129-р сургууль, 214-р цэцэрлэг нам даралтын зуухаа хийн халаалтын зуухаар солилоо
2019.10.16

129-р сургууль, 214-р цэцэрлэг нам даралтын зуухаа хийн халаалтын зуухаар солилоо

Сонгинохайрхан дүүрэг төвийн дулаанд холбогдоогүй сургууль, цэцэрлэгүүдээ хийн түлшээр халаах ажлыг бид шат дараатай хийж байна. Хэдхэн хоногийн өмнө 196-р цэцэрлэг хийн түлшээр халдаг болсон бол өнөөдөр 129-р сургууль мөн хийн түлшээр халдаг болж байна. Хамгийн үр дүнтэй урт хугацааны арга бол хийн түлш юм.

БОАЖЯ нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлуулан, бохирдлын эх үүсвэрийг багасгаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн 5 зорилт 60 гаруй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

2019 онд Байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж, хог хаягдлыг эх үүсвэр дээр цуглуулах, ангилан ялгах, хаягдлыг бууруулах зохистой менежментийг нэвтрүүлэхэд чиглэсэн шат дараалсан ажлуудыг хийж байна.

Тухайлбал Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлаж буй нийт 21 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухнуудыг цахилгаан, газрын гүний дулаан болон  хийн халаалтын дэвшилтэт техник технологиор солих ажлыг хэрэгжүүлж байна. Нийслэлийн 129, 214, 139, 221 дугаар сургууль, цэцэрлэгийн цогцолборуудын нам даралтын зуухыг хийн халаалтын зуухаар солих ажлын гүйцэтгэгчээр “Газком” ХХК шалгарч, Япон улсын “Риннай” компанийн хийн халаалтын тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, өнөөдөр хүлээлгэн өглөө.

“Газком” ХХК нь жилийн турш тоног төхөөрөмжийн засвар ашиглалт, хийн хангамжийг бүрэн хариуцан ажиллах бөгөөд  БОАЖЯ-ны Цэвэр технологийн хэлтэс технологийн үйл ажиллагаанд мониторинг хийж ажиллах юм байна.

Өнөөдөр хийх халаалтын дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэн халаалтын асуудлаа эко байдлаар шийдэж буй  СХД-ийн 11 дүгээр хорооны 129- р сургууль, 214- р цэцэрлэгийн цогцолбор нь нийт 2,420 м2 талбайтай. Жилд 400 орчим тонн түүхий нүүрсээр галладаг байжээ. Тус сургууль, цэцэрлэгт нийт 580 хүүхэд 61 багш, ажилчидтай. Уг цогцолборын халаалтыг хийн халаалтын зуухаар шийдсэнээр 120 тонн орчим үнс, 1144 тонн  орчим СО2 –ыг буюу нүүрс төрөгчийн хийг бууруулахаас гадна сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд ая тухтай дулаан орчинд суралцах нөхцөл бүрдэж байна.

Цаашид “Газком” ХХК-нь 4 цэцэрлэг, сургуулийн халаалтыг хийн халаалтын аргаар шийдвэрлэж буй бөгөөд Япон улсын  олон улсашд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр технологийг мэргэжлийн баг хамт олон хариуцан гүйцэтгэж буйгаараа онцлог юм.

Төр, засгаас агаарын бохирдолтой тэмцэх ажлыг үе шаттай, уялдаа холбоотой хийж буйн илрэл энэ юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн сайжруулсан шахмал түлш түлэх нь хангалтгүй бөгөөд олон төрлийн ажлыг төрөөс бодлогоор дэмжин хэрэгжүүлж буйн бас нэг жишээ нь халаалтын асуудлыг хийн буюу газын аргаар шийдвэрлэж буй явдал юм.