Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.10.09/ хуралдаан 10.46 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын нэр бүхий зургаан гишүүний 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг 1998 онд, тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2006 онд тус тус батлан мөрдүүлж, хэрэгжилтийг зохион байгуулан, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрхзүйн харилцааг зохицуулж ирсэн байна. Дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага, улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан энэхүү хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн аж.
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагын урьдчилсан судалгааг гүйцэтгэсэн. Судалгаанд тусгагдсан санал, зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тус салбарын бодлого тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж, уг хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Хуулийн төслийн зохицуулалт нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлнэ хэмээн үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Б.Баттөмөр илэрхийлсэн.
Хуулийн төсөлд шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, удирдлагыг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлтийг тусган, шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн эрхлэх асуудал, бүрэн эрхийн хүрээг өөрчилжээ.
Шинжлэх ухаан, технологийн чиглэлийн үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаад, дотоодын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн үйл ажиллагааны зардлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын төсөвт тусган санхүүжүүлэх, үндсэн чиг үүргийн дагуух олсон орлогыг арилжааны банкны дансанд байршуулах, захиран зарцуулах талаарх зохицуулалтыг мөн тусгасныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр онцолсон.
Хуулиар шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн зарчмыг шинэчилж, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэх журмыг тогтоон, шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагаанд оролцогчын чиг үүрэг, эрхийг тодорхой болгохоор зааж, эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг тогтоох зорилгоор магадлан итгэмжлэл явуулж байх, хүндэтгэн үзэх шалтгаанаар ээлжит магадлан итгэмжлэлд хугацаандаа хамрагдаж чадаагүй эрдэм шинжилгээний ажилтныг нөхөн хамруулж байх зохицуулалтыг тусгасан байна.
Оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тус салбарт ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд эрдэм шинжилгээний болон инженер-техникийн ажилтан, лаборант өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол ажилласан хугацааг харгалзан ажиллаж байгаа байгууллагаас нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох талаар төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар тодорхой нэмэлт зардал гарах боловч шинжлэх ухаан, технологийн салбарт оруулах хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэн, эдийн засаг эерэг үр нөлөө үзүүлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг өнгөрсөн сард зохион байгуулсныг дурдаад, энэ хурал нь улс орны хөгжлийн тулгуур нь шинжлэх ухаан, технологи, инноваци гэдгийг баталсан сануулсан том үйл явдал болсныг онцолсон. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын өмнө, хиймэл оюун ухаан хөгжиж буй өнөө үед шинжлэх ухааныг дээд боловсролтой уялдуулсан, нийгмийн нэлээд олон харилцааг зохицуулсан шинэ хууль эрх зүйн орчныг бий болгох зайлшгүй шаардлага гарч ирж байгааг Байнгын хорооны дарга илэрхийлээд, дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэснээр үүний эхлэлийг тавьж байна хэмээсэн.
Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлын үеэр эрдэмтдийн хэлж байсан саналууд, шинжлэх ухааны “Цөм” хөтөлбөр, шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаа, төсөл сонгон шалгаруулалттай холбоотой гарч буй гомдол саналын талаар ч хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр авч үзэх шаардлагатай талаар ч тэрбээр дурдсан.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.