Онцгой байдлын үед ажиллаж буй төрийн албан хаагчдад талархал илэрхийлэв
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2020 оны 03 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа. Тэрбээр 03 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд суманд ажиллалаа.
Б.Энх-Амгалан сайд одоогийн байдлаар дэлхийн 80-аад улс оронд тархаад буй коронавирусийн /COVID-19/ дэгдэлтийн үед ажиллаж буй төрийн албан хаагчдадаа амжилт хүсэв.
Тэрбээр хөрш оронд аюулт өвчин тархаж, улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед эх орныхоо аюулгүй байдал, язгуур эрх ашгийн төлөө хянаж, хамгаалж, тээвэрлэж, тусгаарлаж, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж буй онцгой байдал, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, цагдаа, зам, тээврийн салбарын нийт төрийн албан хаагч нарт Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.
Түүнчлэн эрсдэл өндөртэйн дээр цөөн хүн амтай манай улсын хувьд сайтар зохион байгуулалттай ажиллах, ялангуяа хамгийн “халуун цэг”-т тооцогдож буй Замын-Үүд боомтод ажиллаж буй мэргэжлийн байгууллагынханд ажлаа цалгардуулалгүй, дор бүрнээ хичээн, онцгой анхааралтай ажиллаж, хяналтаа сулруулахгүй байхыг санууллаа.
Онц байдал тогтоосноос хойш БНХАУ-аас Замын-Үүдийн төмөр зам, авто замын боомтоор Монгол Улсын 2000 гаруй иргэнийг татан авч, тандалтын ажлыг зохион байгуулаад байгаа юм.