УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.04.26/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Засгийн газрын өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.
Мөн чуулганаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэнэ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсоно. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг үдээс хойш буюу 15.00 цагт сонсох юм.
Гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал хэлж хэлэлцэх асуудлын жагсаалтаас зарим төслүүдийг түр хойшлуулсан юм.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санал гарган салбарын сайд гадаадад томилолттой байгаа тул Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хойшлуулах санал гарган гишүүдийн 83,3 хувийн саналаар дэмжиж хэлэлцэхийг хойшлуулав.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол салбарын сайд гадаадад томилолттой байгаа “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсохийг хойшлуулах санал гарган гишүүдийн олонх дэмжив.
УИХ-ын гишүүн Н.Учрал Харилцаа холбооны багц хуулийг хэлэлцэх асуудлын жагсаалтанд нэмж оруулах санал гарган гишүүдийн 65,9 хувийн саналаар дэмжигдэв.
Ингээд хэлэлцэх асуудалд орж өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж гишүүдпийн олонх дэмжин хэлэлцэх нь зүйтэ хэмээн НББСШУ-ны байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь ус бохирдуулсаны төлбөрийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаав. Уг хуулийн төсөлд малчин, тариаланчдаас ус бохирдуулсны төлбөр авах зохицуулалт тусгасан байсныг гишүүд эсэргүүцсэн юм. Ийнхүү Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.