Ё.Баатарбилэг сайд Дорнод аймагт ажиллалаа
2019.10.14

Ё.Баатарбилэг сайд Дорнод аймагт ажиллалаа

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд /БСШУСЯ/ Ё.Баатарбилэг өнгөрсөн өдрүүдэд Дорнод аймагт ажилласан байна. Тэрбээр Чойбалсан хотын соёл, спортын салбарын 500 гаруй төлөөлөл, ажилтан, албан хаагчтай уулзаж, салбарын үйл ажиллагаа, бодлого, зорилтоо танилцуулжээ.

Үүний дараа тус аймгийн сургууль, цэцэрлэг, нийтийн номын сан, драмын театрын төлөөллүүд салбарын тулгамдсан асуудлаа сайдад уламжилсан байна. Ингэхдээ тэтгэврийн нас, цалин хөлс, нийгмийн хангамж сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг хүсчээ.

Энэ үеэр салбарын сайд хэлсэн үгэндээ Дорнод аймагт энэ онд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүд 2020 онд бүгд биелэлээ олж, ашиглалтад орно гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр 12 дугаар сургуулийн дээврийн засвар, есдүгээр цэцэрлэгийн техник, тоног төхөөрөмж, нийтийн номын сангийн уншлагын танхимын засвар зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээ амлажээ.