Америкт төгсөгчдийн үндэсний бага хурал тав дахь удаагаа зохион байгуулагдлаа
2019.11.19

Америкт төгсөгчдийн үндэсний бага хурал тав дахь удаагаа зохион байгуулагдлаа

Бага хуралд АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески болон Америкт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн А.Ундраа, одоогийн Ерөнхийлөгч, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засагч Б.Мөнхсоёл тэргүүтэй төгсөгчдийн MASA, LEAD, FLEX холбоодын нийслэл, орон нутгийн 170 гаруй төлөөлөгч оролцов.

Улаанбаатар хотын захын дүүргүүдээс эхлээд 1,460 км-ийн алсад орших Ховд аймгийн сургуулиудын сурагчдад ч мөн англи хэлийг хэрхэн сурч, мэргэжлээ зөв сонгож, дэлхийтэй мөр зэрэгцэх арга замыг нь заах, нийгэмд оролцоотой байхын чухлыг ойлгуулж, ил тод байдлын ач холбогдлыг таниулах зэргээр ирээдүй хойчдоо боломжийг нээх ажлыг Америкт төгсөгч Монгол залуус нэгдэн сайн дураараа хийж байна. 

 

АНУ-ын Засгийн газрын урт болон богино хугацааны тэтгэлгээс гадна тус улсын их, дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн монголчуудын тоо 1,700 давжээ. Тэд дэлхийн шилдэг боловсрол эзэмшээд зогсохгүй нийгэмд хүртээмжтэй төсөл хөтөлбөрийг өөрсдийн санаачилга, сайн дураар хамтран хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 16-ны Бямба гарагт Америкт төгсөгчдийн үндэсний V бага хурлаа зохион байгууллаа.

Америкт төгсөгчдийн үндэсний бага хурлыг нээж Элчин сайд Майкл С.Клечески үг хэлэхдээ “Би Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирээд анх удаа Америкт төгсөгчдийн бага хуралд оролцож байна. Гэхдээ Монголд ирэхээсээ өмнө холбоодын талаар сонсож байсан. Яагаад гэвэл Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоод болох MASA, LEADAA Вашингтонд маш нэр хүндтэй, бусад улс орнуудын холбооноос хамгийн сайн ажиллаж байгаа, үлгэр дуурайлал болохуйц холбоод юм.

Тийм ч учраас ирэх 2020 оны Энэтхэг-Номхон далайн бүсийн Америкт төгсөгчдийн олон улсын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шалгаруулаад байна” гэдгийг онцлоод Элчин сайдын яамны зүгээс монгол, америк залуусын харилцаа холбоог улам өргөжүүлэхийг дэмжиж, англи хэлний сургалт, хөтөлбөрүүдээ улам сайжруулахаа хэлсэн юм.

Гадаадад төгсөгчдийн холбоод дундаас хамгийн өргөн хүрээнд, идэвхтэй ажиллаж байгаа нь Америкт төгсөгчдийн холбоо буюу МАSA гэдгийг УИХ-ын гишүүн А.Ундраа тодотголоо.

“Манай MASA-гийн Удирдах зөвлөлийн барьж авч гүйцэтгэсэн хөтөлбөрүүд нь сайн дурын үйлс буюу ямар нэгэн цалин авахгүйгээр, өөрийн боломжоороо нийгэмд тусгай үйл хийх хандлагыг дэлгэрүүлсэн. Одоогийн Удирдах зөвлөл маань боловсролд түлхүү анхаарч ажиллаж байна.

Элчин сайдын хэлсэнчлэн MASA бол бусад оронд байгаа Америкт төгсөгчдийн холбооноос хамгийн зохион байгуулалттай нь, үлгэр жишээ болдог. Тийм ч учраас цаашид Америкийн соёл буюу нийгэмд идэвхтэй, оролцоотой байхын чухлыг бид залуустаа ойлгуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

Энэ хүрээнд Азийн сан болон бусад олон байгууллагуудтай хамтран өнгөрсөн зун “Залуусын дуу хоолой” үндэсний чуулганыг зохион байгуулсан.  Энэхүү хурлыг зохион байгуулах багт LEADAA болон MASA-гийн олон гишүүд багтсан байсныг дурдах нь зүйтэй. Зөвхөн улс төр, хэвлэл мэдээллийн салбараас гадна байгаль орчны чиглэлээр, авлигын эсрэг гэх мэтээр залуус дуу хоолойгоо нэгтгэж эхэлсэн” хэмээн тэрбээр ярьсан.

Арав гаруй жилийн түүхтэй MASA жил бүр ойролцоогоор 20,000 гаруй ам. долларын төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг. Тэгвэл 2020 онд Education USA хөтөлбөрийг MASA хэрэгжүүлэхээр АНУ-ын Төрийн департаментаас 46,000 орчим ам. долларын санхүүжилтээ амжилттай батлуулжээ.

Энэ нь Америкт төгсөгчдийн холбоо нь тухайн орондоо Education USA хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгогдсон анхны тохиолдол бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд Америкт суралцах хүсэлтэй хүн бүхэнд үнэ төлбөргүй зөвлөгөө сургалтыг тогтмол явуулж, хүүхэд залууст АНУ-д суралцах боломжийг улам ойртуулах боломжтой болох юм. 

 

Түүнчлэн 2019 онд MASA өөрсдөө санхүүжилт босгоод тус бүр 1,000 хүртэлх ам.долларын долоон төсөл шалгаруулж, хэрэгжүүлэх боломжийг Америкт төгсөгч нартаа олгожээ.

Ялангуяа, орон нутгаас залуус маш идэвхтэй оролцож  байгааг Сангийн дэд сайд Х.Булгантуяа онцоллоо. “Хэдийгээр 20 гаруй мянган долларын төслөөр нийгмийн бүх асуудлыг шийдэх боломжгүй ч Америкт сурч боловсорсон залуус маань сайн дураараа, ажлынхаа хажуугаар цаг зав гаргаад сурсан мэдсэнээ, олж авсан боломжоо бусдадаа түгээж, нийгэмдээ боломжийнхоо хэрээр хувь нэмрээ оруулахыг хичээж ажиллаж байна.

2019 онд бид орон нутаг руу чиглэсэн ажлыг түлхүү хийсэн. Нэг явахдаа 2-3 аймгийг хамруулаад, тухайн аймаг дахь төгсөгчидтэйгөө хамтраад ахлах ангийн сурагчдад англи хэл сурах, мэргэжлээ зөв сонгох талаарх лекцүүдийг явууллаа” гэжээ. 

Мөн “АНУ-ын Төрийн департамент 100 гаруй орон дахь Америкт төгсөгчдийн холбоодтой хамтран ажилладгаас хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдгаараа танигдсан нь, олон орнуудын төслөөс Монголын буюу MASA-ийн төсөл шалгардаг нь бахархалтай” хэмээн Х.Булгантуяа ярьсан юм. 

Америкийн Засгийн газраас хэрэгжүүлдэг солилцооны хөтөлбөрийн хүрээнд бий болсон хоёр шинэ холбоо Монголд мөн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Үүний нэг нь 2016 оноос хэрэгжсэн LEAD Mongolia (LEaders Advancing Democracy буюу Ардчиллын төлөөх залуусын манлайлал) хөтөлбөрт хамрагдсан 186 залууг нэгтгэсэн LEADAA (Alumni Association) төгсөгчдийн холбоо.

Тус холбоонд багтдаг салбар салбарын манлайлагч залуус Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах, эрүүл мэндийн бүртгэлийг цахимжуулах, нийгмийн тэгш оролцоог хангах зэргээр 4,534 хүнд шууд үр дүнгээ өгсөн 14 төслийг хэрэгжүүлсэн бол энэ жил зургаан төсөл шинээр хэрэгжүүлэхээр эхлүүлсэн талаар LEADАА-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батзаяа ярив.

Тухайлбал, “Хүртээмжтэй хот” төслийн хүрээнд хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй нүхэн гарцуудын шийдлийг өөрчлөхөөр ажиллаж байгаа юм байна. Мөн орон нутгийн багш нарыг сургах, төсвийн нээлттэй, ил тод байдлыг бий болгох гэхчлэн дурдаж болно.

Харин хамгийн шинэ залуу холбоо бол FLEXАА. Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд 2017 онд эхлүүлсэн ахлах ангийн сурагчдыг АНУ-д нэг жил суралцуулах энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 30 хүүхэд хамрагдаад ирсэн бол яг одоо 20 хүүхэд тус улсад сурч байгаа аж.

Хэдийгээр цөөн гишүүнтэй шинэ холбоо хэдий ч FLEX-ийнхэн сар бүр 15-20 үйл ажиллагаа санаачлан явуулж байна. Энэ талаараа FLEX хөтөлбөрийн төгсөгч хариуцсан ажилтан, 12-р ангийн сурагч У.Цэдэнсодном “Манай хөтөлбөрт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотоос гадна 15 аймгийн сурагч хамрагдсан. Удахгүй 21 аймгийг хамрах байх. Орон нутагт байгаа төгсөгчдөөрөө дамжуулаад бид олон зүйл хийхээр төлөвлөж байгаа” гэлээ

2007 онд анх байгуулагдсанаасаа хойш MASA 300,000 ам.долларын өртөг бүхий хөгжлийн 17 төслийг Монголдоо хэрэгжүүлжээ. Харин энэхүү санхүүжилтийг АНУ-ын Засгийн газар улс орон даяарх төгсөгчдөдөө олгодог.

Үүнээс гадна жил бүр 55,000-аар нэмэгдэж байдаг Америкт төгсөгчдийн сүлжээнд нэгдэж, харилцаа холбоогоо тэлэхийн зэрэгцээ мэргэжлийн хувьд хөгжиж дэмших олон боломжийг олгодог талаар АНУ-ын ЭСЯ-ны ОНХА-ны ажилтан Г.Идэр-Ууган танилцуулсан юм.  

 

Америкт төгсөгчдийн үндэсний бага хурлын төгсгөлд MASA өөрсдөө санхүүжүүлэхээр зарласан тус бүр 1,000 хүртэл ам.долларын санхүүжилт бүхий шилдэг 7 төслийг шалгаруулсан юм. 

Үүнд:

  •  Дархан-Уул аймаг-Америкийн уран зохиолыг Монголын залуучуудад танилцуулах хөтөлбөр
  •  Өвөрхангай аймаг - Uvurkhangai Youth Environmental Conference
  •  Баянхонгор аймаг - Community Youth and Young Professionals’ Development Center
  •  Баян-Өлгий аймаг - Xreading graded online reading book club
  •  Улаанбаатар хот - Youth Empowerment through Art Therapy
  •  Улаанбаатар хот - Хүчирхийлэл үйлддэггүй "ХҮЧИРХЭГ ХӨВГҮҮД" төсөл
  •  Улаанбаатар хот - CINEMA FOR ALL: Inspiring Suburban Teenagers Through Cinema

Ийнхүү хоёр жилд нэг удаа болдог Америкт төгсөгчдийн үндэсний бага хурал үр дүнтэй болж өнгөрлөө. Харин ирэх жил Энэтхэг-Номхон далайн бүс дэх Америкт төгсөгчдийн холбоод Улаанбаатар хотноо чуулж, Америкт төгсөгч Монгол залуусын туршлагуудаас суралцах нь. 

 

Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас жил бүр зарлагддаг Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг  энд дарж авна уу.