхэмтэн гэдэг жижигхэн хотоос холгүй 75 хавтгай дөрвөлжин км талбай бүхий газар нутгийг эзлэн оршдог байна. Тухайн үед улаан буудайн борлуулалтад квот тогтоож газар эзэмшигчдийг хавчих болсон нь ийм улс байгуулах шалтгаан болжээ. Кэсли шүүх хуралд ялагдсаныхаа дараа Британийн колони улс нь эзэнт улсаасаа салан тусгаарлаж болдог тухай хууль байдгийг олж мэдсэн байна.

 

Ийм замаар тус улс байгуулагдсан бөгөөд одоог хүртэл бусад вант улсууд түүнийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа ажээ. Гэхдээ Хаттын иргэншил авахын тулд тус улсын вэб-хуудсанд багахан төлбөр төлдөг бөгөөд одоогоор дэлхийн янз бүрийн улс орны 18 мянга орчим хүн хэдийнэ энэ улсын иргэн болжээ.

 

Хавьгүй алдартай болсон өөр нэгэн улс бол Копенгагений нутаг дэвсгэрт нэг хүрэхгүй хавтгай дөрвөлжин км талбай эзлэн оршдог Христиан гэдэг улс юм. Эрх чөлөөт Христиан хот 1971 онд цэргийн хуучин баазын суурин дээр “мэндэлжээ”. Эндхийн хуулиар сул үйлчилгээтэй мансууруулах бодис хэрэглэхийг зөвшөөрдөг гэнэ.

 

Гэхдээ орон нутгийн хуулиар автомашин унах, хулгай хийх, хүчтэй мансууруулах бодис хэрэглэх, галт зэвсэг болон сум нэвтэрдэггүй хантааз өмсөхийг хориглодог ажээ. Анархистуудын нийгэм одоог хүртэл хэвийн оршин тогтносоор байна. Хиймлээр байгуулсан газар нутагт бий болсон бас нэгэн улс бол IT- тэрбумтнуудын төсөлд хамгийн ойр нь юм. 1968 онд Италийн уран барилгачин, үл хөдлөх хөрөнгийн наймаачин Жоржо Роза гэгч Римини хотоос 14 км зайтай газар Адриатын тэнгист 400 ам метр бүхий талбайтай тавцан барьжээ.

 

Эхэндээ аялал жуулчлалын объект байгуулахаар тусгасан байсан боловч хожим нь уг тавцанг “Бүгд найрамдах Роза арал” гэж нэрлэн, тусгаар тогтнолоо зарлаж, өөрийн гэсэн валют гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн аж. Италийн эрх баригчид Роза улс санхүүгийн тогтворгүй байдал үүсгэж, бас нэгэн далайн татваргүй бүс бий болгож магадгүй гэдгээс болгоомжлон уг тавцанг устгажээ. Харин Роза одоо өөрийгөө “Хөөгдмөл Засгийн газар” гэж нэрлэдэг байна.

 

Одоо Их Британийн эргээс 10 км зайтай оршдог Силенд гэдэг вант улсын тухай өгүүлье. Энэ улсыг Дэлхийн хоёрдугаар дайнаас үлдсэн тэнгисийн цэргийн тавцан дээр байгуулжээ. Энэ тавцан улс нь 1967 онд тусгаар тогтнолоо зарласан байна. Улсын удирдагч нь Британийн армийн чөлөөнд гарсан хошууч Пэдд Рой Бэйтс ажээ. Силенд нь олон улсын усанд оршдог байна. Харин үл хөдлөх хөрөнгийн зах зээлд бэлжсэн Майкл Оливер мөнгөн тэтгэмж бүхий татваргүй нийгэм байгуулах сүүлийн оролдлогыг хийжээ. Тэрбээр Тонга болон Шинэ Зеландын дунд оршдог Минерва гэдэг усан доорх хадны орчим хиймэл арал байгуулах төсөлд хөрөнгө оруулсан байна.

 

Гэвч хөрш Тонга улс уг арал өөрийнх нь нутаг дэвсгэрт харьяалагддаг болохыг мэдэгдээд хөөн зайлуулах зорилгоор байлдааны ажиллагаа явуулжээ. Уг ажиллагааг Шинэ Зеланд болон Австрали улс битүүхэн дэмжиж байв. Петер Тилийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа арал бүтээх санаа нь “Google” компанид ажиллаж байсан Патри Фридманых юм. Түүний бодлоор, орчин үеийн ертөнцийн улс төрийн тогтолцоо нь хүний хөгжлөөс хоёр зуунаар хоцорч яваа бөгөөд бүх хуурай газар эзлэгдэн туршилт явуулах физикийн орон зай байхгүй болсноос улс төрийн тогтолцоо хөшчээ.

 

“Бидний төслийн үндсэн санаа нь ямар нэгэн зүйлийг хуулбарлан дуурайлгүйгээр хаа нэгтээ хэрэгжээд эхэлчихсэн хуулийн баримт болон ёс суртахууны хэм хэмжээг засварлан бүх зүйлийг шинээр эхлэх улс байгуулахад оршино. Манай арлын оршин суугчдад эрүүл мэндийн даатгал, цалин хөлсний аль аль нь байхгүй, гагцхүү эрх чөлөө л байх болно.

 

Хүмүүсийн дийлэнх нь бидний сэдсэн зүйлийг найдваргүй гэж бодож байгаа биз ээ, энэ нь ч сайн хэрэг, учир нь тэд бидэнд мөрөөдлөө биелүүлэхэд саад болохгүй” гэж Питер Тиль ярьжээ. Сонирхолтой нь, гол хөрөнгө оруулагч маань хувийн санхүүгийн төвөөсөө хэдий хэр ашиг олох бол?

 

Төслийн ажил 2012 онд эхлэх бөгөөд эхний шат нь 7 жилийн дараа дуусна. Далайн тавцангийн барилгын загвар нь орчин үеийн бөгөөд “хөдөлгөөнт” байх ажээ.

 

“Seasteading Institute” компанийн зохиосон анхны туршилтын хөвдөг тавцан нь өдөр шөнөгүй амьдарч болдог “ClubStead” гэдэг офисын цогцолбор юм. Мөн алсдаа тавцангийн талбайг 34 хавтгай дөрвөлжин км-ээр өргөтгөх болон дэлхийн өнцөг булан бүрт ийм объект барихаар төлөвлөж байгаа ажээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.