УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.13\ хуралдаанаар, УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө.
ҮХЦ-ийн дүгнэлтийг Б.Буяндэлгэр таницууллаа.
ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулав.
ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа.
Дээрх маргааныг хянан хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан тавдугаар сарын 13-ны өдөр болсон бөгөөд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Я.Содбаатар оролцсон юм.
Иргэнээс 2014 онд УИХ-аас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн эсэхийг хянуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, "Цэцийн дүгнэлт гарснаар, Монгол Улсын "Нэг улс- нэг цариг" гэсэн бодлого хэрэгжих юм байна. Өнгөрсөн хугацаанд төмөр замын царигийн асуудлаар улс төржиж, талцсан. Эцсийн дүнд 10 жилийн дараа Төрөөс баримтлах төмөр замын тээврийн бодлого хэрэгжиж байгаад баяртай байна. Төмөр замын бүтээн байгуулалт, Тавантолгойгоос Зүүнбаян руу явж байна. Цаашдаа Зүүнбаянгаас Сүхбаатар аймаг, Чойбалсан хүртэл барина. Ер нь УИХ-аас төмөр замын салбарт анхаарч ажиллаж байгаа. Аливаа ажил, үйлчилгээ нь нууцын зэрэглэлтэй гэсэн нэрээр явж байгаа ч үүний цаана шударга ажиллах хэрэгтэй гэдгийг төмөр замынхан болон батлан хамгаалахынханд захиж хэлмээр байна. Говийн хүнд нөхцөлд төмөр зам тавьж байгаа ч чанартай, олон жилийн дараа эвдэрч сүйдэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Анх удаа Монгол Улс өөрөө өргөн, урт төмөр замыг Зэвсэгт хүчний хүчээр дотоодын боломжоор тавьж байгаа" хэмээн онцолж, ажилд нь амжилт хүслээ.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж энэ талаарх тогтоол батлагдлаа.