Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигчид Зүүнбүрэн сумын иргэд сонгогчидтой уулзлаа
УИХ-ын 13 тойрог Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Жаргалтулгын Эрдэнэбат, Чинбатын Ундрам, Дамдинсүрэнгийн Өнөрболор нар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэд сонгогчидтой уулзалт хийж байна. Мөн сумын иргэдийн санал сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ иргэдийн тодруулсан асуултад хариулж байна.
Зүүнбүрэн сум нь Жаргалант, Бэлчир, Мангирт гэсэн гурван багтай, нийт 120 949 га талбай нутаг дэвсгэртэй, газар тариалан, мал аж ахуй зонхилсон сум бөгөөд 800 гаруй өрхийн 2800 гаруй иргэнтэй юм.
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат:
-2016 оны сонгуулиар бид олонх болж, намынхаа журмын нөхдийн дэмжлэгтэйгээр миний бие Монгол улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдсон. Миний томилогдсон гол шалтгаан бол үндсэндээ энэ улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн учраас энэ хүндрэлийг авч гарах үүргийг оногдуулсан юм.
Монгол улсын эдийн засаг ухаангүй, сэхээний тасагт дусал залгуулаад хэвтэж байгаа өвчтөнтэй адил болжээ гэж би та бүхэндээ хэлж байсан. Ийм нөхцөл байдалтай бид тулгарсан учир, бүх сайд нараа маш хариуцлагатай ажиллахыг шаардсан. Тэд маань ч маш сайн ажилласны үр дүнд бид чамлахааргүй үр дүнг үзүүлж чадсан. Намайг ажлаа авахад -1.2 хувийн бууралттай байсан эдийн засгийг ажлаа хүлээлгэж өгөхдөө +5.3 хувийн өсөлттэй эдийн засаг болгосон.
Манай нам “2050 хөгжлийн хөтөлбөр” боловсруулсан бөгөөд өмнөх бүх Засгийн газруудын хийж байсан мөрийн хөтөлбөрийг нийлүүлэн нэг томоохон хөтөлбөр болгон гаргаж чадсан. Цаашдаа, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хэрэгжүүлж буй ажлуудын үр дүнг үзэх нь юу юунаас илүү Монгол улсад ус агаар мэт хэрэгтэй байна. Үр дүнгийн үзээгүй тохиолдолд дараагийн шинэ Засаг гараад дахиад шинэ юм сэдэж эхлүүлэх магадлалтай юм.
Өнөөдөр ардчилсан зах зээл эхэлснээс хойш Монгол улсын ерөнхий сайдуудын ажилласан хугацааг тооцвол нэг Ерөнхий сайд дунджаар 1,4 жил л ажилласан байна. Энэ нь тогтворгүй төрийн балаг тогтворгүй хөгжлийг бий болгож байдаг. Тэгэхээр цаашдаа төр засгийг тогтвортой байлгах, хийж чадаж байгаа хүмүүсийг дэмжих бодлогыг ард иргэд сонгогчид маань биелүүлж өгөөч ээ гэж хүсмээр байна.
МУИС-ийн дэд захирал, доктор Чинбатын Ундрам:
-МАН-ын мөрийн хөтөлбөрт иргэд, сонгогчдод тустай маш олон зүйл заалт туссан. Залуучууд болон оюутнууд, хүүхдүүд, ахмад, эмэгтэйчүүд, мөн түүнчлэн макро, микро эдийн засгийн асуудлууд, тогтвортой засаглал, шударга ёс гээд бүх асуудал цогцоор тусаж чадсан.
Мөн, МАН 99 жилийн түүхтэй нам ч гэсэн цус сэлбэж залуучууддаа боломж олгож байгаа гэдгээ энэ 76 нэр дэвшигчээрээ харуулж байна. Ахмад, идэр, мөн залуу үеийн төлөөлөл хамтран аливаа ажлыг хийвэл үр дүн их сайтай болдог гэж би боддог. Ахмадууд нь зөв чиглүүлэн, харин залуучууд нь зоригтой, эрчтэй, хурдтай хийдэг. Иймээс манай намаас манай баг хамт олныг илгээсэн байна.
Ерөнхий сайдын зөвлөх Дамдинсүрэнгийн Өнөрболор:
-Сэлэнгэ нутгаа таван бүсэд хуваагаад хөгжүүлэх боломж байна. Өнөөдөр бид хэдий болтол 500 төгрөг ч хүрэхгүй ноос нэхийгээ хаягдал болгон хаях вэ. Өнөөдөр бид 200 төгрөгөөр тарьсан тариалан ногоогоо 200 ч хүрэхгүй төгрөгөөр зараад яах юм бэ. Сэлэнгэчүүд бид хөдөлмөр гэдэг зүйлийг, хөдөлмөрийн үр шим гэдэг зүйлийг дэндүү сайн мэддэг ард түмэн энэ ур чадвараа дэлхийн чиг хандлага болон үндэсний хэмжээний бодлоготой уялдуулах л асуудал байна. Энэ чиг баримжаа манлайлал дээр миний бие хүчин чармайж, хөтөлбөрийг хөрсөн дээр бууж хэрэгжих тал дээр ажиллахаа илэрхийлж байна.