Автобуудлын барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэнэ
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2020 оны 03 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа. Тэрбээр 03 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд суманд ажиллалаа.
Тус суманд баригдаж буй зорчигч тээврийн автобуудлын барилгын ажлыг 2012 онд эхлүүлсэн боловч тодорхой шалтгаануудын улмаас царцсан байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх талаар судлан танилцуулж, барилгын ажлыг яаралтай эхлүүлэхийг АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзонд үүрэг болголоо.
Энэхүү автобуудлын барилга 50х43,2 м.кв хэмжээтэй, нийт 7430 м.кв талбайтай, зоорьтой 3 давхар, гаалийн агуулахын барилга 1530 м.кв, өндөрлөсөн тавцан, гадна зам талбай, явган хүний зам, ногоон байгууламжтай. Хоногт 4,500 зорчигчдод үйлчлэх ба тэдгээрийн 450 тн ачаанд боловсруулалт хийх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн юм. Мөн Зоорь ба 1 давхартаа зорчигчдын ачаа тээш хадгалах гаалийн баталгаат агуулах, автотээврээр болон төмөр замаар тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх, ачаа тээш бүртгэх нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, жолооч нарын амралтын өрөөтэй байх юм.
Мөн даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж, авто зам эвдэж байгаа асуудалд хатуу хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд санууллаа.