С.Эрдэнэ: Гүтгэлэг тараасан Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгнө
2020.03.10

С.Эрдэнэ: Гүтгэлэг тараасан Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгнө

Эх сурвалж. Засгийн газрын мэдээ сонин, сэтгүүлч П.Батбөх

АН-ын дарга С.Эрдэнэ Засгийн газрын шийдвэрийг буруутгаж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тус нам Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 19 өдөр ЗГХЭГ болон харьяа агентлаг, төрийн захиргааны төв байгууллагын ажилтнуудын цалинг 279-451 мянган төгрөгөөр нэмсэн. Харин энэ нь төсвийн орлого тасарсан өнөө үед цагаа олоогүй буруу үйлдэл, төрийн албан хаагчдыг ялгаварласан шударга бус шийдвэр болсон хэмээн үзэж буй юм. Тиймээс төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг мөн хэмжээгээр нэмж төрийн өндөр албан тушаалтныхтай адилтгахыг шаардаж буйг С.Эрдэнэ мэдэгдсэн юм. Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.


-УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж, яаралтай хэлэлцэхийг шаардсан нь ямар шалтгаантай юм бэ?

-Нийгэм, эдийн засгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед шаардлагатай хууль, журмыг дараалал харгалзахгүй, цаг хугацаа, хуваарийн мөрдлөггүйгээр хэлэлцэн баталдаг болгох зорилгоор хуулийн төсөл өргөн барьсан. Одоогийн Дэгийн тухай хуулиар нэг хууль батлах гэж боловсруулах, санал авах, хуваарьт оруулах гэсээр багадаа л хоёр сарын хугацаа зарцуулж байна. Тиймээс онцгой нөхцөл байдал үүссэн үед шаардлагатай хуулийг нэн даруй хэлэлцдэг болъё гэж байгаа юм. 

-Яаралтай хэлэлцэх ёстой ямар асуудал тулгараад байгаа юм бэ?

-АН “Тавантолгой”-н ордын 30 хувийг худалдахтай холбоотой асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа. Засгийн газар “Тавантолгой” ордыг ашиглах талаар УИХ-д танилцуулахдаа IPO гаргах замаар 3-5 тэрбум ам.доллар олж, дэд бүтэц болон бусад санхүүжилтийг хийнэ гэсэн. Гэтэл сүүлийн үед нэг тэрбум ам.доллараар “Тавантолгой”-н ордын 30 хувийг зарах тухай ярьж, танилцуулж байна. Өнөөдөр тус ордын ашигт тулгуурлаж өөрийг нь хөгжүүлэх боломжтой, жил бүр өндөр үр ашигтай ажиллах нь тодорхой болсон энэ үед ордын 30 хувийг зарах гэж байгаа нь зохисгүй. Үүнийг УИХ-ын холбогдох байнгын хороод яаралтай хэлэлцэж, өмнө гаргасан хууль тогтоолтой нийцэж байгаа эсэхийг нягтлах ёстой. Ийм боломжийг бүрдүүлэхийн тулд хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан.

-Танай зөвлөлөөс Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах шаардлага хүргүүлж, мэдэгдэл гаргасан. хариу ирсэн үү?

-Одоогоор хариу ирээгүй байна. Цар тахлын улмаас эдийн засагт үүссэн нөхцөл байдлын талаар Эдийн засгийн байнгын хороо төдийгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагатай гэж үзсэн байр суурь хэвээр. Өвчнөөс шалтгаалсан эдийн засгийн үзүүлэлтүүд өдөр бүр өөрчлөгдөж, дохио өгсөөр байна. Бид өнөөдөр болж байгаа мэтээр тайвшрах бус эрсдэлээс хамгаалах, хүндрэлийг урьдчилан тооцож түүнд тохирсон шийдвэрийг угтуулж гаргах ёстой. Энэ бол УИХ-ын үүрэг. 

-Танай намаас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байна гэсэн мэдэгдэл гаргалаа. Гэтэл таны ахлах зөвлөх З.Энхболд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг буруутгасан зүйл ярьж байгаа. та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Тодорхой нотлох баримтгүйгээр АН-аас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хоморголон шалгах, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх талаар анхаарч ажиллахыг л шаардсан. Ц.Элбэгдоржийн хувьд манай намаас түдгэлзсэнээс хойш намын гишүүнчлэлээ сэргээгээгүй. Нам бус хүн. Гэтэл ЗГХЭГ-ын дарга АН-ынхан Ц.Элбэгдоржийгоо ол ир гэдэг нь тэнэг хэрэг. Харин ч өөрсдийнх нь хийх ажил биз дээ. Түүнийг авчрах бүх эрх мэдэл нь байгаа шүү дээ.

-ТЕГ-ын дарга Б.Хурцыг танай намаас нэр дэвшихээр 100 сая төгрөгийн дэнчингээ тушаасан гэдэг үнэн үү?

-Манай намд хэн, хэдэн төгрөгийн татвар төлж байгааг ямар ч хамааралгүй эсрэг намын гишүүн ЗГХЭГ-ын дарга мэдээлж байгаа нь хардлага төрүүлж байна. Тагнуулын байгууллагаараа чагнуулдаг юм болов уу гэж сэрдэж байна. Нөгөөтэйгүүр Б.Хурц гэдэг хүн манай намд нэг ч төгрөг төлөөгүй. Мөн Б.Хурц гэдэг хүнийг манай намаас сонгуульд нэр дэвшүүлэх тухай намын аль ч шатанд яриагүй. Ийм ор үндэслэлгүй гүтгэлэг тараасан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хууль, шүүхийн байгууллагад өгч шалгуулна. Тэр хүн хийсэн мэдээллээ нотлох ёстой. Мөн түүний зарим хэргийн мөрдөн байцаалтын нууцыг задруулсан асуудлыг ч шалгахыг шаардана.