Сонгинохайрханчууд МАН-аас нэр дэвшигчдэд бүтэн итгэж, бүрэн хариуцлага хүлээлгэнэ
2020.10.04

Сонгинохайрханчууд МАН-аас нэр дэвшигчдэд бүтэн итгэж, бүрэн хариуцлага хүлээлгэнэ

НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Төгөлдөр, М.Говьсайхан нарын иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалт үргэлжилж байна. Өнөөдөр СХД-ийн 30, 31, 43 дугаар хорооны 250 гаруй иргэнтэй уулзсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал, ДИТХ-ын сонгуульд 30, 31, 43 дугаар хороонд нэр дэвшигч Ч.Гантулга, Г.Бадамцэцэг, Д.Идэрзаяа нар оролцож дүүрэг, хороондоо иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлаа ярилцан, мөрийн хөтөлбөрт тусгагдсан хэрэгжүүлэх ажил, бүтээн байгуулалтыг өөрийн дүүрэг хороондоо хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцсан юм.

СХД-ийн 30, 31, 43 дугаар хороо нь Өнөр бүс буюу 1 дүгээр хорооллын хойд хэсгийн гэр хороолол бөгөөд эрчим хүч, авто зам, гэрэлтүүлэг, усан хангамж, ариун цэврийн байгууламж гэх мэт олон бэрхшээлтэй асуудлууд иргэдийн өмнө тулгамдаж байдаг. Уулзалтад оролцсон иргэд ч эдгээр асуудлыг ярьж байлаа. НИТХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлж буй хөгжлийн хөтөлбөрт СХД-ийн хэмжээнд хийгдэх ажлуудын зорилтын хүрээнд гэр хорооллын өрхийг цахилгаан, эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбож, дулааныг төвлөрсөн болон хэсэгчилсэн байдлаар шийднэ. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ гэж тусгаад байна. Эдгээр зорилтыг ажил хэрэг болгон, ирэх 4 жилийн хугацаанд Нийслэл, дүүрэг хороонд нэр дэвшигчид, УИХ-ын гишүүдтэйгээ нэг баг болон ажиллаж, үйл хэрэг болгоно гэдгээ илэрхийллээ.

Тухайлбал, 30 дугаар хороонд өндөр хүчдэл дагасан замын бүтээн байгуулалт, хашаа хооронд чулуун зам, төвлөрсөн дулаан шугам татахаар мөрийн хөтөлбөрт тусгагдсан бол 31 дүгээр хороонд зөөврийн усан сан байгуулах, 320 хүүхдийн цэцэрлэг барих хөрөнгө оруулалтыг 2021 оны төсөвт тусгуулаад байна. Мөн 43 дугаар хороо нь дүүргийн хэмжээнд хорооны цогцолбор барилгагүй цөөхөн хороодын нэг бөгөөд цогцолборыг барих, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг мөн барихаар төлөвлөн, газрын асуудлыг шийдэхээр ярилцаж байгаа юм. Мөн дүүргийн хэмжээнд хороо бүрт 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар усан сан байгуулах зорилт дэвшүүлэн, 2021 оны төсөвт эхний 300 сая төгрөгийн санхүүжилтийг тусгуулахаар болжээ.

Нэр дэвшигч Г.Төгөлдөр, М.Говьсайхан нарын иргэдтэй хийх уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ, “Нийслэл, дүүрэг хорооны ажил бол улс төржиж, нам хөөдөг, ажлыг гацааж удаадаг, хөрөнгө оруулалтыг тасалж, зогсоодог зүйл биш. СХД-ээс УИХ-д сонгогдсон 5 гишүүн батлагдах хууль, бодлогын хүрээнд дүүрэг, нийслэлийнхээ хөгжлийг дэмжин ажиллах бөгөөд үүнийг иргэн таны амьдрал, орчин тойронд тань бодит ажил болгон хүргэх гар, хөл маань НИТХ, ДИТХ-д нэр дэвшиж буй эдгээр хүмүүс юм шүү. Намайг дүүргийнхээ хөгжлийн төлөө үр дүнтэй ажиллаж чадах гар хөлтэй болгож, МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй.” гэлээ.

Уулзалтад ирсэн иргэдийн зүгээс нэр дэвшигчдийг зангидсан гар шиг эрч хүчтэй залуу хүмүүс байгаад талархалтай байгаагаа хэлж, дарга сэтэр зүүхгүй, зөөлөн чихтэй байж, иргэдтэйгээ ойр ажиллаж, дүүрэг хорооныхоо орчин нөхцөлтэй байнга танилцаж яваарай хэмээн захилаа.

Түүнчлэн НИТХ-д олонхийн саналаар багаар ажиллаж байж ажил хийгддэг учраас. Г.Төгөлдөр шиг тойргоо тодорхой сайн мэддэг, ажлыг бүрэн гүйцэтгэлтэй хийж чадах, М.Говьсайхан шиг ИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай, шийдэл, арга замыг тодорхойлж чаддаг хүмүүст Сонгинохайрханчууд бүтэн итгэж, бүрэн хариуцлага хүлээлгэх ёстой гэж уриалж байлаа.