2019.10.18

Б.Бат-Эрдэнэ: Шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байж хөгжинө

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ нэгдсэн  хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Хуулийн төслийн ажлын хэсгийнхэн маш их цаг гаргаж, олон улсаар явж ажилласан учраас сайшаалтай байна. БНСУ дайны дараа 1950-иад онд үнс нурам дундаас босч ирэхдээ боловсрол, шинжлэх ухаан гэдэг 2 зүйлд хамаг ач холбогдлоо өгсөн. Улс орон даяараа саармагжиж, тараахгүйгээр хүрээлэнгүүдээ нэгтгэн босгож, гадаадад байгаа шилдэг мэргэжилтэн, эрдэмтдээ цуглуулсан. Бүх хэрэгцээ, хангамжийг нь шийдсэн. Дунд үед нь хуулбарлаж хийж байсан. ШУ-ны өндөр хөгжилтэй орнуудаас хуулбарлаж байсан. Харин өнөөдөр дэлхийд тэргүүлж явна. Манай улс ч энэ туршлагыг хараад ажиллах боломж бий.

Хөгжиж буй улс орнуудтай адил нэг түвшинд байсан улс орнууд өнөөдөр ямар хөгжилтэй явааг анхаарах хэрэгтэй. Хуульд ямар нэг санхүүжилт шаардахгүй гэж тусгасан байна. гэтэл бид ШУ-аа хөгжүүлье гэвэл санхүүг нь нэмэгдүүлж, шинэ эргэлт хийх эхлэлийг тавих ёстой. Монголчууд олимпын аварга төрүүлнэ гэхэд чадахгүй гээд сууж байсан. Харин өнөөдөр бид чадсан. Тиймээс шинжлэх ухаан технологийн салбарт дорвитой хөрөнгө оруулалт, өөрчлөлт хэрэгтэй байна."