Логистикийн төвийн ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэх шаардлагатай
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2020 оны 03 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа. Тэрбээр 03 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд суманд ажиллалаа.
Замын-Үүд сум дахь Бүс нутгийн тээвэр логистикийн төвийг 2018 онд ашиглалтад оруулсан бөгөөд 2019 онд Монголын төмөр зам ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, логистикийн төвийг одоогоор УБТЗ ХНН түрээсээр ашиглаж байгаа юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ, БНХАУ-ын хооронд хийгдэж буй худалдааны бараа эргэлт 200 тэрбум ам.долларт хүрсэн өнөө үед Логистикийн төвийг ашигтай ажиллуулахын тулд хүчин чадлыг улам нэмэгдүүлж, авто терминалын ажлыг зохион байгуулах шаардлага хэрэгцээ бийг дурдав.
Ингэснээр Польш, Унгар, Беларусь зэрэг Европын улсуудаас автотээврээр хийгдэх ачаа эргэлтийн хэмжээ нэмэгдэж, улс орны эдийн засагт эерэг үр дүн авчрах давуу талтай юм. Мөн тэрбээр Монгол Улс Орос, Хятадын маш том худалдаа эргэлтийн давуу байршилд байгаагаа ашиглан тээвэрлэлтийн хүчин чадлаа нэмэгдүүлж, хөгжих боломж өндөр байгааг онцлоод логистикийн төвийг ашигтай ажиллуулах боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай тооцоо судалгааг гаргаж танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.