Б.Дэлгэрсайхан: Би “Арева” компанитай ямар ч хамааралгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна
2020.03.13

Б.Дэлгэрсайхан: Би “Арева” компанитай ямар ч хамааралгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнөөдөр мэдэгдэл гаргажээ. Тэрбээр, Дэлхий нийтийг цочроосон COVID-19 халдвар Монгол Улсын нутаг дэвсгэрт “Арева”  компанийн ажилтан гэх Франц хүнээс илэрлээ. Энэ хүнтэй намайг холбоотой мэт илт худал мэдээ, пост, сэтгэгдлийг цахим орчинд “Босоо Хөх Монгол” ТББ-ын гишүүд зохион байгуулалттайгаар түгээж, ард иргэдийг худал мэдээлэлд автуулж, Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж, аймгаар нь шатаахыг уриалж, турхирч, улстөржүүлж байгаад харамсаж байна.

Миний хувьд уг Франц иргэнтэй ямар ч холбоогүй, огт танихгүй ба түүний ажилладаг гэх “Арева” компанитай ямар ч хамааралгүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Харин аймгийн өмнөх удирдлагууд сонгуулийн өмнө буюу 2016 оны тавдугаар сард тус “Арева” компанид Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн байдаг юм билээ. Үүнийг эсэргүүцэж 2017 онд одоогийн аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингийн тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахыг хүссэн албан бичгийг миний бие дэмжиж, АМГ-т хүргүүлсэн болно.

Цаашид ч “Арева” компанийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлуулахын төлөө аймгийнхаа зохих байгууллагуудтай хамтран ажиллах болно. Бид аюулт өвчний эсрэг эв нэгдэлтэй байж чадвал ард нь гарч чадна гэжээ.