2020.02.06

Эрүү шүүлтээс ангид байх үндэсний механизм бүрдлээ

Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэн бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг дэмжиж улмаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад 1974 онд нэгдэн орсноос хойш хүний эрхийн талаарх 40 гаруй олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт протоколд нэгдэн орж соёрхон баталсан байна.

2016 оны 1 дүгээр сарын байдлаар, 

  • 273 олон улсын олон талт гэрээ, 
  • 1500 хоёр талт гэрээнд нэгдэн орсон байна. 

1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулснаар хүний эрхийг хууль тогтоомжоор дамжуулан баталгаажуулах арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1993 оны "Хүний эрхийн үндэсний байгууллагуудын талаарх зарчмууд буюу Парисын зарчмууд"-ын дагуу Улсын Их Хурлаас 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталсан. 19 дэх жилдээ зарчмын шинжтэй өөрчлөлт оролгүйгээр хэрэгжиж байна. Тус хуульд 2002, 2003, 2011, 2015 онд нийт 5 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд эдгээр нь гол төлөв бусад хууль тогтоомж батлагдан гарсантай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд байжээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тавин долдугаар чуулганы 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг баталж, 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон ба Монгол Улс 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэгдэн орохоор гарын үсэг зурж, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр соёрхон баталсан.

Хэдийгээр Парисын зарчмын дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан гэж үздэг ч Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Зохицуулах Хорооноос уг зарчимд бүрэн нийцүүлэх шаардлагатай буюу манай улсад "Хүний эрхийн Үндэсний байгууллага нь өөрийн байртай байх, тус байгууллагын үйл ажиллагааны төсвийг хараат бус байдлаар төлөвлөх, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох үйл явцыг ил тод, нээлттэй болгох зэрэг зөвлөмжүүдийг удаа дараа өгч байсан.

Тус Протоколд нэгдэн орсон улс орон бүр протокол хүчин төгөлдөр болсноос, эсхүл түүнийг соёрхон баталснаас, эсхүл түүнд нэгдэж орсноос хойш нэг жилийн дотор оролцогч улс бүр үндэсний түвшинд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэг болон түүнээс дээш байгууллагыг байгуулах, томилох ёстой бөгөөд үндэсний урьдчилан сэргийлэх байгууллага, түүний ажилтан чиг үүргийнхээ хувьд хараат бус байх нөхцлөөр хангагдсан байх ёстой байдаг. Монгол дээрх Протоколд нэгдэн орсноос хойш багагүй хугацаа өнгөрч байгаа ба НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хорооноос удаа дараа Монгол Улсын Үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг байгуулах асуудлаар зөвлөмжүүдийг өгсөөр байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг өргөн барив. /2019.10.08/

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг өргөн барив. /2019.10.08/

Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн ба хэрэгжиж буй хуулийн зүйл, заалт нь бусад хууль тогтоомжтой уялдаа холбоо муутай, чиг үүргээ хэрэгжүүлэхэд төсөв хүрэлцээгүй, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, иргэдийн гомдлыг бүрэн дүүрэн шийдвэрлэхэд учир дутагдалтай, хүндрэл учруулдаг, гомдол шийдвэрлэх ажиллагааг хуульчлаагүй, гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт сул, түүний хэрэгжүүлэх хуулийн хөшүүрэг хангалтгүй,  жил бүр хүний эрхийн төлөв байдлын  тайланг илтгэх процедур, үр дүнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа зэрэг практик хэрэглээнд гарч буй олон хүндрэлтэй асуудал байна гэж үзэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуулиар доорхи өөрчлөлт, зохицуулалт орсон. 

Үүнд:

  1. Нэр томьёоны тодорхойлолтыг дэлгэрүүлж тодорхой болгоно;
  2. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгана;
  3. Хүний эрхийн үндэсний тогтолцооны бүрдэл, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулна;
  4. Комиссын үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх хангалттай төсөвтэй байхаар тусгах ба хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхийн боловсролыг олон нийтэд түгээх, хөхиүлэн дэмжих, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн төслийг боловсруулж, хянуулж, батлуулах процедурыг тодорхой болгож тусгана;
  5. Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл бэлтгэх, олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулах, тайлагнах, хэрэгжүүлэх үйл явцыг боловсронгуй болгоно;
  6. Хамтын зарчмаар шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх Комиссын хуралдааны журмыг нарийвчлана;
  7. Комисст гаргасан гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гишүүнийг төлөөлөн ажиллаж буй тухайн чиг үүргийг хэрэгжүүлж буй Комиссын ажлын албаны албан хаагчдын мэдээлэл цуглуулах ажиллагааны явцад эдлэх эрхийг хууль тогтоомжоор баталгаажуулна;
  8. Комиссоос хүргүүлж буй шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлэхгүй удаашруулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох талаар шуурхай, тодорхой арга хэмжээ авахгүй байгаа тохиолдолд хүлээлгэх хариуцлагg тооцох үндэслэлийг тодорхой болгов;
  9. Комисст ирүүлсэн иргэний болон эрүүгийн хэрэг маргаантай холбоотой гомдлыг харьяаллын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж буй зохицуулалтад зөрчил, захиргааны хэрэг маргааныг нэмж тусгав;
  10. Бие даасан, хараат бус эрүү шүүлтийн эсрэг үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг Комиссын дэргэд бий болгохоор тусгав.

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Заиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. 

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчилэн баталснаар хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулах, эрүү шүүлтээс ангид байх үндэсний механизмыг тодорхойлж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хариуцсан гишүүний орон тоог бий болгож комиссын гишүүнийг тав болгох, комиссын гишүүний гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалтыг боловсронгуй болж, хүний эрхийн үндэсний тогтолцооны бүрдэл, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, комиссын чиг үүргийг тодорхой болгох, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх боломж бүрдлээ. 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, Л.Болд, Б.Пүрэвдорж, Н.Учрал, Л.Энхболд нар ажилласан байна. 

Ц.Соёлмаа