Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.08) хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Б.Пүрэвдорж нар ажилласан байна. Хууль санаачлагч оюуны өмчийг бүтээхийг урамшуулах, хамгаалах, үнэлэмжийг өсгөх, эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, эдийн засгийн эргэлтэд оруулахад үзүүлэх төрийн дэмжлэг зэргийг төсөлд тусгажээ. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан байна.
Хуулийн төслийн нэрийг өөрчлөх, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлж, хүн амын төвлөрөл ихтэй орон нутагт Оюуны өмчийн газрын хэлтэс, тасгийг орон нутагт байгуулах боломжийг нээх асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзсэн байна. Оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээдийн оролцооны хүрээнд хамтын удирдлагын байгууллага болон оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааны хүрээнд оюуны өмчийн үнэлгээ хийх, тэрхүү үнэлгээг хийх эрх бүхий субьект үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хэрхэн авах, түүний үйл ажиллагааг чиг үүргээс гадна оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлсон байна. Ийн зарчмын зөрүүтэй 18, найруулгын шинжтэй 3, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх 2 саналыг томъёолсон болохыг Н.Оюундарь гишүүн танилцуулав.
Ажлын хэсгийн танилцуулгын дараа Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэсэн юм