Д.Оюунхорол: Цар тахлын эсрэг ажиллаж байгаа албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцаар хангана
2020.05.08

Д.Оюунхорол: Цар тахлын эсрэг ажиллаж байгаа албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцаар хангана

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өчигдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “Цаг үе үзэл бодол” нэвтрүүлэгт оролцлоо. Ярилцлагын онцлох хэсгийг тоймлон хүргэж байна.

-Коронавирус цар тахлын үед иргэдийн амьдрал хүнд, хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалтай байгааг та чуулганы хуралдаанд хэлж байсан. Энэ чиглэлээр "Ковид 19" цар тахалтай тэмцэх хуульд ямар зүйл заалт орсон бэ?

-Дэлхий нийтийг цөхрүүлж байгаа коронавирус цар тахлын тархалт өдөр бүхэн нэмэгдэж байгааг тоо статистик харуулж байна. Цар тахал дэлхийн олон улс орныг сөхрүүлж байна. Цар тахлын эсрэг вакцин эм, бэлдмэл гараагүй байгаа учраас хаана очиж, хэзээ зогсохыг хэн ч хэлж мэдэхгүй. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын эсрэг маш сайн ажилласан. Онц байдлын дэглэмээ эрт тогтоож чадсанаараа Монгол Улс дотооддоо цар тахлыг тараасангүй.

Өнөөдрийн байдлаар 41 тохиолдолтой байна. Эдгэрээд гарч байгаа иргэдийн тоо нэмэгдэж, өнөөдөр 28 хүн эмчлүүлж байна. Нөгөө талаас манай ард түмэн эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байж чадсан. Хорио цээрийн үед хүн бүхэн маскаа зүүж хэвшлээ. Цаашдаа коронавирусийн хөл хорио тавдугаар сарын 31 хүртэл үргэлжлүүлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан. Гаднын улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй маш олон иргэн байна. Тодорхой үе шаттайгаар иргэдээ татан авах ажлыг Засгийн газар сайн зохион байгуулж байгаа. 

Ковид 19 цар тахлын эсрэг нэг удаа хэрэгжих хуулийг УИХ батлан гаргасан. Энэ хуулиар цар тахлын хамгаалалтыг хийх, хорио цээр тогтоох, урьдчилан сэргийлэх, хариуцлагын асуудлыг тодорхой болгож өгсөн. Дэлхийн бүх улс оронд эдийн засгийн асуудал үүсч байна. Иргэдийн амьжиргаа, орлогогүй байдал, ажилгүйдэл гээд олон сөрөг үр дагавар бий болж байна. Нөгөө талаас гэр бүлийн хүчирхийлэл, салалт гээд олон асуудал давхар үүсч байгаа. Тиймээс энэ олон асуудлыг зэрэг шийдвэрлэх тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзэж Ковид 19-ийн хуульд тодорхой  зохицуулалтуудыг оруулсан.

Мөн УИХ эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоол баталсан. Засгийн газар тодорхой арга хэмжээ авч орлого багатай иргэд, өрх толгойлсон ээж, аав нарт зориулсан  шийдвэр гаргасан нь маш чухал. 0-18 насны хүүхдүүдэд зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг өгөхөөр болсон. Хүнсний талон авдаг эмзэг бүлгийн иргэдэд өгдөг мөнгийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Том хүнд 32, хүүхдэд 16 мянган төгрөг олгоно. Халамжийн тэтгэвэр авч байгаа 188 мянган хүний тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмж байгаа. Өнчин хүүхдэд олгож байгаа тэтгэмжийн хэмжээг ч мөн 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байна гэсэн үг. Энэ бол амьжиргаагаа авч яваа өрх гэрийн зардлыг хуваалцаж байгаа Засгийн газрын хамгийн том шийдвэр. 

-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос нийгмийн халамж шаардлагатай хүмүүс байна гэдэг саналыг хэлж байсан. Энэ ч утгаараа нийгмийн халамж шаардлагатай иргэд рүү чиглэсэн шийдвэрүүдийг Засгийн газраас гаргалаа?

-Хуулийг хэлэлцэж байх үед бидний гаргасан хамгийн бодитой санал бол энэ байсан. Эмзэг бүлгийн өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүд амьжиргаагаа авч явахад хүнд болж байна. Өнөөдрийн байдлаар 46 мянган иргэн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулахад хүнд болж байна гэсэн судалгаа гарсан. Дэлхийн олон улс оронд эдийн засгийн хувьд маш их хүндрэлүүд бий болж байна. Монгол Улс зөвхөн нүүрсээ гаргаж орлого олдог. Монголын ард түмэн үнэхээр ухаантай ард түмэн.

Аливаа асуудлыг эвлэж нийлж, зөвшилцөлд хүрч чадвал бид ямар ч ажилтанд хүрч чаддаг гэдгийг дэлхийн өндөр хөгжилтэй олон улс орны өмнө харуулж чадаж байна. Монгол гэдэг улс орныг дэлхийд таниулах нэг том брэндийг бий болгож чадаж байна. Монгол малын махыг идэж үзэх юмсан, Монголын газар шороон дээр гишгэж үзэх, Монголд ирж үзэх юмсан гэсэн хандлага маш их байгаа судалгаа хүртэл гарсан байналээ. Энэ бол бидний омогших том зүйл. Нөгөө талаас манай ард түмэн маш хариуцлагатай юм байна.

Үнэхээр нийтийн эрх ашиг, нийгмийнхээ сайн сайхны төлөө маш хариуцлагатай байж чаддаг юм байна. Энэ ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаа төрийн байгууллагынхан, эрүүл мэндийн салбар, тусгай чиг үүрэгтэй ажиллаж байгаа албан хаагчдыг дэмжих, талархах ёстой. Тэдний тодорхой нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн саналыг Ковид 19-ийн хуулийг хэлэлцэж байх үед гаргасан. Галын шугаман дээр ажиллаж байгаа энэ хүмүүсийг дэмжиж туслах ёстой. Тиймээс түрээсийн байранд оруулаад ипотекийн зээлд хамруулан өмчлөх эрхтэйгээр олгох асуудлыг хуульд тусгасан. Өнөөдөр галын шугаман дээр ажиллаж байгаа төрийн албан хаагчдад Улаанбаатар хотод баригдсан борлуулалтгүй байгаа олон орон сууцыг түрээслээд, эзэмшүүлэх хуулийг баталсан. Засгийн газар, УИХ баг болж маш хурдтайгаар энэ хуулийг баталж чадсан.  

-Монгол Улсын гэр бүлийн хөгжлийн бодлого гэж ямар байх ёстой вэ?

-Гэр бүлийн хөгжил бол Монголын хөгжил гэж гарах ёстой. Монгол гэр бүлийн төлөвшил бол Монгол төрийн нэг номерын бодлого байх ёстой. Өнөөдөр гэр бүлийн дархлаа суларсан, гэр бүлийн салалт маш их байгаа. Шүүхээр орж гэр бүл салгаж байгаа хүмүүсийн тоо жилийн жилд нэмэгдэх хандлагатай болсон. Хүүхдээ тэжээх үүргээсээ татгалзаж, мөнгөө төлдөггүй аав нарын  тоо их болж байна. Гэр бүлийн гишүүн бүхэн гэр бүлийн хариуцлагаа ухамсарлахгүй байна гэсэн үг. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг УИХ хэлэлцэж байна. Гэр бүлийн гишүүн бүхэн хариуцлагатай байх ёстой.

Гэр бүлийн гишүүн хариуцлага алдах, хүүхдээ тэжээх үүргээсээ татгалзвал хүлээлгэх хариуцлагыг маш чангаруулах ёстой. Хүүхдийн тэтгэмжийн мөнгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 20 хувиар, олон хүүхэдтэй бол 40 хувиар тогтоож байгаа нь хүүхдийг тэжээх ямар ч боломжгүй. Амьдралын өртөг, худалдан авах чадвар яаж өөрчлөгдөж байгааг бид мэдэж байгаа. Өрх толгойлсон ээжүүдтэй уулзахад салаад явсан эцгээс нь хүүхдийн мөнгөн тэтгэлээ авч чадахгүй, гэр бүлийн дундын хөрөнгөөс өмч хөрөнгөө авч чадахгүй байна. Үүнийг Гэр бүлийн тухай хуульд суулгаж өгөх саналыг тавьсан.

Хуулийн гол үзэл баримтлал бол гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг сайжруулаад, дундын өмчлөлөөр бий болсон хөрөнгийг гэр бүлийн гишүүн бүхэнд олгох юм. Гэр бүл саллаа гэхэд хүүхдэд өмч хөрөнгө очдоггүй байсан. Тэгэхээр үүнийг Гэр бүлийн хуулиар шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Ингэснээр гэр бүл салалт багасна. Хүн өмчтэйгээ хүйн холбоотой байна. Хэрвээ чи гэр бүлээсээ салаад явбал өмчийн чинь 75 хувь үр хүүхэд, гэр бүлийн хүнд нь үлдэнэ гэдгийг хуулиар тогтооно. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаад салаад явахаараа хамаг өмч хөрөнгөө аваад эхнэр, хүүхдэдээ юу ч үлдээхгүй аваад явч байгаа тохиолдол маш их байгаа.

Нөгөө талаараа эмэгтэйчүүд ч гэсэн гэр бүлдээ маш хариуцлагагүй ханддаг. Гэр бүлийн салалтыг зөвхөн нэг талаасаа бус хоёр талаасаа харах ёстой. Эмэгтэй хүүхдээ хүнтэй суухаас өмнө гэрийн эзэгтэй, ээж байна гэдэг ямар их үүрэг хариуцлага байдаг вэ гэдгийг ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх ёстой. Эрэгтэй хүүхдэд эхнэр хүүхэдтэй болсноор ямар том үүрэг хариуцлага нуруун дээр чинь ирэх вэ гэдгийг ойлгуулдаг байх хэрэгтэй. Манай гэр бүлийн хуулийн хариуцлагын тогтолцоо сул байгаа учраас гэр бүлийн салалт, төлөвлөлт нэлээд хариуцлагагүй болсон. Өнөөгийн гэр бүлийн хэв маяг маш их өөрчлөгдсөн. Энэ бүхнийг зохицуулах хуультай болно.

-Энэ парламентын хийсэн хамгийн чухал ажлын нэг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Гол гол өөрчлөлтүүд нь юу байв?

-Манайд засаглалын эрх мэдлийн тэнцвэр алдагдсан байсан. УИХ-ын 76 гишүүн 76 Ерөнхий сайд шиг ажиллаж байсан. УИХ Засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх асуудалд оролцдог учраас манай засаглал тогтворгүй, Засгийн газар 1.2 жилийн настай 27 жилийн турш явлаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлж чадсан. УИХ-ын эрх мэдлийг нэлээд хязгаарласан. УИХ хууль тогтоох байгууллагын ажлаа хийх, гишүүд нь хариуцлагатай байх, хууль зөрчвөл эргүүлэн татдаг байя гэдгийг энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийж чадсан.

УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод чуулганы хуралдаандаа дөрвөн жил суухгүй байгаа УИХ-ын гишүүнээс болж тухайн тойргийн ард түмний эрх ашиг хохирч байна. Хариуцлагагүй байгаа хүмүүсээ эргүүлэн татах эрхийг тухайн тойргийн ард иргэдэд олгосон. Энэ бол том шийдвэр байсан. Үүнтэй холбоотойгоор Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын гишүүдийн хариуцлага сайжирна. УИХ хууль тогтоох байгууллагынхаа ажилд орох шаардлагатай. Зарим Их хурлын гишүүн сум, баг, дүүргийн Засаг даргын ажлыг хийгээд явчихдаг. Шууд Засгийн газрын ажил руу ордог. Холилдож, хутгалдаж байсан ажлыг салгана.

Мөн Ерөнхий сайд, Засгийн газрын эрх мэдлийг сайн өргөжүүлж өгсөн. Ингэснээр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өрөө томилж, хариуцлага тооцож, өөрөө чөлөөлнө. УИХ нэг том эрхээсээ татгалзсан нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хийх. Энэ бол олон жил ярьсан ард түмний шүүмжлэл байсан. Засгийн газар “давхар дээл”-ээ 80 хувь тайлсан. УИХ-ын дөрвөн гишүүн “давхар дээл”-тэй байж болно. Бусад нь гаднаас томилогдоно. Ингэснээр мэргэжлийн хүмүүсийг Засгийн газарт орж ажиллуулах боломж бүрдсэн.

-Та Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойргоос сонгогдож гарч ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар гол ажлуудыг  тйорогтоо хийсэн бэ?

-Би УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдож ажиллаж байгаа. Завхан аймгаас гурван удаа сонгогдсон. Намайг улстөрч болгосон ард түмэн бол Завханчууд. Манай Завханы сонгогчдод саналаа мөнгөөр худалдаагүй. Би олон сонгуульд дандаа мөнгөтэй хүмүүстэй өрсөлдөж байсан. Гэхдээ манай Завханы ард түмэн төрд ажиллах итгэл найдварыг надад өгч байсанд баярладаг. Анх удаа Улаанбаатар хотоос сонгогдлоо. Манай Баянзүрх дүүрэг 370 гаруй мянган хүн амтай. Улаанбаатар хотод маш их асуудал байдаг. Энэ нь төсвийн хөрөнгө мөнгөний хуваарилалт, эрх мэдлийн хуваарилалт алдагдсантай холбоотой. Тэр тусмаа Баянзүрх дүүргийн захын гэр хорооллууд төрийн бодлогын гадна хаягддаг байсан. Тэнд бараг нэг сумын бодлогоос дор бодлого хэрэгжиж байсан. Нэг дүүрэг 370 гаруй мянган хүн амтай.

Нэг хороонд 20-30 мянган хүн амьдарч байна. Гэтэл суманд 3000-5000, дээд тал нь 10 мянган хүн амьдарч байна. Тэнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд төрийн үйлчилгээний бүх байгууллага байдаг. Гэтэл Улаанбаатар хотод нэлээд хомстолтой байсан. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн хуваарилалт, эрх зүйн байдлын талаар тодорхой санал гаргаж Баянзүрх дүүргийг 170 мянган хүн амтай хоёр дүүрэг болгох өөрчлөлт оруулж чадсан. Ингэснээр төрийн үйлчилгээ ард түмэнд ойртож очно.

Нөгөө талаас хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлт, төрийн үйлчилгээг нэг иргэнд хэдэн төгрөгөөр хүргэх вэ гэдэг асуудлыг хуульчилж өгөх ёстой болж байна. Төрийн үйлчилгээ авахад нэг иргэнд хэдэн төгрөг оногдох ёстой гэдгийг тооцоолж байж санхүүжилтийн механизмыг бий болгох шаардлагатай. Баянзүрх дүүрэг өнөөдрийг хүртэл Засаг даргынхаа асуудлыг шийдэж чадахгүй явж байна. Энэ бол засаглалын эрх мэдлийн баланс алдагдсаны хамгийн том жишээ.

Орон нутгийн ИТХ-д гарсан төлөөлөгчид Засаг даргаа томилж чадахгүй байна. Хоорондоо хэрэлдэж, хэтэрхий их улстөржиж, намчирхаж байна. Энэ алдаанаас үүдэж иргэд хохирч байна. Засаг даргагүй байгаа байдал тухайн дүүрэгт хэрэгжих хөрөнгө санхүү, иргэдийн олон эрх ашиг хохирч байна. Хэрвээ дүүргийн Иргэдийн хурал Засаг даргаа томилж чадахгүй бол ИХ-ыг нь тараагаад Засаг даргыг нь Ерөнхий сайд шууд томилохоор заалт орж байгаа.