Гэр хороолол дундах авто замыг сайжруулж, ажлын байрыг дэмжиж, шинээр нэмэгдүүлэхийг иргэд хүсэж байна
2020.10.04

Гэр хороолол дундах авто замыг сайжруулж, ажлын байрыг дэмжиж, шинээр нэмэгдүүлэхийг иргэд хүсэж байна

НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Төгөлдөр, М.Говьсайхан нар тойрогтоо ажиллаж байна. Тэд өнөөдөр СХД-ийн 31, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрээр явж, иргэд сонгогчидтойгоо уулзаж, тус хороонд үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уг хороод нь 1 дүгээр хорооллоос хойш өгссөн гэр хороолол бөгөөд өгсүүр газар ихтэй тул авто замын бүтээн байгуулалт нэн тулгамдсан асуудал болжээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд автозамын бүтээн байгуулалтын СХД-т 350 гаруй тэрбум төгрөгөөр хийж, 25 км хатуу хучилттай автозам тавьжээ. Гэсэн ч 43 дугаар хорооны Алтайн хэсэг, төв замаасаа салж Чандмань төвийн баруун зүүн тийш салдаг шороон замыг хатуу хучилттай, эсвэл чулуун хучилттай болгох хүсэлтийг уулзсан иргэдийн дийлэнх нь хэлж байлаа.

Мөн 31 дүгээр хороонд гудамж хооронд автомашин явах боломжгүй, түргэн, гал, хогийн машин ч багтаж орох боломжгүй нөхцөл үүсчээ. Тухайн хэсэг гуу жалгатай учраас иргэд, хороо, хэсгээрээ шороо асгадаг ч бороо ороод эргээд л боломжгүй нөхцөл үүсдэг байна. Тиймээс энэ хэсэгт явган хүний зам барих шаардлагатай байгааг хэллээ.

Иргэд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлж байна. Нийслэл, дүүргийн түвшинд асуудлыг багаараа шийдэж, ажлаа хурдтай хийгээрэй. Хот, дүүрэг, хороогоо хөгжүүлж, иргэд бидний амьдрах орчинг аятай тухтай болгож өгөөрэй гэж захиж байлаа.

Нэр дэвшигчид тус хороодод байрлах хувиараа бизнес эрхлэгчдтэй уулзаж, үйл ажиллагаа, зовлон бэрхшээлийг нь сонслоо. Хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа иргэдийн хувьд НӨАТ-ын тухай хууль, НӨАТ-ын баримт олгож байгаатай холбоотой асуудлуудыг хөндөж байлаа. Хэдийгээр хууль батлан, өөрчлөх байгууллагад ажиллахгүй ч тойргоосоо сонгогдсон гишүүдэд асуудлыг уламжлан нэг багаар ажиллана гэдгээ нэр дэвшигч Г.Төгөлдөр онцлон хэллээ.

Түүнчлэн 43-р хорооны иргэн Х.Эрдэнэбат гуайнхаар зочиллоо. Тэрээр хуванцар сав, хаягдал уут зэргийг иргэдээс худалдан авах бизнес эрхэлж байсан ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ. Гэсэн ч тэрээр зүгээр суухгүй хуванцар саваараа амьдарч байгаа хашаагаа засч янзлаад, настай эгчийнхээ хамт ая тухтай амьдарч байна. Х.Эрдэнэбат төрөөсөө хоол нэхэж гараа хумхиж суухаар хуванцар сав авч, дахин боловсруулах үйлдвэрүүдэд өгч, өөртөө таарсан орлогоо олоод бусдад төвөг болохгүй амьдармаар байгаагаа хэлсэн юм.

Нэр дэвшигчид МАН-ын мөрийн хөтөлбөрт хог хаягдлыг ангилан ялгаж, цуглуулан тээвэрлэх цогц арга, технологийг нэвтрүүлж, хог шатааж эрчим хүч гаргах, дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих замаар төвлөрсөн цэгт дарж булагдах хог хаягдлыг бууруулах зорилт дэвшүүлснийг танилцуулаад, дахин боловсруулах үйлдвэрүүдтэй холбож өгөхөөр боллоо.

НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Төгөлдөр, М.Говьсайхан нар сонгуулийн сурталчилгааныхаа хугацаанд СХД-ийн 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31, 43, 7 дугаар хороонд очиж иргэдийнхээ амьдарч буй орчин нөхцөлтэй биечлэн танилцаж, иргэдтэй уулзахаар төлөвлөн ажиллаж байна.