Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
2020.01.21

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.21) хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулав.

Ажлын хэсэг нэг удаа хуралдаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна.  

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзсэн тул ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.