[100 АСУУЛТ] Зочин - УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
“100 асуулт” нэвтрүүлгийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Мартын 8-ны дугаарын зочноор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа уригдан оролцлоо.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж байна.
-Баярлалаа.
-Хаваржаа сайхан уу?
-Сайхан байна.
-Сар шинэдээ сайхан шинэлсэн үү?
-Сайхан шинэллээ. Олныхоо жишгийг дагасан. Монгол Улсын төр коронавирустэй холбоотойгоор хорио цээр тогтоосон болохоор олныхоо жишгээр л сайхан шинэллээ. Мартын 8-ны өдрийг ч мөн адил өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглосон.
-Сар шинийн өдрүүдэд нэг зүйлийг анзаарлаа л даа. Төр, засгийн шийдвэрийг ард иргэд сар шинийн өдрүүдэд “онц” дүнтэй биелүүлсэн гэж харж байна. Таны хувьд хэрхэн харж, дүгнэв?
-Би тантай санал нэг байна. Ер нь иргэдийн ухамсар, хариуцлага тэр тусам хүний эрүүл мэндтэй холбоотой асуудалд их анхаарал тавилаа. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг шүү дээ. Хүн эрүүл л байвал бүх зүйл байна. Энэ ч утгаараа иргэд маш хариуцлагатай байлаа.
-Би танаас 100 асуулт асууна. Та 100 хариултыг өгөх болно. Ярилцлагаа эхлэх үү?
-За.
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Таны хувьд энэ баярыг хэрхэн хүлээж авдаг вэ. Хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Манайхан баяр гэж хараад байдаг. Дэлхий нийтэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнийг Данийн нэрт тэмцэгч анх эмэгтэйчүүдийн эрхийг ярьж, хөндсөн. Үүнээс хойш ялангуяа хөгжил өндөр улс, орнуудад баяр ёслол гэхээсээ илүүтэй эрхийнхээ төлөө тэмцдэг өдөр нь. Асуудлаа гаргаж тавьдаг, төр засгийнхаа түвшинд уламжилдаг. Түүнийхээ хариуг шаарддаг өдөр. Яах вэ, баяр байх нь буруу үзэгдэл биш. Гэхдээ дэлхий нийтийн хандлага, агуулгыг нь анзаарч түүнд чиглэх нь үр дүнтэй гэж боддог. Харин миний хувьд энэ өдөр бусдын эрхийг хамгаалах, туслах, дэмжих, арга хэмжээнүүдийг зохион байгуулах үүргийг хүлээж, бусдыг баярлуулах үүрэгтэй л мартын 8-ны өдрийг өнгөрүүлдэг дээ.
-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Би дөрвөн хүүхэдтэй. Хоёр охин, хоёр хүүтэй. Хань маань цахилгааны инженер. Салбартаа олон жил ажилласан. Хүний амьдралын гол утга учир бол гэр бүл. Нийгэм талаасаа харах юм бол нийгмийг бүрдүүлэгч анхан шатны нэгж гэж хэлж болно. Төр, нийгэмд болдог бүх зүйл тэр гэр бүлд болдог учраас анхан шатны нэгж гэж байгаа юм. Би их гэр бүлсэг. Боломж, цаг хугацаа гарах л юм бол гэр бүлтэйгээ хамт байхыг эрмэлздэг. Одоо харахад дөрвөн хүүхэд маань аав, ээж болсон. Аль хэдийн найман ач, зээтэй болсон байна. Манай гэр бүлд гурван үе амьдарч байгаа том гэр бүл болсон байна. Энэ ч утгаараа улам бүр л гэр бүлдээ цаг гаргах шаардлагатай. Хөл, хориотой энэ өдрүүдэд эмээгийнхээ үүргийг маш сайн гүйцэтгэлээ. Бараг анх удаа л үр хүүхдүүдтэйгээ олон хоногоор хамт байж үзлээ.
-Хүн бүрд хэлэх дуртай үг гэж бий. Таны хувьд ямар үгийг хэлэх дуртай вэ?
-Санаа зөв бол заяа зөв. Ээж, ааваасаа л уламжилж авсан. Үр хүүхдэдээ ч гэсэн уламжлуулж үлдээсэн. Энэ бол миний амьдралын өөртөө бий болгосон зарчим. Ер нь хүний санаа л зөв байх хэрэгтэй.
-Та багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байв?
-Би мэргэжлээ гуравдугаар ангидаа сонгосон. Тэр мэргэжлээ л эзэмшсэн. Багш мэргэжилтэй. Ховд аймгийн гуравдугаар 10 жилийн 3а ангийн сурагч Ц.Цолзолмаа мартын 8-аар “Миний сайхан ээж” гэдэг зохион бичлэгийн уралдаанд оролцсон. Манайхан ангиараа тэр уралдаанд оролцсон юм. Улсын уралдаанд гуравдугаар байр эзэлж, анх удаа Ховд аймгаас “Найрамдал” зусланд амрах эрхийн бичгээр шагнуулж байсан. Гэр бүлээсээ анх удаа гарч, нутгаасаа анх удаа гарч “Найрамдал” зусланд амрахдаа тэнд байсан багш нарыг хараад л сайхан санагдсан. Тэр үед л багш болохоор шийдсэн гэж хэлж болно. Тэгээд л ОХУ-ын Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн түүхийн ангийг төгссөн. Хэдийгээр хайртай мэргэжлээ сонгосон боловч харамсалтай нь шохой бариад багшилсан хугацаа маань бага. Хожим ч гэсэн төрийн сайдын ажлыг сонгосон мэргэжлийнхээ ачаар хашсан гэж боддог.
-Олон нийтийн төлөө маш олон жил ажиллалаа шүү дээ. Таны хамгийн үнэт зүйл юу вэ?
-Гэр бүл. Ээж, аав минь. Ер нь ээж, аав байгаагүй бол өнөөдөр би байхгүй. Ээж, аав минь сургасан л даа. Манай аав Ховд аймагтаа эрчим хүчний инженерээр ажилладаг байсан. Маш олон хүн надад аав чинь бид хоёрыг гэр бүл болгож өгсөн гэж хэлдэг. Ээж маань тээврийн жолооч. Ховд аймагт цөөхөн эмэгтэй тээврийн жолооч байсан, тэдний нэг нь. Гэр бүл гэдэг бол үнэтэй.
-Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Яг миний амьдралд шүүмжлэл гэдэг зүйл маш чухал байр суурийг эзэлж ирсэн. Би магтуулахаасаа илүү шүүмжлүүлэх дуртай. Учир нь, олны өмнө хариуцлага хүлээж төрийн анхан, дунд, дээд байгууллагыг удирдаж ажиллахдаа магтаал сонсохоосоо илүүтэй энэ хүн юу гэж хэлэх нь, таалагдахгүй зүйл нь юу вэ, шүүмжилж байгаа тал нь юу байна гэдгийг илүү сонирхож, авч байж өнөөдөр өөрийнхөө тэр алдааг засна. Манай аав ч гэсэн хэлдэг байсан. Миний охин цаашаа карьер хөөж, хүмүүсийн өмнө хариуцлага хүлээх гэж байгаа бол магтаалаас илүү шүүмжлэлд хайртай байгаарай гэж. Өнөөдөр би тэр үгийг нь зарчим болгодог. Магтуулахаас илүү шүүмжлүүлэх нь надад үнэ цэнэ болж үлддэг. Миний юм харах өнцгийг нээдэг гэж хэлж болно.
-Хүн энэхүү амьдралд яаж, хэрхэн явах нь яг юунаас шалтгаалдаг юм бол оо?
-Өөрөөс нь л шалтгаална.
-100 хувь уу?
-Тийм. 100 хувь өөрөөс нь шалтгаална. Бүр 200 хувь өөрөөс нь л шалтгаалдаг.
-Та амьдралынхаа хамгийн сайхан үе, аз жаргалтай мөчөөсөө хуваалцахгүй юу?
-Би айлын том охин. Аав, ээж хоёртойгоо элэг бүтэн амьдрал минь. Би нэг зүйлийг огт мартдаггүй юм. Ганц охин гээд намайг эрхлүүлдэг. Хичээлийн шинж жил болоход миний цүнх шинэ, миний хувцас шинэ байдаг байсан. Дүү нар маань яагаад аниа шинэ юм өмсөөд бид нэгнийхээ юмыг өмсдөг юм бэ гэж их асуудаг байлаа. Тэр элэг бүтэн байсан дүр зураг бол хамгийн гоё доо.
-Хүнийг хэр сайн таньдаг вэ?
-Би хүн танихыг бас л өөрийнхөө амьдралаар туулсан. Ачаалал авч үзэж, сайн муу, хуурмаг янз бүрийн хүнтэй таарч явах тэр үеэсээ хүн таньдаг болсон. Ер нь өөрийгөө хүн таньдаг гэж боддог. Монголчууд тэр дундаа хүн таних их авьяастай. Багш хүний мэргэжлийн онцлог бас байдаг. Хоёр үгнээс л хүнийг танина шүү.
-Хэр их бухимддаг вэ?
-Байлгүй яах вэ. Ялангуяа өнөөдрийн энэ нийгэмд огт бухимддаггүй хүн гэж байхгүй байх. Хүсээгүй, бодоогүй хариулт, мэдрэмжийг авах үедээ л их бухимддаг. Түүнээс өөр зүйлд бухимдаад байдаггүй.
-Танд таагүй хүн хэр олон байдаг бол оо?
-Байдаг гэдэгт би огт эргэлздэггүй. Учир нь, би ам.доллар биш бүх хүнд таалагдах албагүй. Би нэг зүйлдээ итгэдэг. Би хэзээ ч ямар нэгэн хүнийг голд нь ортол гомдоогоогүй гэдэгтээ итгэлтэй байдаг. Улс төр гэдэг утгаараа өрсөлдөгч нар гомдож, харааж зүхээд явдаг эсэхийг мэдэхгүй. Гэхдээ аль болох би хүнтэй муудахгүй юм шүү, хүнд үг хэлэхгүй дээ, хэлмээр байсан ч тэр үгийг тойруулаад зөөллөөд хэлчихсэн, хожим нэгэн цагт миний тэр зөөллөж хэлсэн үгнээс өөрийнхөө алдааг засаад авчаасай гэсэн багш хүний дадал, хэвшил, арга зүй байдаг байхыг үгүйсгэхгүй.
-Таны энэ арга зүй зарим тохиолдолд буруу ч байж магадгүй шүү?
-Зарим хүн намайг шүүмжилдэг л юм. Хэтэрхий зөөлөн байна гэдэг. Ээж маань 49-ний жил дээр өнгөрч, аав минь тавхан жилийн дараа бурхан болсон. Тэр үед одоо энэ таван дүүг би л харна, надаас өөр хайрлах, өрөвдөх хүн байхгүй гэдэг ганцхан командыг тархиндаа хийсэн. Хэтэрхий дүү нарынхаа урдуур орж, нэг хэсэг цаг хугацааг өнгөрүүлсэн. Хэтэрхий зөөлөн байх, хэт хүний урдуур орох нь сайн зүйл биш гэдгийг ойлгосон.
-Улс төр гэж юу вэ?
-Том агуулгаар нь харах юм бол улс, орныг удирдах урлаг. Жижиг талаас нь авч үзвэл улстөрчдийн, хувь хүмүүсийн тэмцэл. Улстөрчид нь ёс зүйтэй, сайн байх үед улс, орон нь ойлгомжтой зөв урагшилж байна. Улстөрчид нь ёс зүйгүй, төлөвшилгүй байх аваас хөлөө жийлцэж, бие биетэйгээ үзэлцсээр байтал улс төрийгөө улстөрчид нь дагуулаад муу, муухай харагдуулдаг. Ийм дүр зургийг өнөөдөр тогоон дотор нь байгаа хүний хувьд харж байна. Хэрвээ надад боломж, бололцоо байх цаг хугацаандаа улстөрчдийн зөв төлөвшилд анхаарах юмсан, олон залуусыг зөв өнцгөөр нь улс төрд дагуулахсан, түүнд нь нөлөөлөх юмсан, үгээ нэмэрлэх юмсан, чаддаг зүйл бол үлгэрлэж харуулахсан гэж боддог. Энэ ч утгаараа Сүхбаатар дүүргийг удирдаж байхдаа, Хотын орлогчоор ажиллаж байхдаа, боловсролын салбарыг толгойлж сайдаар ажиллаж байхдаа удирдагч хүн олон дахин биш нэг л үйлдлээрээ үлгэрлэхийг хичээдэг байсан. Ядаж л ажилдаа цагтаа ирдэг байхыг эрмэлзэж ирсэн байдаг. Өөрийнхөө манлайлал, үлгэрлэлээр өөрийнхөө хэмжээнд үзүүлж, харуулахыг боддог.
-Таны тэвчихэд хамгийн хэцүү зүйл байх юм бэ?
-Урвалтыг тэвчиж чаддаггүй. Учир нь, хүн нэг арьс доор нэг л мөн чанартай байх ёстой. Өөрөөрөө л байх хэрэгтэй. Мундаг болгоныг дуурайх гэх юм бол Ц.Цогзолмаа алга болно. Заавал юмны оргилд хүрэх албагүй. Байгаа үедээ, байгаа цаг хугацаандаа надтай харилцдаг хүмүүс дундаа үнэтэй байх ёстой болохоос хорвоогийн бүх хүнд таалагдах гээд явах юм бол утгаа алдана шүү дээ. Үр хүүхдэдээ ч ингэж хэлдэг.
-Би хувьдаа таныг маш их тэвчээртэй улстөрчдийн нэг гэж боддог. Тэр 12 тэрбумын асуудал байгаа шүү дээ. Үүнд та их л тэвчээр зааж байна даа, тийм ээ?
-Дуугарахгүй л явна гэж үү.
-Тийм. Нэгэнт л нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцож байгаа болохоор танаас энэ талаар асуух нь зөв гэж бодож байлаа. Хариулах эсэхээ та өөрөө мэд дээ?
-Зүгээр, би хариулт өгье гэж бодож байна. Учир нь, байсхийгээд л хэвлэлээр гардаг. Нэг гарч ирэхдээ маш олон мэдээллийн хэрэгсэлд зэрэг байршдаг. Улс төрд зүтгэсэн 30 жилийн хугацаанд би худлаа зүйлд тайлбар өгч байгаагүй. Сүхбаатар дүүрэгт байхад идсэн, уусан гээд л ярьдаг. Одоо ч гэсэн ярьж байна. Хэрэв би идээд, уучихсан бол Ц.Цогзолмааг цааш нь дэвшүүлээд явуулдаг механизм, төр гэж байхгүй. Тэр нь нотлогдчихсон бол бүр ч байхгүй. Тийм зүйл хийхгүй, хийх боломжгүй гэдгийг мэддэг орчин аяндаа л байдаг. Төрийн сайд тендерт оролцоод явах боломж, бололцоо байдаггүй. Ялангуяа сүүлийн жилүүдэд бүр байхгүй болсон. Бүх тендер цахим болсон шүү дээ. Надад тийм идэж, уусан зүйл байхгүй. Энэ бол улс төрийн өнцгийн л зүйл. Би хийгээгүй учраас нэг их тайлбар өгөөд байхыг хүсээгүй.
-Таны амьдралдаа хамгийн их ичиж, санаа зовж байсан үе хэзээ вэ?
-Өөрийнхөө өмнөөс ичихээс илүүтэй хүний өмнөөс ичих гэдэг зүйлийг төрийн сайдаар ажиллаж байх хугацаандаа мэдэрсэн. Ямар ч төрийн дээд өндөр албан тушаал хаших чадваргүй, ямар ажил хийж байгаагаа ойлгохгүй атлаа сайдынхаа өмнүүр орж даргын дүрд орж, мундаг хүний дүрд орж байгаа хүнийг харлаа. Би өнөөдөр 1.3 жилийн хугацаанд сайдын албыг хашсан. Чадахгүй атлаа чадаж байгаа юм шиг байдаг хүмүүсийн өмнөөс л ичдэг дээ.
-Амжилт гэж юу вэ?
-Хамгийн энгийнээр хүн зорилгоо биелүүлж чадаж байгаа нь л том амжилт. Миний амьдралын зорилго гишүүн, сайд байх байгаагүй. Би өөрөө өөртөө үнэнч байх зорилгоо л биелүүлсэн. Тэрийг маань хүмүүс үнэлсэн л гэж боддог. Боловсролын салбарыг толгойлж, сайд болсныхоо дараа өөртөө асуулт тавьсан л даа. За, мэргэжлийн сайд ирлээ гэж хүмүүс харж байгаа, чи юу юу хийх вэ гэж өөрөөсөө асуусан. Би сайдаар ажилласан хугацаандаа хэд, хэдэн зүйлийг хийсэн гэж боддог. Нэгдүгээрт, боловсролын систем дотроо 30 жил сайн, муу явж байгаа эсэхийн үнэлгээ хийгээгүй байсан. Тухайн үед Азийн хөгжлийн банканд санал тавьж, 600 мянган ам.долларын хөрөнгийг шийдүүлж Ажлын хэсэг байгуулж, үнэлгээ хийлгэсэн. Энэ бол маш том дүр зураг гараад ирсэн гэж бодож байгаа юм. Хоёрдугаарт, мэргэжлийн хүнийхээ хувьд багш нарынхаа асуудлыг авч үзэх цаг нь болсон байсан. Нийт 48 сургууль багшийн мэргэжлээр багш бэлтгэж байсан. Олон улсын түвшинд хүрч байгаа сургалттай сургууль байгаагүй. Энэ чинь юу гэсэн үг вэ. Сайн багшаас сайн шавь гарна гэдэг зүйлдээ орж байтал ажлаа өгсөн. Гуравдугаарт, сайдынхаа тамгаа хүлээж авсан өдрөөс огцор гэдэг үгийг сонссон. Багш нарыгаа буруутгаж чадаагүй. Би асуудлаас зугтахаасаа илүүтэй шийдэх ёстой. Бодит байдлаас зугтаад хүн хаачих юм. Багш нарыгаа өрөөндөө урьсан. Хамтраад асуудлаа шийдье гэж хэлсэн. Үр дүнд нь өнөөдөр 17 жил нэмээгүй цалинг нь нэмсэн. Тэр дундаа цэцэрлэгийн багш нарын цалингийнх нь сүлжээг анх удаа хөдөлгөсөн. Хийсэн хүн үр дүнгээ л үздэг. Ямар үр тарина түүнийгээ л хурааж авна гэдэг шиг.
-Боловсролын сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ шинэ төрлийн коронавирустэй холбоотой нэг зүйлийг асуух гэсэн юм. Жил бүрийн нэг болон хоёрдугаар сард томуу, томуу төст өвчний дэгдэлт оргилдоо хүрдэг юм байна. Энэ жилийн хувьд төр, засгийнхан харьцангуй эрт арга хэмжээнүүдийг маш сайн авч чадлаа. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаалаа шүү дээ. Цаашид яг томуугийн дэгдэлт ид ихэсдэг үе буюу жил бүрийн нэг, хоёрдугаар сард сургууль, цэцэрлэгийг амраах боломж байх уу?
-Аливаа салбар өөрийн салбараа авч явахын тулд онолын болон бусад мэдээлэлтэй байх ёстой. Энэ коронавирусний халдварын эсрэг бүгд сайн ажиллаж байна. Үнэхээр ажиллавал үр дүн гардаг гэдгийг харуулж байна. Үүнд ард түмэн бүгд талархаж байгаа. Монголын онцлог байна. Жил бүрийн статистикийг юуны тулд гаргадаг билээ. Үүнийг л олж харах хэрэгтэй. Цаг хугацааны менежментийг өөрийн орны онцлогт тааруулаад хийх бүрэн бололцоо бий. Үүнийг хийгээсэй гэдэгт санал нэг байна. Боломж бол бий, хууль эрх зүйн орчин нь ч бий. Хийгээсэй л гэж хүсэж байна.
-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
-Би 50 гарчихсан. Ямар ч ажил даалгасан хүний итгэлийг алдахгүй, ард нь гарах. Энэ бол миний хамгийн сайн хийж чаддаг зүйл. Энэ бол Ц.Цогзолмаагийн баталгаа. Хүн хоол хийсэн ч сэтгэлээрээ хийдэг байх ёстой. Хүний итгэлийг алдахгүй байх гэдэг бол миний хувьд хамгийн том зарчим.
-Та маш их уурлахаараа яадаг вэ?
-Уураас гардаг сайн үр дүн гэж байдаггүй. Уур гэдэг нь бухимдал болохоор хүний хүсээгүй үг хэлэгдэнэ, хийгээгүй үйлдэл хийгдэнэ. Дараа нь харамсаж суухаар чив чимээгүй болоод нөгөө талаа ч гэсэн тайвшрах, бодох хугацааг олгож байх хэрэгтэй. Энэ занг би ааваасаа л сурсан. Аав хэзээ ч ууртай байх үедээ шийдвэр битгий гаргаж байгаарай гэж сургасан. Ер нь уурлахаараа чимээгүй болж, өөр зүйл анхаарлаа төвлөрүүлж, асуудлуудыг давж гарч сурсан даа. Мэдээж хүнд уур гэдэг зүйл байдаг. Гэхдээ түүнийг байлгах шаардлагагүй.
-Та ямар үгэнд дургүй вэ?
-Итгэл алдсаныг л сонсох дургүй. Чадахгүй гэдэг үгэнд бас дургүй. Хүн чадахыг бодох ёстой. Хичээх ёстой, оролдох ёстой. Байхгүй гэдэг үгийг битгий хэлж байгаарай гэж ээж, аав хоёр маань сургасан. Амны билгээс ашдын билэг гэдэг. Хүн амнаасаа ямар үг гаргаж, тэр үгээрээ үйлдлээ үргэлжлүүлнэ тэр л үр дүнгээ авна. Би болгоно, чадна, бүтээнэ гээд зүтгэвэл болохгүй л ч бүтдэг.
-Сүүлийн үед зөв бичиж чадахаа байлаа шүү дээ?
-Чадахаа байлаа биш байсан.
-Ер нь зөв бичгийн дүрмийг дахин дахин өөрчилж, хоорондоо маргаад байх шаардлага байна уу?
-Монгол түмний хамгийн том үнэтэй зүйл бол хэл, хэлний соёл юм. Тэр соёлоо хамгаалж, сурах бичиг мөнхөлж үлдээхгүй бол Монгол үндэстэн цаашид орших уу, эс орших уу гэдэг асуудал яригдана. Тэр утгаараа хэл зүй, найруулгын хувьд өөрчлөлтүүд орж байна. Үүнийг бас үгүйсгэж болохгүй юм билээ. Учир нь, би сайдаар ажиллаж байхдаа Үндэсний зөвлөлтэй уулзаад ярихад юунаас болж яагаад энэ үгийг ингэж бичиж байгаа вэ гэдэг нь хэл зүйн талбараараа байж байгаа юм. Эрдэмтэдтэй маргана гэдэг бол хэцүү шүү дээ. Харин эрдэмтэд үүндээ хувийн амбицаасаа илүү хандах хэрэгтэй. Надад нэг зүйл анзаарагдсан. Энэ миний юм, энэ миний автор, ажлын үр дүн гэх хандлага. Гэтэл түүнээс илүүтэй Монгол түмний өв, үнэт зүйл болж хэдэн жил хадгалагдаж ирсэн зүйлийг нэг хүн цолоо хамгаалахын тулд өөрчилж болохгүй биз дээ. Энэ бол болохгүй зарчим. Тиймээс Монгол хэлийг хамгаалах, цаашид авч явах асуудалд төр онцгойлон анхаарах ёстой, шаардлагатай байна. Хэрэглэгчид нь монголчууд, ард түмэн. Тэр хэрэглэгчид хаан байх ёстой. Аль нь зөв, буруу нь хэрэглэгчдэд ойлгомжтой байх хэрэгтэй. Хэрэглэгчдэд зөв зүйлийг тулгах ёстой. Монголчууд 200 үгэнд ярьж байна. Гэтэл 500, 800 үгэнд ярих хэрэгтэй байна шүү дээ. Ингэхийн тулд утга зохиол, монгол түүхийнхээ хичээлийг дэмжих хэрэгтэй. Ингэж байж хэл маань баялаг болно.
-Та юунд хамгийн их суралцахыг хүсэж байна вэ?
-Өнөөдөр 21 дүгээр зууны иргэн өөрөөрөө байх, Монголоороо байх гэдэг дээр нэмэх нь цаг үеийн шаардлагаас хоцрохгүй байх ёстой юм. Тиймээс мэдээлэл боловсруулах, техник технологийн шинэчлэлээс хоцрохгүй байх хэрэгтэй. Хоцрохгүй байх вэ гэдэг бол юу сурч болох вэ гэдгийг хэлж өгөх даалгавар гэж бодож байна.
-Юунаас хамгийн их айдаг вэ?
-Хүн мэдэхгүй зүйлийнхээ өмнө л айдастай байдаг байх. Мэдлэг бол хүний хамгийн том зэвсэг, хүчтэй зэвсэг юм. Мэддэг зүйлийнхээ өмнө хүн айдаггүй. Тиймээс мэддэггүй зүйлийнхээ өмнө бүх хүн л айдастай байдаг.
-Авлига, хээл хахуулийн асуудал гэж байна. Яавал багасах вэ, яавал байхгүй болох вэ?
-Цагаан захтнууд гэдэг. Энэ цагаан захтнуудын хэргийг байх ёстой юм шиг ханддаг сэтгэлгээнээсээ салсан цагт багасна. Байх ёсгүй гэдэг сэтгэлгээнд бүгдээрээ л очих ёстой. Шударга илчилдэг, шударгаар хариуцлагыг нь хүлээлгэдэг механизм нь ажиллахгүй болохоор хүмүүсийн итгэл алдарч байна. За, ингэж л байдаг, шийдэгддэггүй шүү дээ гэдэг хандлага. Тэр хүнд суртлыг бий болгож байгаа, тэр авлигыг бий болгож байгаа хэрэгслүүд байна.
-Жишээ нь?
-Тухайлбал, дүрэм журам. Баахан лиценз, тусгай зөвшөөрөл байна. Дэлхийн улс, оронд ямар тохиолдолд авлига, хээл хахуул байхгүй болсон гэхээр ямар ч лиценз, зөвшөөрөл байхгүй. Стандарт гэдэг зүйлийг бүгдээрээ мөрддөг. Стандартыг нь хангаж л байвал Дорж, Дулмаа болон аж ахуйн нэгж тэр зүйлээ хийгээд л явдаг болж байгаа юм. Манайд стандарт байхгүй. Түүнийгээ бий болгохын өмнө баахан тусгай зөвшөөрөл байна. Тэгэхээр л тэр зөвшөөрлөө авахын тулд хүнд авлига өгөөд байна шүү дээ. Энэ бол нийгмийн болон төрийн талаасаа ч хийх асуудал байна гэсэн үг. Иргэдийнхээ талаас ч хандлага, ойлголт дээр нь хийх ажил байна.
-Бидний амьдарч байгаа нийгэмд болж, бүтэхгүй зүйл зөндөө бий. Бид ер нь юунаас эхлэх ёстой юм бол оо?
-Өөрөөсөө л эхэлнэ. Хүнд сайхан орчин бий болгож өгөх асуудал огт биш. Чи сайхан орчныг бий болгох юм бол хажуу хүн чинь чиний сайхныг харж өөрчлөгдөнө. Тиймээс бүх сайны эхлэлийг өөрөөсөө л эхлүүлэх ёстой. Сайхан үг хэлэх, сайн ажил санаачлах бол өөрөөсөө л эхлэх ёстой. Болохгүй зүйлийг болгоод зүтгэхийг ч өөрөөсөө эхлэх ёстой.
-Мөнгө гэж юу вэ?
-Мөнгө хэмжээндээ байвал үнэтэй, сайхан. Хэмжээнээсээ хэтэрвэл буруу зүйлийн эхлэл болдог л гэж боддог.
-Монгол Улсад хариуцлагын тогтолцоо ямар шатандаа яваа вэ?
-Хариуцлагын тогтолцоог төр харуулаад явж байгаа сайн жишээ байна. Энэ удаагийн Засгийн газар, төрд гарч ирж байгаа гэж боддог. Нийгэм гэдэг нь хүмүүсийн нэгдэл. Нөгөө талдаа хариуцлагын тогтолцоо хүссэн ч, эс хүссэн ч өөрсдийнх нь л хариуцлага юм. Хүмүүсийн хариуцлага гэдэг нь тэдний ухамсар. Хэр зэрэг тухайн ажил, үүргээ ухамсарлаж байна тэр хэрээр хариуцлага нь шууд илэрч гардаг. Харамсалтай нь, манайхан ингэж ойлгодоггүй. Өөрийгөө дарга, бусад хүнийг цэрэг гэж боддог. Өөрийнхөө хариуцлагыг умартаж, хүмүүсээс үүрэг хариуцлага нэхдэг. Үр дүнд нь гүйцэтгэлийн алдаа гаргадаг. Хариуцлага бүх шатанд жигд байж байх юм бол бүгдээрээ хариуцлагатай нийгэмд хариуцлагатай амьдарч чадна. Аль нэг газарт хариуцлагын доголдол байх юм бол өөр байна. Харин энэ цагийн давуу тал, онцлог нь сонголттой нийгэм шүү дээ. Сонголттой нийгэм бий болсон байна. Хүн хаана очиж мөнгөө төлөх үү, хаана очиж үйлчлүүлэх вэ гэдгээ сонгодог болсон. Өөрөөр хэлбэл, хариуцлага, ёс журам, дэг байгаа газарт үйлчлүүлж байна.
-Та ямар муу зуршилтай вэ?
-Би нэг муу зуршилтай. Тэрийгээ сайн мэддэг хэр нь салж чадахгүй л явна. Хүн ямар нэгэн зүйлийг гуйж хандахаар боломжгүй гэдгийг нь мэдсээр байж үгүй гэж хэлж чаддаггүй. Үүнээсээ болж олон хүнд сэтгэлийн болон үйл ажиллагааны өрөнд ордог. Нэг талдаа муу юм шиг хэр нь нөгөө талдаа хүний төлөө явах, хүний төлөө зүтгэх гэдгийн хамгийн том суурь болдог.
-Та олон сайхан хүнээс баярлалаа гэдэг үгийг сонсож л явсан байх. Тэр хэрээр өөрөө ч гэсэн баярлалаа гэдэг зүйлийг хэлж л явсан байж таарна. Та яг одоо нэг хүнд баярлалаа гэж хэл гэвэл хэнд хандаж хэлэх вэ?
-Хүний амьдралд шийдвэр гаргах шаардлагатай, хар бараан өдрүүд байдаг. Би тэр хүнийг хэзээ ч мартаж байгаагүй. Би хойно сурч байсан. Хэд хоногийн чөлөөтэй ирээд ээжийнхээ ажил явдлыг нь өнгөрөөсөн. Буцах гэсэн таван эрэгтэй дүүгээ аавтайгаа үлдээгээд явж чаддаггүй. Том охиноо салхилуулаад гадаа байж байхад Ховдын Багшийн их сургуулийн Жадамба гуай таараад “Хөөе, нөхөр минь чи чинь одоо буцаагүй байгаа юм уу” гэж байна. Тэгэхээр нь “Харин тийм ээ, дүү нараа орхиод явж чаддаггүй ээ, багш аа” гэж хэлээд яагаад ч юм амнаас “Би бүр явж чадахгүй бол Ховдын багшийн дээд рүүгээ шилжээд сурдаг ч юм бил үү гэж бодож байна. Яаж таван дүүгээ аавтайгаа орхиод явах юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн надад хилийн цаана, наана төгссөн диплом ялгаатай шүү, өнөөдөр яах вэ энэ хэд эрүүл байж байвал чамайг сураад ирвэл байж л байна. Харин чи таван дүү нарынхаа ирээдүйд санаа зовж байгаа бол ОХУ-ын дипломыг аваад ирвэл их тус болно доо гэж хэлсэн. Толгой руу биш шууд зүрх рүү орсон. Нэг хэсэгтээ бодсон. Тэгээд л буцсан. Үүнийг би хэзээ ч мартдаггүй. Баярлалаа гэж дахин хэлэх байна даа.
-Бидний урилгыг хүлээж авч, оролцсон танд баярлалаа. Таны цаашдын ажилд нь амжилт хүсье.
-Маш их баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэж байна.