2019.11.12

''Газар шим''-ийн шинэ үйлдвэрийн цогцолбор нээлтээ хийлээ

Энэхүү шинэ үйлдвэрийн нээлтэнд ХХААХҮ-ийн сайд, УИХ-ийн гишүүн Ч.Улаан, УИХ-ийн гишүүн Б.Баттөмөр, Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа, Мэргэжилийн хяналтын байгууллага, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөл, хамтран ажилладаг  түнш байгууллагын төлөөлөлүүд оролцож, баяр хүргэн хүндэтгэлийн тууз хайчлав.

Одоогоос 20 жилийн өмнө буюу тэртээх 1999 онд  “ГБТ Трейдинг” ХХК  “Артишок” эрүүл мэндийн ундаа, “Өег”, “Алаг”, “Байцаа”-тай салат,  “Лечо”, “Мөөгтэй лечо”,  “Өргөст хэмх”, зэрэг хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүнээрээ олны танил болсон  Монголд анхны даршилсан ногооны “Газар шим” үйлдвэрийг байгуулж эдүгээ үндэсний үйлдвэрлэгч томоохон компануудын нэг болж чадсан билээ.

“Газар шим” хүнсний үйлдвэрлэл эхэлсэн эхний жил 2 нэр төрлийн 20 мянган шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол өдгөө 200 гаруй ажилтантайгаар 50 гаран нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, салбартаа тэргүүлж байна.

Эдүгээ 20 жилийн ойтойгоо золгосон “ГБТ Трейдинг” ХХК маань ойн баяртайгаа давхцан Герман, голланд улсад үйлдвэрлэсэн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Хүнсний аюулгүй байдлын болон үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрлэл явуулах бүх шаардлагыг бүрэн хангасан шинэ үйлдвэрийн байрыг бүтээн босгож албан ёсны нээлтээ өнгөрөгч бямба /2019.11.09/ гарагт хийлээ.

Монгол Улсын хүнсний салбарт анх удаа  үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP олон улсын стандартын  шаардлагыг хангасан үйлдвэрийг байгуулжээ. GMP / Good manufacturing practice/ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандарт шаардлага юм. GMP буюу Үйлдвэрлэлийн зохистой дадал гэдэг нь хүнсний үйлдвэрлэл явуулах эрүүл аюулгүй цэвэр орчин, технологийн урсгал, хүнс үйлдвэрлэхэд тавигдах зохих шаардлагуудыг бүрэн хангасан нөхцөлийг хэлнэ.

Мөн Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO/IEC 22000:2005   олон улсын стандартуудыг амжилттай хэрэгжүүлж үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

 Герман улсад үйлдвэрлэгдсэн бүрэн автомат савлах шугамыг суурилуулан ашиглалтад оруулснаар хүнсний ногоо, жимс боловсруулан нөөшлөх иж бүрэн цогцолбор бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ. Ингэснээр нэг цагт 4000 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шугам, 1000 тн хүнсний ногоо хадгалах хөргүүр, 300 тн гүн хөргөлтийн агуулах, 1000 тн хагас боловсруулсан түүхий эд хадгалах агуулах, бэлэн бүтээгдэхүүний агуулах нийтдээ 10000 м2 орчим талбай бүхий иж бүрэн цогцолборыг ашиглалтанд оруулсан амжилттайгаар “Газар шим” үйлдвэр 20 жилийн ойгоо угтаж байна.

Ц.Ганбат: Шинэ үйлдвэр цагт 4000 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж, савлах хүчин чадалтай

Үйлдвэрийн нээлтийн үеэр “ГБТ Трейдинг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганбат хэлсэн үгэндээ “Бидний үйл ажиллагаагаа эхлэхдээ эрхэмлэж байсан зорилго эрүүл хүнс үйлдвэрлэх явдал байлаа. Тийм ч учраас өнөөдөр Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO22000 олон улсын стандарт болон хүнсний үйлдвэрлэлийн салбарт анх удаа Үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP стандартыг амжилттай хэрэгжүүлж байна.

Улмаар бид энэ жилээс БНСУ, ОХУ-д бүтээгдэхүүнээ экспортолж эхэллээ. Эдгээр нь манай компанийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн стандартад хүрсэний баталгаа болсон. Өнгөрөгч хугацаанд бүтээгдэхүүнээ таслахгүйн тулд гурван ээлжээр 24 цагаар ажиллаж ирсэн.

Харин шинэ үйлдвэрийн цогцолбор байгуулж Герман, Голланд улсад үйлдвэрлэсэн иж бүрэн савлагааны шугамыг ашиглалтад оруулснаар хүчин чадал 3 дахин нэмэгдлээ. Энэхүү шугам нь цагт 4000 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж, савлах хүчин чадалтай. Одоо зах зээлд нэмж олон шинэ бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэж буй бөгөөд экспортод гаргахад идэвхийлэн ажиллах нөхцөл бүрдлээ.

С.Төгсөө: “Газар шим” 20 жилийн дараа өөрийн гэсэн үйлдвэрлэлийн байртай боллоо

“ГБТ Трейдинг” ХХК-ийн дэд захирал С.Төгсөө “Бид бүхний хувьд хамгийн сайхан баяртай мөч өнөөдөр тохиож байна. Компани байгуулагдаад 20 жил болсон. Эргээд харахад уртын урт замыг туулжээ. Туулсан зам минь үргэлж дардан байсангүй. Манайх үйлдвэрлэлээ эхэлснээс хойш үргэлж түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байлаа.

Өнөөдөр өөрийн гэсэн үйлдвэрлэлийн байртай боллоо. Энэхүү үйлдвэр маань олон улсын стандартын шаардлагыг бүрэн  хангасан, хүчин чадал өндөртэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсоноороо улсдаа анхдагч. Тийм учраас өнөөдөр миний хувьд хамгийн баярт өдөр тохиож байна ” хэмээн 20 жилийн нөр их хөдөлмөр, амжилтын талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

Ч.Улаан: Иргэдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад “Газар шим”-ийнхэн тэргүүн эгнээнд алхаж байна

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Хүнсний ногоо жимс жимсгэнэ тариалагчдын улсын анхдугаар зөвлөгөөнийг тун саяхан зохион байгуулсан. Энэ зөвлөгөөнөөр ард иргэдээ эх орны хөрсөнд ургасан экологийн цэвэр витаминлаг хүнс тэжээлээр хүрэлцээтэй хангах ажлыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг асуудлыг ярилцсан.

Хүнсний ногоог тарьж ургуулахаас эхлээд түүнийг шинээр нь хадгалах, удаан хугацаанд хэрэглэх бололцоо олгох боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих, газар тариалан боловсруулах үйлдвэрийг хоршуулан хөгжүүлэх нь төр засгийн анхаарах асуудал гэдэг дээр санал нэгдсэн.

Энэ чиглэлд манай “Газар шим”  компани амжилтад хүрч арвин туршлага хуримтлуулжээ. Одоо шинэ технологиор баригдсан дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр бүрэн хэмжээнд ашиглалтад орууллаа. Энэ бидний барьж буй бодлого үйл ажиллагаатай нягт уялдаж буй юм.

Энэ мэт олон үйлдвэрийг бид бодлогоор дэмжиж ажиллах ёстой. Цаашид ард, иргэдээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах үйлсэд амжилтаа бататгаж, арвин хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Та бүхэнд амжилт хүсье. Та бүхэн энэ их ажлын тэргүүн эгнээнд явж байгаад давхар баяр хүргэе” гэлээ. 

“ГБТ Трейдинг” ХХК бүтээгдэхүүнээ өөрсдийн боловсруулсан монгол технологи, жороор үйлдвэрлэж тогтворжуулагч бодис ашиглахгүй зөвхөн дулааны боловсруулалт хийх замаар даршилдаг гэдгээр онцлогтой. Энэ чиглэлээр үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлж энэ төрлийн бүтээгдэхүүний дотоодын зах зээл дээрх тэргүүлэх байр сууриа улам бататган ажиллахыг зорьж буй юм байна. 

Энэ зорилгын хүрээнд 2011 онд “Артишок” эрүүл мэндийн ундааг үйлдвэрлэн гаргасан. Энэхүү ундааны түүхий эдийг “Газар шим” үйлдвэрийн ажилчид өөрийн гараар тарьж ургуулахаас гадна эцсийн бүтээгдэхүүн болгон худалдаанд гаргадаг байна. Ундааны түүхий эдийг Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь өөрийн хүлэмжийн аж ахуйдаа тарьж ургуулдаг аж.

Энэ талаар “ГБТ Трейдинг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганбат “Бид эрүүл чанартай хүнс үйлдвэрлэх зорилготой. Тиймээс бүтээгдэхүүндээ ямар нэгэн химийн болоод тогтворжуулах бодис ашиглахгүй байхыг хичээдэг. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, зохицуулах үйлчилгээтэй “Артишок” ундааг үйлдвэрлэж эхэлсэн. Энэ ундааны түүхий эдийг бид өөрсдөө тарьж ургуулж, боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Артишок эрүүл мэндийн ундаа нь органик хүнсний шаардлага хангаж байгааг баталгаажуулахаар зохих баталгаажуулалтын байгууллагад хандан ажиллаж буй бөгөөд хяналтын эхний шатны шаардлагыг хангаж хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг нээлтийн үеэр гардууллаа. 

Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэн, түүхий эдийн хангалт, чанарыг сайжруулахад анхааран ажиллаж ногоочдыг дэмжин ажилласнаар тус хамт олон энэ онд дотоодоосоо 1000 орчим тн ил талбайд тариалсан өргөст хэмх худалдан авч боловсруулсан байна. 

Ийнхүү “Газар шим” үйлдвэрийнхэн баяр, жаргалтай хором мөч бүрт айл айлын ширээн дээр алаглан байдаг амтат салатыг дэлхийн стандартаар бүтээн таны гарт хүргэж байна. Хорин жилийн турш амьдралд “амт” нэмсээр ирсэн хамт олонд ойн баярын мэнд хүргэе.