Х.Баттулгатай гишүүд нэгдсээр
УИХ-ын гишүүн Х.Баттулга Сонгуулийн хууль батлахаас өмнө архи тамхи үйлдвэрлэдэг компанийн эзэд, мансууруулах төрлийн бодистой нэр холбогдсон хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхийг хязгаарлах тухай хуулийн төсөл санаачилсан ч дэмжлэг аваагүй юм. Төсөл нь хоёр ч удаа дэмжлэг авалгүй байнгын хорооноос буцсан. эрхэм гишүүн Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт УИХ-ын бүх гишүүдэд хандан уг төслийг дэмжихийг хүсэж нэг бүрчлэн санал хүргүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар түүний саналд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Ламбаа, Ц.Сэдванчиг, О.Чулуунбат, З.Энхболд, С.Эрдэнэ нарын 10 гишүүн дэмжсэн хариу ирүүлжээ. Ингэснээр түүний боловсруулсан Архи тамхи, согтууруулах, мансууруулах бодис үйлдвэрлэдэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан этгээдийн УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлах тухай хуулийн төсөл 11 автортой болж Засгийн газарт санал авахаар хүргүүлжээ. Хэрэв уг хуулийг баталбал энэ удаа хэрэгжүүлж амжихгүй ч УИХ-ын 2016 оны сонгуулиар мөрдөж болох юм гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.