Монгол улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна
2019.11.14

Монгол улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.14/ нэгдсэн хуралдаан 10.46 цагт 65 гишүүний ирцтэй эхэллээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. 

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат горимын санал гаргав. Тэрбээр, "Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж батлаагүй байхад дагаж мөрдөх хуулийн төслийг хэлэлцэж болохгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураасныхаа дараа дагаж мөрдөх журмын тухай хуулиа хэлэлцэх хэрэгтэй" гэсэн санал хэллээ.  УИХ-ын дарга Г.Занданшатар, Дагаж мөрдөх журмын хууль нь анхны хэлэлцүүлэг учраас, батлах үед дараалал нь чухал болно гэдгийг тодотгоод, хууль, журам зөрчсөн зүйл байхгүйг хэллээ. 

Ийнхүү чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа.

Гишүүд байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.