Д.Оюунхорол: Төрийн их дээд сургуулиудыг нэгтгэх асуудлыг байнгын хороогоор дахин хэлэлцээд Засгийн газарт чиглэл өгнө
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролтой төрийн өмчийн их дээд сургуулиудыг нэгтгэх судалгааны талаар ярилцлаа.
-Төрийн өмчийн найман их, дээд сургуулийг нэгтгэж, нэг том судалгааны чиглэлийн сургууль байгуулах асуудлыг судалсан байна. Ямар ямар сургуулийг нэгтгэхээр судалгаа хийсэн бэ?
-Судалгааны их сургууль байгуулах боломжийг судалж үзэж байна. Эхний ээлжид МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, ХААИС, СУИС, УБИС, ХҮИС зэрэг найман их сургуулийн хэвд судалгаа хийж үзсэн.
-Ингэснээр манай улсын боловсролын салбарт ямар үр дүн, өөрчлөлт гарна гэж үзэж байгаа вэ?
-Монголчууд бид үр хүүхдэдээ чанартай сайн боловсрол олгохыг хамгийн чухалд үзэж хамаг хөрөнгө мөнгөө түүнд зориулж ирсэн. Энэ бол үр хүүхдийнхээ ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Гэтэл энэ оруулсан хөрөнгө оруулалт нь эцэстээ жолооч, худалдагч бэлтгэхэд хүргэвэл хэчнээн харамсалтай бөгөөд хөрөнгө оруулсан үр дүн байхгүй болно гэсэн үг биз дээ. Өнөөдөр манай дээд боловсролын чанарын асуудал шүүмжлэл дагуулсаар байна. Үүнд хэд хэдэн гол шалтгаан байна гэж үзэж байна.
Нэгд, манай их сургуулиудын төсвийн 70-80% хувь нь оюутны төлбөрөөс бүрдэж байна. Тийм учраас их сургуулийнхаа хэвийн үйл ажиллагааг хангахын тулд аль болох олон оюутан элсүүлэхийг тэргүүн зорилго болгож байна. Энэ байдал энэ хичээлийн жилд их тодорхой харагдлаа. Энэ жил ЕБС төгсөгчдийн тоо бараг хоёр дахин буурсан. Тэднийг элсүүлэхийн тулд их сургуулиуд дахин элсэлт явуулах, орой эчнээ ангид элсэлт авах зэрэг түр зуурын арга хэмжээ авч байна. Энэ нь сургалтын чанарт ямар нөлөө үзүүлэх вэ.
Хоёрт, манай боловсролын системд сүүлийн 20 гаруй жил буруу тогтолцоо бий болсон. ЕБС төгсөгчдийн 80 хүртэл хувь нь дээд сургуульд ордог болсон. Гэтэл мэргэжилтэй ажилчид бэлтгэх, дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоо алдагдсан. Дэлхийн нийтлэг жишиг бол их дээд сургуульд ЕБС төгсөгчдийн 30-50 хувь нь элсэж байдаг.
Гуравт, манайд оюуны чадавхын үнэлгээ буурсан. Үүнээс болж их дээд сургуулиудын чанар муудсан. Хэрэв бид судалгааны их сургууль байгуулбал, авьяастай, оюунлаг багш, оюутны төвлөрөл бий болно. Судалгааны их сургуулийн төсвийн бараг 30-40 хувийг төсөл, судалгааны ажлын санхүүжилтээр бүрдүүлэх боломж бүрдэнэ. Ийм нөхцөлд их сургуулиуд тооны хойноос бус авьяасын хойноос хөөцөлдөх болно. Нөгөө талаас, судалгааны их сургуулийг төрөөс дэмжих шаардлагатай. Ингэснээр эрдэмтэн багш нарын хөдөлмөрийг бодитой үнэлж, цалин хөлс нийгмийн халамжийн асуудлыг цоо шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ. Энэ нь сургалт, судалгааны ажлын чанарт эерэг нөлөөлөх болно.
Өнөөдөр манай иргэд хүүхдээ хувийн цэцэрлэг, бага дунд сургуульд оруулахад хөрөнгө оруулалт хийдэг болжээ. Тэгвэл манай улс нэг дэлхийн төвшний сургалт судалгаа явуулдаг их сургуультай болбол тэнд хүүхдээ сургах гэж хүн бүр бодох болно. Яагаад гэвэл гадаадын өндөр үнэтэй их сургуульд сургах гэж их зардал гаргаснаас эх орондоо түүнээс хэд дахин бага үнээр түүнээс дутахгүй чанартай боловсрол эзэмшүүлэх нөхцөл бүрдэнэ. Энэ бол хамгийн чухал ач холбогдол үр дүн гэж бодож байна.
Нөгөө талаас, Манай их сургуулиудын хөгжлийн түүхийг харвал нэгд зөвхөн сургалтад чиглэсэн байдлаар хөгжиж ирсэн. Хоёрт, нарийн мэргэжлийн чиглэлээр төрөлжсөн байдлаар хөгжиж ирсэн. Улс орон бүрд сонгодог утгаар байгуулсан их сургууль байдаг. Өөрөөр хэлбэл, байгалийн ухаан, нийгэм хүмүүнлэгийн ухаан, бизнесийн удирдлага, инженер, анагаах ухаан, урлаг гээд олон салбартай их сургуулиуд салбар дундын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлж, тодорхой үр дүнд хүрч байгааг бид гадаадын олон улс орны жишээнээс харж болно.
Хоёр хөршийнхөө сүүлийн 10-15 жилийн дотор авч хэрэгжүүлсэн туршлагыг үзвэл 2009 оноос ОХУ мужийн төв хотуудад байгаа төрөлжсөн их сургуулиудаа нэгтгэж, Холбооны их сургууль гэсэн статус олгосон байдаг. БНХАУ гэхэд бүр 90-ээд оны үеэс дэлхийд дээгүүр орох 100 их сургуультай болно гэсэн зорилт тавьж, хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлж, 700 гаруй их сургуулийг энд хамруулан хэд хэдээр нь нэгтгэсэн байна.
Эдгээр зохион байгуулалтын үр дүнд 10 жилийн дараа ОХУ-ын 15 их сургууль дэлхийн шилдэг 500 их сургуульд БНХАУ-ын 4 их сургууль дэлхийн эхний 100 шилдэгт багтсан байна. Бид өнөөдөр ийм алхам хийж төр засгаас бодитой дэмжлэг үзүүлж чадвал 10-15 жилийн дотор дэлхийд үнэлэгдэх их сургуультай болох боломжтой гэж үзэж байна.
-Тэгэхээр төрийн өмчийн хэдэн сургуультай болох вэ?
-Төрийн өмчийн хэдэн их сургуулийг нэгтгэх, хэдэн их сургуультай байх, ямар үе шаттай хэрэгжүүлэх зэрэг асуудал бол Засгийн газрын шийдэх асуудал юм. Төрийн бодлогын хувьд УИХ-аас энэ асуудлыг судалж үзээд манай улсын эдийн засгийн хөгжил дэвшил, нийгмийн тогтвортой байдлыг хангах, технологийн шинэчлэлийг үр өгөөжтэй богино хугацаанд хийх нэг чухал үндэс бол судалгааны дор хаяж нэг сайн их сургуультай болох явдал гэж үзэж байна. Ийм их сургуультай болбол бид хүн ардынхаа үр хүүхдийг эх орондоо дэлхийн төвшний мэдлэг, ур чадвар олж авах бололцоогоор хангах наад захын ач холбогдолтой юм.
-Энэ асуудлыг салбарын сайд нь Засгийн газарт танилцуулна гэж байна. Тэгэхээр цаашдаа ажил хэрэг болох боломж бий юү?
-Байнгын хороогоор энэ асуудлыг бид дахин авч үзээд Засгийн газарт чиг үүрэг өгөх бодолтой байна. Засгийн газар энэ хэлэлцүүлгийн үр дүнг үндэслэн тодорхой алхам хийнэ гэж бодож байна. Гэхдээ энэ бол урт удаан хугацаанд хэрэгжих мега төсөл гэдгийг бас хэлэх нь чухал гэж бодож байна.
Ер нь бол төрийн их сургууль хэд байх нь гол асуудал биш, энд тооноос илүүтэй чанарын асуудал чухал. Бид чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх, дэлхийн төвшинд монгол оюун ухаанаа үнэлүүлэх, Монголын авьяас чадвартай залуучуудын хүчийг улс орныхоо хөгжил дэвшилд чиглүүлэх зэрэг асуудлыг урьтал болгож тавьж байна.
-Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос ч олон санал гарч байсан. Эдгээр саналыг тусгах, авч үзэх боломж бий юү?
-Хэлэлцүүлэг их үр дүнтэй болсон гэж бодож байна. Дийлэнх оролцож үг хэлсэн хүмүүс дэлхийн төвшинд хүрсэн их сургуулийн үндэс суурийг одооноос тавих ёстой гэдэгтэй санал нэг байсан. Санаа зовсон, сайн ойлгоогүй хүмүүс ганц нэг байсан. Тэдний санаа бодол ч бас их чухал гэж бодож байна. УИХ-ын дарга хэлсэн үгэндээ эмх замбараагүй байдлаа бид нэгдэж байж цэгцэлж, цэгцэрнэ гэсэн санаа хэлсэн. Одоо цэгцлэх, цэгцрэх цаг болсон.
Сэтгүүлч Л.Одончимэг