Ц.Цогзолмаа: Уул уурхайгаас илүү орлогыг “Hu”-гаас олохыг үгүйсгэхгүй
2019.10.24

Ц.Цогзолмаа: Уул уурхайгаас илүү орлогыг “Hu”-гаас олохыг үгүйсгэхгүй

Ирэх оны төсвийн талаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.
-Ирэх оны төсвийн төсөл хэр бодитой болсон гэж харж байна вэ. Хэлэлцүүлгийн үед та багагүй шүүмжилж байсан?

-Монгол Улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. Татвараас бүрдсэн төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах  төрийн гаргаж буй төсвийн бодлогыг УИХ баталж хууль болгож хэрэгжүүлдэг ийм зохицуулалттай. Төсөв бол хууль. Нэг  ч үг, өгүүлбэрийн агуулгын зөрүүгүйгээр хэрэгжээд явах учиртай. Миний хувьд гишүүн болсноосоо хойш дөрөв дахь жилдээ төсөв батлах гэж байна. Үнэнийг хэлэхэд би жил бүрийн төсөвт шүүмжлэлтэй хандаж ирсэн.

-Яагаад вэ?

-Татвар төлөгчийн мөнгийг яаж  үр ашигтай  зарцуулах уу гэдэг тухайн жилийн нийгэм, эдийн засгийн зорилгыг тодорхойлох маш том асуудлыг төсөв дор хэлэлцдэг. Ирэх оны төсөв өмнөх жилээс ялгаа нь юу байх вэ, ахиц нь юу байх, ямар салбарт хөрөнгө оруулалт илүү хийх үү гэдгийг өмнөх оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулж төсвийг төлөвлөх ёстой. Төсвийн гүйцэтгэлд хийсэн  аудитын дүгнэлтийг зүгээр сонсоод өнгөрдөг байж болохгүй. Аудитаас гаргасан зөвлөмжүүдийг төсвийн гүйцэтгэлээр сайжруулж хянаад явах нь төрийнхөө тогтолцоог эрүүл болгох том хөшүүрэг.

Харамсалтай нь бид аудитын дүгнэлтийг сонсох төдий болдог. Дараа жил нь дахиад л өмнөх жилийнхтэй адил зөрчлүүд  гарсаар байгаа нь төрийн санхүү мөнгөний сахилга батыг сайжруулах механизм төдийлөн сайн ажиллахгүй байна гэсэн дүгнэж болно. Төсвийг иж бүрэн харж тухайн жилийн онцлог нь юу вэ, аль салбараа хөгжүүлэх үү гэдгээ маш тодорхой болгох хэрэгтэй. Жишээ нь аж, үйлдвэрээ дэмжих бол төсвийн хөрөнгө оруулалтын гол фокус нь 21 аймагт жижиг, дунд үйлдвэрүүд барьж байгуулах,  ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулах зэргээр асуудлыг бүхэлд нь харах хэрэгтэй.

Төсөв бол нэг талаасаа татварын мөнгө, нөгөө талаасаа хязгааргүй мөрөөдлийн жагсаалтыг хязгаарлах буюу хязгаарлагдмал хөрөнгөөр хязгааргүй асуудлуудаас эрэмбэлэн шийдэх явдал. Энэ дундаас оновчтой зөв эрэмбийг гаргаж өнөөдөр нэн түрүүнд тулгамдсан асуудал нь энэ мөн үү, үгүй юу. Хэрэв тухайн асуудлыг хойшлуулбал эдийн засагт хор хөнөөл бий юу, байхгүй гэж үзвэл өөр чухал асуудал руу хөрөнгө оруулалтаа хийх ёстой. Өөрөөр хэлбэл нэг асуудлаа бүрэн дуусгасны дараа нь дараагийн асуудалд хөрөнгө оруулалтаа явуулдаг дэлхийн улс орнуудын сайн жишгээс суралцаж байгаа сайн тал бий.

Тухайлбал, сүүлийн хоёр жилийн хугацаанд сургууль, цэцэрлэг нэлээд хэд баригдаж хүртээмжийн асуудал үндсэндээ шийдэгдэж хүүхдүүд сугалаа сугалахгүйгээр цэцэрлэгт орох боломжийг бүрдүүлж байгаа. Тэгвэл үүний дараа  боловсролын салбарын дараагийн асуудал нь юу байх уу гэхээр тэр барьсан гоё байшингуудад нь хүүхэд тоглох тоглоомгүй, суух сандал, ширээгүй байж болохгүй. Тэр чиглэлд хөрөнгө оруулалт шаардагдана гэсэн үг.

Цаг үеэ мэдэрсэн, хүндээ хэрэгтэй, үр ашигтай төсөв байх төлөвлөлтүүдийг хийгээсэй гэж хүсдэг. Өнөөдрийн практикаас харахад  гишүүд бүр тойрог тойргийнхоо эрх ашиг, сонгогчдоо амласан амлалтаа биелүүлэх гэдэг тэр хүрээнд төсвийн асуудалд ханддаг нь  үндсэндээ төсвийн үр ашигтай байх зарчим алдагдсан гэж хэлж болно. Энэ нь эргээд хөгжлийн концепцтой холбоотой томоохон асуудлуудад хөрөнгө тавьдаг байдал нь дутмаг байна гэсэн үг.

–Гишүүд тойрог тойрогтоо хөрөнгө оруулалт ахиухан хуваарилуулах гэсэн хандлага  төсөв хэлэлцэх бүрт гардаг. 2020 оны төсөвт тойргуудад ялгаварлалтай хөрөнгө оруулалт суулгасан гэж гишүүд шүүмжилж байгаа. Концессын эргэн төлөлтийг өгч байгаатай холбоотойгоор зарим аймгийн төсвийн хөрөнгө оруулалт өндөр харагдаж байгаа гэдэг тайлбарыг ч зарим гишүүн хэлж байна?

-Засгийн газарт ажиллаж байсны хувьд хэлэхэд, өмнө хийгдсэн ажлын санхүүжилт нь олгогдоогүй хүлээгдэж байгаа нь бодит үнэн. Нөгөө талдаа мөн царцсан барилгууд ч бий. Эдийн засаг өсөлттэй гарч тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөний эх үүсвэрүүд бий болж байгаа тохиолдолд царцсан барилгуудыг барьж дуусгах бодлогыг барьж байгаа нь зөв. Өмнөх Засгийн эхлүүлсэн ажил гээд орхих боломжгүй. Төрийн залгамж чанар үргэлжлэх л ёстой. Нөгөө талаас Засгийн газрын хүлээсэн үүрэг гэж  харах хэрэгтэй.

Гагцхүү тухайн концесс хэр хуулийн дагуу явав, журмынхаа дагуу тендер, сонгон шалгаруулалтаар ороод гүйцэтгэл, үйл ажиллагаа нь чанартай тийм концессыг шийдээд явах бололцоотой. Харин эсрэгээрээ концессоор хийх шаардлагагүй асуудалд мөнгө гаргаж хийж байгаа бол шударга бус явдал. Тойргуудын хөрөнгө оруулалтын хуваарилалттай холбоотойгоор гишүүд ч шударга шүүмжлэлүүдийг хэлж байгаа. Тойрогтоо өндөр төсөв тавиулж байгаа тэр гишүүн нь ч ичиж зовж, санаа зовдоггүй юм. Нэг талдаа шударга дүр эсгэж нөгөө талд шударга бус үйлдэл хийдэг байж болохгүй.

-Таны сонгогдсон тойрогт хэдэн төгрөг төсөвлөсөн юм бэ?

-Би хэл ам хийгээд явах сонирхолгүй. Гагцхүү зарим хүн асуудалд жаахан шударга хандчихвал болох юм л даа. Ирэх оны төсөвт миний тойрогт тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт суусан. Мэдээж гомдолтой л байна. Сүхбаатар дүүргийн зургаан хороо, Багануур дүүргийн нэг хороо гээд нийт долоон хорооныхоо нийгмийн салбарын хөрөнгө оруулалтад  тэрбум төгрөгийг хуваарилахад хаана нь ч хүрэхгүй нь тодорхой. Төсвийн асуудалд миний барьж байгаа гол байр суурь бол дээр хэлсэнчлэн он дамжиж байгаа сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын хөрөнгө санхүүг шийдвэрлэх нь чухал. Мөн газрын маргаантай асуудал их байна.

Иргэдээс газрыг нь авахдаа “Та газраа чөлөөлөөд өгчих, төсөвт хөрөнгө  нь суухаар мөнгийг нь өгнө” гээд иргэнээ хохироож байгаа асуудал бас байна. Төрийн ажлыг хийж байгаа нэрээр мөрөөрөө ажиллаж амьдарч байгаа жирийн иргэдээ хохироож болохгүй. Ийм асуудал ганц миний тойрог гэлтгүй Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд бүрийн тойрогт бий. Тэгэхээр Тендерийн тухай хуулиа сайжруулах шаардлага тулгарч байна. Яамдууд цэвэр бодлогын үйл ажиллагаа руугаа орж ажиллаж чаддаггүй нь тендертэй холбоотой байдгийг би БСШУС-ын  сайдаар ажиллаж байхдаа олж харсан. 

Боловсролын яам биш барилгын яам шиг тендерийн асуудалд дарагддаг. Цахим болж ажил нь харьцангуй хөнгөвчлөгдсөн ч гэлээ мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд нь тендерийн ажлаа хариуцдаг болох шаардлагатай. Харин захиалагч тал нь яам өөрөө байх энэ зохицуулалт руу орох нь зөв. Ингэхгүйгээр яам үндсэн бодлогын ажлаа явуулж чадахгүй. Төрийн ажлын зөв зохион байгуулалт, менежментийг сайжруулах асуудал төсвийнхөө үр ашиг, чанарыг дээшлүүлэх асуудалтай зэрэгцэж хамт явж байх ёстой.

-Төсвийг бүхэлд нь харвал ирэх оны эдийн засагт авчрах үр өгөөжийг нь хэрхэн харж байна вэ?

-Дээр хэлсэн, гишүүд тойрог тойрогтоо хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх гэдэг болохоос биш улсын нэгдсэн бодлогод чиглэгдэж чадахгүй байна л даа. Тухайлбал 2020 онд уул уурхайгаа илүү хөгжүүлэх үү эсвэл хүнс, хөдөө аж ахуйн салбартаа төвлөрөх үү гэдэг тэр үндсэн чиглэлээ гаргаад төсвөө зарцуулдаг болбол төсвийг үр өгөөжийг бүхэлд нь харж болно. Харамсалтай нь өнөөдөр асуудалд нухацтай, шинжлэх ухаанч, тооцоо судалгаатай хандах хандлага үгүйлэгдэж байна. Жишээ нь нефть боловсруулах үйлдвэр барьж байгаа нь сайн хэрэг. Эдийн засгийн өндөр үр ашигтай ийм төсөл. Гэтэл нөгөө талдаа бид өнөөдөр алдаа гаргачхаад л сууж байна.

-Ямар?

-Боловсон хүчний асуудал. Үйлдвэр ашиглалтад орсны дараа гаднын инженерүүд урьж ажиллуулах уу. Уг нь бол үйлдвэрийн бүтээн байгуулалттай зэрэгцээд инженер, боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй. Аливаа улс орнуудын хөгжил цогцоороо, системтэйгээр бодлоготойгоо цогц явдаг учраас гаднын улсуудын хөгжил бидний нүдэн дээр илт урагшлаад байна л даа. Бид асуудлаа хараад, сонсоод л өнгөрдөг. Дээр нь уйдамтгай, шүүмжлэгч, шинэ зүйлийг явуулах дургүй ийм буруу хандлага өнөөгийн нийгэмд давамгайлж байгаагаас зоригтой шийдвэр хаа хаанаа гаргаж чадахгүй байна.

Нэг ёсондоо чөтгөрийн тойрог дотроо ямар ч хөгжил дэвшил олж харахгүй ийм байдалтай байна. Сошилд хэт хөтлөгдөж, сошилд муу хэлэгдэхгүй хүн сайн хүн мэтээр ойлгодог ийм сэтгэхгүйгээр нийгмийг удирдаж болохгүй. Эсрэгээрээ алдаа, оноо, шүүмж, магтаал хамтдаа байж урагшилна. “Сайн, муу нийлж сав дүүрдэг” гэдэг шиг. Нийгэмд дөнгөж хөл тавих гэж байгаа залуучуудаар жишээ авъя. Тэд мэргэжлээ яаж зөв сонгох уу, аль салбар 10 жилийн дараа эрэлттэй байх, ирээдүйд хүүхдээ ямар сургуульд оруулах уу, хэдэн хувийн зээлээр орон сууцанд хамрагдах уу гэх мэт энэ бүх нийгмийн ирээдүйн зураглал нь иргэндээ маш тодорхой байх ёстой.

Гэтэл өнөөдөр нийгэм нь хүндээ ойлгомжгүй, улстөрчдийн савлагаатай тоглолтуудаар хязгаарлагдаж, иргэн нь  юу ч төлөвлөөд нэмэргүй ийм л нөхцөлд амьдарч байна. Өнөөдөр гаргасан шийдвэр нь маргааш цуцлагддаг, өнөөдөр болохгүй гэсэн зүйл маргааш  хамгийн сайн нь болчихсон ийм үнэт зүйлгүй нийгэмд залуус бухимдахаас ч өөр аргагүй юм даа. Үүнийг өөрчлөх итгэл найдвар бол одоо хийгдэж байгаа эрхзүйн шинэчлэлүүд бага багаар ч гэсэн нийгмийн хөгжлийг урагшлуулах суурь болж өгөөсэй гэж хүсч байна.

-2019 оны төсвийн алдагдал өндөр байгаа. Төсвийн алдагдлыг багасгах боломж байна уу?

-Орлогоо тооцоолж байж зарлагаа гаргах ёстой. Аль болох орлого, зарлага ойртож байж үр ашигтай төсөв болно. Өндөр зарлагатай байна гэдэг нь алдагдалтай төсөв баталж байна гэсэн үг. Энэ алдагдлын хэмжээ нэмэгдэх хэрээр эдийн засгаа татаж унагаана. Орлогыг нэмэгдүүлдэг хэд хэдэн шалгарсан аргууд бий. Хамгийн чухал зүйл бол татварын баазыг өргөтгөх асуудал. Өнөөдөр татвараа нөгөө л авдаг ААН-үүдээсээ аваад, үлдсэнийг нь зээл, тусламжаар орон зайгаа нөхөөд байж болохгүй.

Бодит байдалд татвараас авах нийт орлогынхоо 80 орчим хувийг л авч байна гэдэг бол  татварын зөв зохицуулалт хийж чадахгүй байна гэсэн үг. Орлого олж байгаа хүн бүхэн тэгш татвар төлөх ёстой. Цайны газар ажиллуулж иргэнээс дааж давахгүй өндөр татвар авдаг атлаа хэдэн зуун сая, тэрбумаар орлого олж байгаа ААН-үүдээс татвараа гүйцэт авч чадахгүй байна гэдэг нь шударга бус байгаагийн тод илрэл.

Татварын ямар шатлалд манайд тохирох уу гэхээр бага орлоготойгоос бага татвар, өндөр орлоготойгоос нь өндөр татвар авдаг байх механизмаа сайжруулах шаардлага байгаа. Эдийн засгаа өргөжүүлэх маш том орон зайнуудыг өнөөдөр харахгүй яваад байж болохгүй. Магадгүй гарааны компаниудыг дэмжих тийм төсөв ороод ирвэл эдийн засгийг тодорхой цаг хугацааны дараа тэлэх бодлого болно.

Мэдрэмжтэй төсөв гэж ярьдаг. Тэгвэл гэвэл миний бодлоор “Hu” хамтлагийг төсвийн бодлогоор дэмжчихвэл мэдрэмжтэй төсөв болно. “Hu” хамтлагийн “Gereg” цомог Billboard-ийг тэргүүллээ шүү дээ. Гэтэл өмнө нь тэргүүлж байсан хамтлагуудын зөвхөн цомгийн борлуулалтаас тухайн улсын төсвийн орлогод нь мэдэгдэхүйц хөрөнгө оруулалтуудыг оруулж байдаг. Тэр байтугай дэлхий улс орнууд жижигхэн зүйлээ өнгөлөөд  жуулчдыг татаж байна. Хүүхэлдэйн киноны баатруудаар тоглоом хийгээд орлого олж байхад бид соёлын сэргэн мандалт авчирсан хамтлагаа дэмжих ёстой.

“Би энэ хамтлагт тусалсан” гээд улс төрийн популизм хийх гэж “Hu” хамтлагт наалдах бус харин үүний оронд яаж энэ хамтлагаа дэлхийн зах зээл дээр илүү сайн гаргах уу, юуг нь дэмжих үү гэдэг маш том бодлого гаргавал магадгүй уул уурхайгаас илүү орлогыг “Hu” хамтлагаас олох боломж байхыг үгүйсгэхгүй. Энэ үүд хаалгыг  хамтлагийн залуус нээчхээд байна шүү дээ. Би яагаад энэ хамтлагийг ярьж байна вэ гэхээр намайг БСШУС-ын сайд байхад Б.Дашдондог надтай уулзаж, хамтлаг байгуулах төслөө танилцуулмаар байна гэхэд нь би зорьж очиж уулзаж байсан.

Б.Дашдондог Нарантуул захын наах нь жижигхэн оффистоо төслөө,  хамтлагийнхаа талаар танилцуулахад үнэхээр миний сэтгэл хөдөлсөн.  Би сайдын мэдлийнхээ хүрээнд 30 сая төгрөгийг Соёл урлагийг дэмжих сангаас шийдэж өгч байсан.  Ядаж морин хуураа худалдаж ав, СD-ийнхээ эхийг гарга гээд 30 сая төгрөгийн л тусламж үзүүлсэн. Гэтэл энэ хамтлаг өнөөдөр эдийн засгийн асар том боломжийг нээгээд өгчихлөө, одоо төр дэмжээд л өгөх хэрэгтэй.

–Төсөвт эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийг  хэт өөдрөг төсөөлсөн байсан нь магадгүй орлогын төлөвлөгөө биелэхгүйгээс тодотгол хийх шаардлага гарах юм биш биз?

-Түүхий нүүрсний  хэрэглээ дэлхий дахинд буурч байгаа нь бодит үнэн.Зах зээлийн сезонтой үе гэж байна. Хэрэгцээ өндөр байгаа тэр үед нь нүүрсээ борлуулах нь манай төрийн мэдрэмжтэй шийдэл байх ёстой. Харин хэрэгцээ буурсан үед оруулах бүтээгдэхүүн юу билээ гэдгийг давхар тооцоолоход мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө чухал.  Эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа үед  эдийн засаг ашигтай, эсрэгээрээ буурвал мууддаг хараат байдал одоо ч гэсэн хэвээр.

-Монгол Улс саарал жагсаалтад орсон нь эдийн засагт ямар дохио өгөх вэ?

-Саарал жагсаалтад орсноор Монгол Улсын өмнө том сорилт бий боллоо. Саарал жагсаалтын эрсдэл бага гэж зарим хүн хэлж, улс төр хийж байх шиг байна. Гэтэл асуудалтай болоод л олон улсын байгууллага манай улсыг хяналтдаа оруулснаа дэлхий дахины өмнө зарлалаа. Үүнээс яаж богино хугацаанд гарах уу гэдэг нь бидний даалгавар. Энэ чиглэлд холбогдох албаныхан нь шуурхай ажиллах хэрэгтэй. Хор, хохирлыг нь ард түмэн бүү үүрээсэй гэж хүсч байна. Улстөрчдийн попрол сонин биш.