“Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс” нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өнгөрсөн баасан гарагт “Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт ХХАА-н сайд Р.Бурмаа, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагын гишүүд, орон нутгийн төлөөллүүд оролцлоо.
“Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс” хэлэлцүүлэг нь мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эмнэлгийн үйлчилгээ, Газар тариалангийн үйлдвэрлэл, Орон нутгийн хөгжил, бизнес үйлдвэрлэл эрхлэх загвар гэсэн нийт гурвэн үндсэн салбар хуралдаан боллоо. Хуралдааны эцэст салбар тус бүрийн цаашдын хөгжил, арга замыг тодорхойлохуйц журмын төслийг хэлэлцэж, зөвлөмжийг гаргасан юм.
Мал аж ахуйн салбар хуралдааны үеэр Халх гол чөлөөт бүсэд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх өнөөгийн боломж, нөхцөлийн талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх журам, зөвлөмжийг гаргалаа. Ингэхдээ зайлшгүй Мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагааны журам шаардлагатай гэдэг дээр зөвлөгөөнд оролцогчид санал нэгдсэн юм. Үүний үр дүнд нийтлэг үндэслэл, мал эмнэлгийн хяналтын цэгийн удирдлага, зохион байгуулалт, мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагаа гэсэн гурван бүлэг журмын төслийг хэлэлцсэн юм. Ингэснээр малын эрүүл ахуйг хянах боломж бүрдэх юм байна.
Газар тариалангийн салбар хуралдаанаар “Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс”-д тариалагдах ургамал, түүний онцлог, болон технологийн шийдлийн талаар хэлэлцсэн юм. Халх гол нь бусад бүс нутагтай харьцуулахад тал газар гэдгээрээ илүү онцлог байдаг аж. Тиймээс өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн хөрс эргүүлэх технологийг шинэчлэх нь зүйтэй гэдэг дээр эрдэмтэн, судлаачид санал нэгдэж байлаа. Хөрс эргүүлэх технологийг ашигласнаар хөрсний үржил шимтэй хэсгийг хөрсөн дээр гаргадаг байна.
Ингэснээр үр шимт хөрс нь салхинд хийсэх, наранд гандах зэрэг сөрөг нөлөө их байдаг гэдгийг ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч М.Ариунболд илтгэлдээ дурьдсан юм. Тиймээс цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Тэг элдэншүүлэг”-ийн технологийг нэвтрүүлэх шаардлагатай аж. Тэг элдэншүүлгийн технологи гэдэг нь хөрсийг эргүүлэхгүйгээр, тусгай техникийг ашиглан үрийг хөрсөнд суулгадаг байна.
Энэ мэтчилэн тариалангийн үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэж Нийтлэг үндэслэл, Чөлөөт бүсэд тариалан эрхлэгчдийн үндсэн үүрэг, Хүний нөөцийн бодлого, Тариалангийн үйлдвэрлэлд баримтлах агро технологийн шаардлага, Тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх техникийн парк ашиглалт, Ургамал хамгааллын бодис, бордоонд тавигдах шаардлага, Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх, тариалангийн хөрсний үржил шимийг нөхөн сэргээх, Тариалангийн технологид тавих хяналт, хүлээлгэх хариуцлага, Дэмжлэг, урамшуулал гэсэн 9 хэсэг бүхий журмын төслийг хэлэлцэж зөвлөмжийг гаргалаа.
Мөн энэхүү “Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс” болон дээр дурдсан журмын төслүүдтэй холбоотой асуулт, саналыг онлайнаар өгөх боломжтой. Та Хүнс, хөдөө аж ахуйн яамны вэб сайтад хандана уу.