Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журманд өөрчлөлт орууллаа
2019.10.12

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журманд өөрчлөлт орууллаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар  /2019.10.11/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолын төсөлд бүхэлд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9 дэх хэсэгт заасныг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл” гэсэн нэр томьёотой холбоотой нийт 26 хэсэг, заалтад холбогдох өөрчлөлт оруулж, Үндсэн хуултай нийцүүлэв. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэхтэй холбоотой асуудлыг тодруулж; Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталгаажуулахтай холбоотойгоор хугацаа зааж, түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийн санал, хураалт явуулах үндэслэлийг тодорхой болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ-аас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмж, хууль хоорондын зөрчлийг арилгасан гэлээ. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хороо болон нам, эвслийн бүлэг саналын түвшинд харгалзан үзсэнээс бусад төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтын саналын томьёолол санал, дүгнэлтдээ оруулахгүй байх зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг тус тус боловсруулсан байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлээс “16.2” гэснийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн, харин төслийн 4 дүгээр зүйлээс “16.3 дахь хэсгийн энэ хуулийн 16.1-д заасны дагуу биечлэн хүргэж танилцуулснаас хойш ажлын 3 өдрийн дотор” гэснийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзжээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, О.Батнасан нар асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжсэн учир Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд эцэслэн батлагдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.