Ц.Туваан: Сонгогчид ардчиллаас огт нүүр буруулаагүй, харин хүсч, ялалтын төлөө улайрч байна
Орон нутгийн сонгууль угтаж Ардчилсан намаас, Холбооны Герман улсын Корад Адэнуарын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа аймаг орон нутгийн АН-ын удирдах ажилтан, аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн бүсчилсэн зөвлөгөө сургалтын дөрөв дэх нь Дорноговь аймагт болж өндөрлөлөө.
Сургалт зөвлөгөөнд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Дорноговь, Төв, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр гээд найман аймгийн Ардчилсан намын дарга нар, аймгийн ИТХ-д нэр дэвшигчид оролцсон юм.
"Өөрөө бүтээх, сэргэн мандалт" нэртэй зөвлөгөөн сургалтыг нээж АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан "Өнөөдөр улс төрийн том хүчин АН-ын хамгийн гол анхаарах зүйл бол орон нутгийн сонгууль. Улс төрийн энэ арга хэмжээнд АН бүх шат, нэгжээрээ хариуцлагатай оролцох явдал болоод байна. Ийм ч учраас намын дотоод ажил болох АН-ын даргын сунгаа, ҮБХ-ны ротаци зэрэг ажлуудыг хойш тавин намын удирдах ажилтан, нэр дэвшигчдийн ийм зөвлөгөөн сургалтыг ч бүсчлэн зохион байгуулж байна. Энэ сургалт зөвлөгөөн АН энэ удаагийн орон нутгийн сонгуульд шинэ стратеги, шинэ арга барилаар оролцоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна" гэлээ.
Шинэ санаа өгсөн лекцүүд
Э.Долгион, Батсайхан, Ө.Ганзориг нарын лекторууд Орон нутгийн сонгуульд аймаг, сумын намын байгууллагууд, шат шатандаа нэр дэвшигчдийн анхаарах зүйл баримтлах бодлогын талаар лекц уншсан нь сонгуульд бэлтгэх болон сонгуулийн үеэр гардаг бэрхшээл, дутагдалтай тал, үүрэг хэрхэн эергээр шийдвэрлэж амжилтад хүрэх тухай байсанд орон нутгийнхан талархаж байв.
Дектор Э.Долгион "Бид хаана явна вэ. Монгол газрын дээр, дороо гурван их наяд ам.долларын баялагтай гэж Дэлхийн банк тооцсон байна. Дээр нь Монгол хүн залхуу биш хөдөлмөрч. Гадаадад очоод ажиллахаараа хамгийн ажилсаг, ажилчны тоонд ордог. Оюун ухааны түвшин буюу IQ-гаараа дэлхийд эхний тавд орж байна. Тэгээд яахаараа өнөөдөр ядуу амьдарч байна. Эндээс л бид бодит төсөөлөл гаргаж зорилгоо тодорхойлох ёстой гэсэн юм.
Лектор Батсайхан " Нийт сонгогчдын 35 хувь нь мөнгө хардаг, 20 хувь нь итгэл үнэмшлээрээ, ухамсартайгаар сонголт хийдэг. Бусад 456 хувь нь сэтгэл хөдлөлөөрөө сонголтоо хийдэг". Тэгэхээр сонгогчдын боловсролыг дээшлүүлэхийн чухлыг дурьдсан.
Орон нутаг дахь бэрхшээлийг хэрхэн шийдэх вэ.
Үүний дараа аймаг орон нутгийн төлөөлөгчдийг бүсчлэн хэсэг, хэсэг болгож орон нутаг бүрт сонгуулийн кампанит ажлын үеэр тохиодог бэрхшээл түүнийг даван туулах арга замыг талаар санал солилцох уулзалт, ярилцлага хийлээ.
Дорнод аймгийн төлөөлөгчид цэргийн албан хаачдын сонгуульд саналаа өгдөг талаар маш ноцтой баримт дурдсан. УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Сэргэлэн генаралд цэргийн албан хаагч олонхи нь буюу 610 нь саналаа өгч байхад ердөө 21 хүн АН-ын нэр дэвшигчийн санал өгсөн байдаг. Энэ бол цэргийн албан хаагчдыг дарга удирдлагууд нь "Энэ намаас нэр дэвшигчийн төлөө саналаа өг" гэсэн командаар санал өгүүлдгийг харуулж байна. Тэгэхээр тухайн орон нутагт ганцхан жил алба хаагаад халагдаад явах цэргийн албан хаагч нар Орон нутгийн сонгуульд санал өгөх нь зөв үү гэж асууж байлаа.
Орон нутгийн төлөөлөгчдийн онцлон ярьсан нэг зүйл бол МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн "Чөлөөт зах зээл гэж байхгүй, төрийн зохицуулалтай зах зээл л гэж бий" гэсэн үг байлаа. Нэг хэсэг нь ингэхээр одоо аж ахуйн нэгж гадаадын хөрөнгө оруулалт авах, зээл авахдаа Засгийн газраас зөвшөөрөл авч байх болж байна уу" гэцгээж байв.
"Дорноговь аймгийн төлөөлөгчид манай аймагт бол МАН-ын гол хөзөр нь бүтээн байгуулалт, хот тохижилт. Гэхдээ энэ нь ард түмэн, иргэдийн амьдралын түвшин, амьжиргаанд нөлөөлж байна уу гэхээр огт үгүй" гэж байна. Тус аймгийн Мандах сумын АН "Өөрчлөлт хийх үү, өөрчлөхгүй улираах уу" гэсэн уриатайгаар сонгуульд орох гэж байгаагаа ярьж байна.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ОРОН НУТАГТАА АЖИЛЛАЖ БАЙГАА УУЛ УУРХАЙН КОМПАНИУД, ХУВИЙН ХЭВШЛИЙНХНЭЭС МӨНГӨ ТӨГРӨГ АВЧ БАЙГУУЛСАН "ДОРНОГОВЬ ХӨГЖЛИЙН САН" -ГИЙН ТАЙЛАНГ ЭРХ БАРИГЧДААС ИЛ ТОД БОЛГОХЫГ ШААРДАЖ СОНГУУЛЬ УГТСАН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХААР ШИЙДЖЭЭ. ЧУХАМДАА ЭНЭ САНГААС АЙМГИЙН ХОЁР ДАРГА LAND-200 МАШИН АВААД УНАЧИХСАН ГЭЭД НҮДЭН ДЭЭР ИЛТ ХУУЛЬ БУС БАЙГАА АСУУДАЛ БАЙСААР АТАЛ НЭГ Ч УДАА ТАЙЛАН ТАВЬЖ, ЗАРЦУУЛАЛТАА ИЛ ТОД БОЛГООГҮЙ ГЭНЭ.
Говьсүмбэр аймгийн төлөөлөгчид сонгуулийн сурталчилгаа зогссон өдөр, санал хураах өдөр анхаарлаа сулруулахгүй байхыг чухалчилсан байна. Энэ өдөр нь МАН хамаг булхай луйвраа хийдэг гэж онцлов. Мөн сонгогчдын ирц бүрдэхгүй байх нь эрх баригчид МАН-ынхан царцаагаа ашиглах боломж олгодог. Иймд намын гишүүд, идэвхтэнүүдээ сонгуульд идэвхтэй оролцуулахад анхаарах хэрэгтэй байна гэдэг дээр санал нэгдэв.
Энэчлэн аймаг орон нутаг бүр өөр өөрийн бэрхшээл дутагдалтай талыг олж харж сонгуулийн кампанит ажилдаа зөв ашиглах тухайгаа ярьж, зөвшилцсөн.
Зөвлөгөөн сургалтад оролцсон аймаг орон нутгийн АН-ын дарга, аймгийн ИТХ-д нэр дэвшигчид энэ арга хэмжээ үнэхээр цагаа олсон, шинэлэг мэдээлэл олж авах, харилцан туршлага солилцох чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн олзуурхаж байлаа.
Дорноговь аймгийн АН-ын дарга үүрэг гүйцэтгэгч Б.Төмөрхуяг: Ардчилал бол зөвхөн та бидний , Монгол улсын өмч биш, үйл хэрэг, жишиг. Ийм болохоор энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН ялахгүй байх аргагүй. Манай аймагт АН, ШИНЭ намтай хамтран аймгийн ИТХ-ын 33 мандатад 33 хүн нэр дэвшүүлж байгаа. Нийт нэр дэвшигчдийн 70 хувь нь шинэ хүн, 25 хувь нь эмэгтэй байгаа юм. Бид орон нутгийн ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах гэсэн хүний төлөө чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр зорилт дэвшүүлэн орж байна.
Дорнод аймгийн АН-ын дарга У.Даш: Өнөөдрийн энэ сургалт зөвлөгөөн урьд урьдынхаасаа илүү үр дүнтэй, чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Дорнод аймгийн хувьд 20 жилийн турш МАН орон нутагт эрх барьсан. Манай аймгийн АН-ын 4500 гаруй гишүүд энэ удаагийн сонгуульд ялна гэдэгтээ итгэлтэй байгаа гэлээ.
Төв аймгийн АН-ын дарга Л.Төмөрчөдөр: Манай аймгийн хувьд 24 жилийн дараа төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д АН-ын төлөөлөлөө сонгож чадсан. Үүндээ урамшсан манай намын гишүүд, дэмжигчид орон нутгийн сонгуульд ялна гэсэн итгэл үнэмшилтэйгээр орж байгаа.
Дундговь аймгийн АН-ын дарга Ц.Мөнхбат: Энэ жил Дундговь аймгийн хувьд бусад намтай эвсч сонгуульд орж байгаагаараа онцлог. Өмнө нь манай нам орон нутгийн сонгуульд хоёр удаа ялж байсан амжилтаа баталгаажуулна.
Энэ зөвлөгөөн, сургалтын дараагаар аймаг бүрийн АН орон нутагтаа очоод аймаг, сумын ИТХ-д нэр дэвшигчдээ хамруулан, сум бүрээр бүсчилсэн сургалт зөвлөгөөн хийж, тухайн сум орон нутагт шийдвэрлэх ажил, дэвшүүлэх зорилт, бодлогоо тодорхойлон нэр дэвшигчдээ мэдээлэл өгөх юм байна.