Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа
2020.08.31

Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Улсын Их Хуралд Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдсан талаар болон тус бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, С.Амарсайхан, П.Анужин, Ё.Баатарбилэг, Э.Бат-Амгалан, Б.Бейсен, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин нарын гишүүд Монгол Улсын иргэний амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хангахын төлөө санал нэгтэй ажиллах эрхэм зорилгын дор нэгдэн лобби бүлгийг байгуулжээ.

Лобби бүлгийн гишүүд хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ, төрийн бодлого, холбогдох хууль тогтоомжийг санаачлан батлахын төлөө Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран идэвхтэй ажиллаж байна гээд эрүүл мэндийн салбарт шийдэл хүлээсэн асуудал, бэрхшээлийг уг сууриар нь арилгаж, иргэддээ тэгш хүртээмжтэй, чанартай, үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчныг цогцоор нь шийдвэрлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Тус лобби бүлэг 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд эрүүл мэндийн салбарын санхүүжилтын тогтолцоог боловсронгуй, үр өгөөжтэй болгож, эмнэлгийг бие даасан байлгах, эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн орчныг бүрдүүлэх, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр ашиг, өгөөж далайцыг өсгөн нэмж, элэгний “Д” вирусын улмаас өвдөн шаналж буй 100.000 гаруй иргэнээ эмчлэгдэх боломжоор хангах, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэх, нийгмийн эрүүл мэндийн салбарын “шүдний өвчин” болтлоо ужгирсан архидалт, мансуурлын эсрэг бодлого боловсруулж ажиллах, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, өмчлөлийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын болон иргэдийн санал хүсэлтийг төрийн бодлогод бодитой тусгах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг үндсэн чиглэлээр ажиллана гэлээ.