Өглөөний алхалтаар иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалтаа эхлүүллээ
2020.10.01

Өглөөний алхалтаар иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалтаа эхлүүллээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа өчигдрөөс /2020.09.30/ албан ёсоор эхэлсэн. МАН-аас нэр дэвшигчид иргэд сонгогчидтойгоо уулзаж, энэ удаагийн сонгуульд МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр болох “Хөгжлийн хөтөлбөр”, уг хөтөлбөрийн хүрээнд өөрийн нэр дэвшиж буй тойрогтоо хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж байна.

НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу СХД-ийн 7, 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31, 43-р хорооноос МАН-аас нэр дэвшигч Г.Төгөлдөр, М.Говьсайхан нар УИХ-ын гишүүн Н.Учралын хамт “Өглөөний алхалт” хийж, тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзлаа.

Өглөөний 07 цаг бол Улаанбаатар хот, нийслэлийн иргэдийн ажил амьдрал ид эхэлж, хичээл, сургууль, ажил албандаа явдаг хөл хөдөлгөөн ихтэй цагийг сонгосон бөгөөд өглөөний сэргэг үед нь иргэдийнхээ санал бодлыг сонссон юм.

Өмнө нь нийслэлчүүд төдийгүй хөдөө орон нутагт ч нутгийн өөрөө удирдах байгууллагад иргэн бүрийг төлөөлж, төрийн үйлчилгээ, шийдвэр гаргах анхан шатны нэгжид ажиллах Иргэдийн хурлын төлөөлөгчөө сонгох сонгуульд тийм ч анхааралтай ханддаг байсангүй. Нэр дэвшигчид нь ч хязгаарлагдмал хүрээнд сурталчилгаагаа хийдэг байлаа. Харин энэ удаад төр, засгийн зүгээс гаргаж буй шийдвэр, тогтоомжийг иргэдийн бодит амьдралд хүргэх иргэн таныг төлөөлж ажиллах төлөөлөгчдөө сонгохдоо хариуцлагатай хандах цаг болсон. Учир нь дүүрэг, нийслэлийн өмнө тулгамдаж байгаа агаарын бохирдол, замын түгжрэл, хороо, гудамж, орон сууцны засвар гэх мэт иргэн таны хаалгаараа гараад л мэдрэх бэрхшээлүүдийг эдгээр хүмүүс багаараа хариуцлагатай ажиллаж байж шийдэх юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал, нэр дэвшигч Г.Төгөлдөр, М.Говьсайхан нар “Өглөөний алхалт”-аа Саппоро орчмоос эхэлсэн бөгөөд автобусны буудал дээр нийтийн тээвэр хүлээж буй иргэд, Эмийн сангийн үүдэнд хөнгөлөлттэй эмээ авахаар зогсож буй ахмадууд, үүдээ нээж буй дэлгүүр, үйлчилгээний төвийн ажилтан, бизнес эрхлэгчидтэйгээ уулзан нийслэлийн хөгжил, нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг, хүртээмжтэй болгох, 11 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх эрүүл мэндийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хууль, сургууль цэцэрлэгийн хүртээмж зэргийг ярилцан, “Хөгжлийн хөтөлбөр” мөрийн хөтөлбөрт тусгагдсан шийдлүүдийг танилцуулж, Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийг уриаллаа.

Тойргоосоо итгэл үзүүлэн сонгосон УИХ-ын гишүүнтэйгээ, дүүрэг нийслэлийн удирдлагуудтай багаараа хамтран ажиллаж, СХД, Нийслэл хотоо шинэ өнгө төрхөөр хөгжүүлээрэй хэмээн уулзсан иргэд нэр дэвшигчиддээ зөвлөж байлаа.