Хамтын ажиллагааг спорт, соёл, зам тээвэр, эрүүл мэндийн салбарт өргөжүүлэхээр болов
2019.12.02

Хамтын ажиллагааг спорт, соёл, зам тээвэр, эрүүл мэндийн салбарт өргөжүүлэхээр болов

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон албаны 15 төлөөлөгч Японы Шизүока мужид 11 дүгээр сарын 25-наас дөрөв хоногийн хугацаатай айлчиллаа.

Дорноговийн төлөөлөгчдийг Шизүока мужийн Засаг дарга Кавакацү Хэйта хүлээн авч уулзсан байна. Талууд өнгөрсөн хугацаанд муж хооронд үүсгэсэн найрсаг хамтын ажиллагааны талаар санал солилцож, гарсан ололт амжилтад сэтгэл хангалуун байгаа илэрхийлсэн бол цаашид спорт, соёл, зам тээвэр, хот тохижуулах салбарт харилцаагаа өргөтгөж хамтран ажиллахаар болов.

Мөн Шизүока мужийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн төлөөлөгчидтэй уулзаж ахлах ангийн сурагч солилцооны тоо 30 байсныг 40 болгон нэмэгдүүлэх, аймаг мужийн сэтгүүлчдийг харилцан солилцож туршлага солилцуулах, эрчим хүчний салбарын мэргэжилтэн сургах сургалтын хугацааг нэмэгдүүлэх, урт хугацааны сургалтаар инженер бэлтгэх, жүдо бөх, гар бөмбөг, ригви спортын тамирчдын бэлтгэл хийх нөхцөлийг хангах талаар хамтран ажиллахаар боллоо.

Муж хоорондын анагаахын сургуулиудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, багш оюутныг дадлагажуулан мэргэшүүлэх, төмөр замын удирдах ажилтнуудыг туршлага судлуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг чанартай хичээлийн цүнхээр хангах, 2021 онд хамтын ажиллагааны 10 жилийн ойг тэмдэглэх зэрэг ажлыг төлөвлөжээ.

Дорноговийн төлөөлөгчид Хамамацү хотын Гал унтраах төв, Халамжийн салбаруудтай танилцсан бол Шизуока мужаас манай аймагт Гал унтраах бүрэн тоноглолтой хоёр авто машиныг нийлүүлэхээр болов. Аймаг, муж хооронд 2011 оноос эхэлсэн хамтын ажиллагааны хүрээнд Дорноговиос Шизүока мужид 200 гаруй сурагч, 20 гаруй багш зочилж 60 гаруй төрийн албан хаагч туршлага судалсан байна.

Дашрамд дурдахад хамгийн сүүлд Дорноговь аймаг Японы Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны дагуу японы таван багш, 25 хүүхэд Дорноговь аймагт өнгөрөгч наймдугаар сарын 06-наас гурав хоногийн хугацаатай аялж тал нутгийн хүмүүсийн соёл, зан заншилтай танилцаж байсан.