Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2019.10.08/ өргөн барилаа.
Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэн бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг дэмжиж, улмаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад 1974 онд нэгдэн орсноос хойш хүний эрхийн талаарх 40 гаруй олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт протоколд нэгдэн орж, соёрхон баталсан байна.
Мөн Монгол Улс хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгож, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг 2000 онд баталсан бөгөөд 2002, 2003, 2011, 2015 онд нийт 5 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Эдгээр өөрчлөлтүүд нь гол төлөв бусад хууль тогтоомж батлагдсантай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд байна.
НҮБ-ын Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохицуулах хорооноос “Хүний эрхийн Үндэсний байгууллага нь өөрийн байртай байх, тус байгууллагын үйл ажиллагааны төсвийг хараат бус байдлаар төлөвлөх, ХЭҮК-ын гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох үйл явцыг ил тод, нээлттэй болгох зэрэг зөвлөмжүүдийг манай улсад удаа дараа өгчээ. Мөн манай улс НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж орсноос хойш багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд НҮБ-ын холбогдох хороодоос удаа дараа Монгол Улсын Үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг байгуулах асуудлаар зөвлөмж өгсөөр байна. Үүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ажлын хэсэг байгуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийжээ. Тухайлбал, бусад хууль тогтоомжтой уялдаа холбоо муутай, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, иргэдийн гомдлыг бүрэн дүүрэн шийдвэрлэхэд учир дутагдалтай, гомдол шийдвэрлэх ажиллагааг бүрэн хуульчлаагүй, жил бүр хүний эрхийн төлөв байдлын тайланг илтгэх процедур, санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхойгүй зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.
Олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмж, дүгнэлт, хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлагыг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэгтэй. Төсөлд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулах, Комиссын үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэхэд хангалттай төсөв батлуулах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн төслийг боловсруулж, хянуулж батлуулах процедурыг тодорхой болгох, эрүү шүүлтийн эсрэг үндэсний механизмыг бий болгож, Комиссын 3 гишүүнээс гадна, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хараат бус үйл ажиллагаагаа явуулах гишүүн болон нэгж байгуулах, түүний чиг үүрэг зэргийг шинээр тусгажээ.