Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2020.01.15

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.15) хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулсан юм. 

Хууль санаачлагч оюуны өмч бүтээхийг урамшуулах, хамгаалах, үнэлэмжийг өсгөх, эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэг зэргийг төсөлд тусгасан. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд төслийн нэрийг өөрчлөх, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлж өгснөөс гадна хүн амын төвлөрөл ихтэй орон нутагт Оюуны өмчийн газрын хэлтэс, тасгийг орон нутагт байгуулах боломжийг нээх асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.

Оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээдийн оролцооны хүрээнд хамтын удирдлагын байгууллага болон оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааны хүрээнд оюуны өмчийн үнэлгээ хийх, тэрхүү үнэлгээг хийх эрх бүхий субьект үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хэрхэн авах, түүний үйл ажиллагааг чиг үүргээс гадна оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлсон байна. Ийн зарчмын зөрүүтэй 18, найруулгын шинжтэй 3, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх 2 саналыг томьёолсон болохыг Н.Оюундарь гишүүн танилцуулав.

 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, хуулийн төслийн нэрийг “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” гэснийг “Оюуны өмчийн тухай" гэж өөрчлөхийг, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтын “ёс” гэснийг “зан” гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “бүтээлийн санд” гэснийг “мэдээллийн нэгдсэн санд” гэж, 7 дугаар зүйлийн гарчгийн “өмч” гэснийг “өмчийн эрх” гэж, 7.1 дэх хэсгийн “өмчид” гэснийг “өмчийн эрхэд” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түүчнлэн төслийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсгийг нэгтгэн “7.3.Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохих журмын дагуу энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3-т заасан зүйлийг бүртгэж патент, 7.1.4, 7.1.5-т заасан зүйлийг бүртгэж гэрчилгээ тус тус олгоно.” гэж дурдсанаар өөрчлөн найруулахыг дэмжсэн. Мөн төслийн 25 дугаар зүйлийг, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсгийг тус тус хасахыг дэмжсэн юм. 

Ийнхүү нэг бүрчлэн санал хураалт явуулсны дараа энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.