С.Эрдэнэ: Нэг хүчин дангаараа үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь ёс зүйн хувьд буруу жишиг
2019.04.24

С.Эрдэнэ: Нэг хүчин дангаараа үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь ёс зүйн хувьд буруу жишиг

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Та Зээлийн хүүг “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг бууруулах боломж бий юү?

-Зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудал он удаан жил яригдсан зүйл. Зээлийн хүүгийн дарамтад иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд маш их ачаалал үүрч байгаа. Монголд хамгийн амжилттайгаар бизнес хийж байгаа хүмүүс нь банкны салбарынхан л байгаа юм. Банк ашиг орлоготой ажиллаж байгаад нь атаархаад ч гэдэг юмуу илүү харсандаа энэ асуудал руу орж байгаа юм биш. Намайг энэ хуулийг санаачилсны дараа захиалгатай, захиалгагүйг нь мэдэхгүй юм маш олон эдийн засагч, банкны салбарынхан “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэдэг байж боломгүй асуудал. Зах зээлийн хуулийг зөрчиж байна” гэж эхэлсэн. Гэхдээ миний хувьд энэ байр суурин дээрээ итгэлтэй байгаа. Учир нь дэлхийн бусад улс орны жишиг, түүхэн замнал, санхүү эдийн засгийн зохицуулалт зэргийг бид нарийн сайн судалсан. Тэр дундаа банк санхүүгийн зохицуулалт нь ямар байгаа талаар бид судалсан юм. 1950-иад оноос эхлэн Япон, АНУ зэрэг дэлхийн 76 оронд зээлийн дээд хязгаарыг тогтоожээ. Бид энэ замнал руу орох цаг болсон. Жишээ нь, тэтгэврийн зээл л гэхэд 18 хувийн хүүтэй байна. Тэтгэвэр авагчдын хувьд энэ нь маш том дарамт шүү дээ. Тэр бүү хэл тэтгэврийн зээл авсан дариуд нь урьдчилаад хүүг нь суутгаад авчихдаг. Мэдээж тэр хүн хэрэгцээгээ тодорхойлоод л зээл авч байгаа. Гэтэл явц дунд бага багаар төлөх ёстой байсан хүүг нь урьдчилаад авчихаар өнөөх хэрэгцээнд нь хүрэхгүй болчихно. Ингэснээр дахиад нэмэлт зээл авах шаардлага үүснэ. Ийм байдлаар санхүүгийн дарамт иргэд аж ахуйн нэгж дээр үүсгэж байгаа нь нэг талаасаа зохиомол гэж харагдхаар байна. Нөгөө талаараа хэт өндөр ашиг хөөсөн мөнгө хүүлэлт явж байна гэж харсан учраас энэ хуулийг санаачилсан юм. Баруун төвийн , зах зээлийн зарчмыг дээдэлсэн үзэл баримтлалтай намын дарга хүний хувьд хувийн хэвшил, өмч рүү халдсан үйлдэл хийхгүй. Харин би хувийн өмч, иргэний эрх, санхүү эдийн засгийн эрх чөлөөг хангахын төлөө л би энэ хуулийг өргөн барьж байгаа.

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудалд луйврын схем хэрэгжсэн байж магадгүй гэх мэдэгдлийг Б.Пүрэвдорж гишүүн хийсэн. Энэ асуудал цаашид хэрхэн өрнөх бол?

-“Ocean Partners” гэх компани Стандарт банкнаас зээл авахад оролцсон. Зээлийг нь төлөхөд ч оролцлоо. Ашиг сонирхлын зөрчил энд харагдаад байгаа юм. Хоёрдугаарт, тэрхүү өрийг 40 сая ам.доллар хүртэл буулгаж төлөөд дууссан бол сайн байна. Гэхдээ төлбөрийн арга хэрэгсэл нь бол буруу. Эрдэнэт үйлдвэр дээр “Эрсдэлийн сан” гэж байдаггүй. Тэр өрийг дундын сан дээр байдаг хөрөнгөнөөс төлөгдсөн. Тэр чинь татварын мөнгө гэсэн үг. Энэ өрийг төлөх тухай ямар нэгэн эрх бүхий байгууллагаас шийдвэр гараагүй. Төсөв мөнгөтэй холбоотой асуудал заавал УИХ-аар орж байх ёстой. Бие дааж шийдэх эрх Засгийг газарт байхгүй. Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь хууль бус үйлдэл. Албан тушаалын гэмт хэрэг ч гэж болно. Мөн 40 сая ам.долларын ард маш их луйвар, сүлжээ нуугдаж байх магадлалтай. Албан бус мэдээллээр “Ocean Part­ners” гэх энэ компани буцаад Эрдэнэт үйлдвэрээс 20, эсвэл 40 сая ам.долларын зэсийг баяжмал авахаар гэрээ хэлцэл хийсэн байх магадлалтай байгаа. Өрийг 40 сая ам.доллар болгон хаасан мэт харагдаж байгаа боловч нийгэмд үүсэх шуугианыг дарж, баатарлаг гавьяа байгуулсан мэт пиарыг хийхийн тулд луйврын гэрээ хэлцэл хийсэн байж болзошгүй. Өөр ч өнцгүүд байх магадлалтай. Бид энэ чиглэлээр судлах болно. Нэг зүйлийг онцлоход, 49 хувийн гэм буруутнуудыг барьж дуулиан болсон тэр өдөр 51 хувийн хэрэгт холбогдсон хүмүүсийн шүүх хурал хийгдсэн байдаг. Тэрхүү шүүх хурал хойшилж, мөрдөн байцаалтад шилжүүлсэн байдаг. Энэ хэрэг дээр мөрдөн байцаалт явуулах ямар ч шаардлага байхгүй. Зээл авч, Стандарт банк өгч, мөн гомдол гарган Арбитрын шүүх гурван шатны шийдвэрээ гаргасан нь үнэн. Энэ зээлийг хууль бусаар авсан гэдэг нь нотлогдсон. 2017 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагын хөөн хэлэлцэх хугацааг 10 жил байсныг таван жил болгосон. Энэ асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа энэ оны эцэс гэхэд дуусахаар байгаа. Тиймдээ ч мөрдөн байцаах шатанд буцаах замаар цаг хожиж энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацааг нь дуусган хэрэгт холбогдсдыг гэмт хэргээс мултлах гэж байна уу гэх хардлага байна. Эрх баригчид энэ тал дээр гаршчихсан шүү дээ.

-Энэ асуудлыг хариуцсан ажлын хэсгийн зүгээс Ш.Батхүүгийн эд хөрөнгийг борлуулж нөхөн төлүүлэх үйл ажиллагаа явуулна гэх зүйлийг ярьж байгаа. Энэ хэр боломжтой вэ?

-Ш.Батхүү гэгч өмч хөрөнгөө хүмүүст тараачихсан л юм билээ шүү дээ. “Алтжин”-ийн Г.Алтанд л гэхэд хэдэн тэрбум төгрөгтэй тэнцэх эд хөрөнгөө шилжүүлчихсэн байсан. Г.Алтан гэдэг хүнтэй ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хүн нь манай Хууль зүй, дотоод хэргийн сайд байх жишээтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайд 51 хувийн асуудал ярихгүй хэрнээ 49 хувийн асуудлыг маш эрчимтэйгээр дайрч, шалгуулахын төлөө улайрч байгаа. 49 хувиар халхавч хийж 51 хувийн луйвар булхайг цайруулах гэсэн үйлдэл нуугдаж байгааг харж байна. Миний хувьд 49, 51 хувийн асуудлыг хоёуланг нь шалгах хэрэгтэй гэх байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа.

-Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан. Түүнийг нэг шалтгаан нь “Капитал” банкинд Монголбанк хяналтаа тавиагүй гэж үзжээ. Энэ тухайд таны байр суурь?

-Өмнө нь “Хадгаламж”, “Зоос” банк, хадгаламж зээлийн хоршоо зэрэгт хууль бус үйл ажиллагаа үүсч байсан. Тэдгээртэй адил “Капитал” банкийг ч гэсэн самрах гэж байгаа юм биш биз гэсэн хар байна. Ямартаа ч маш өндөр хяналтан дор “Капитал”-д байгаа өмч хөрөнгө, санхүүгийн боломжоор харилцагчдын өр зээлийг дарж, хохирлыг арилгах ёстой. Ер нь бол Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудал 2016 онд үүсчихсэн шүү дээ. Тэрээр “Монголбанкинд байгаа гадаад валютын нөөц хасах үзүүлэлттэй байна” гэх мэдэгдлийг ямар ч бодлогогүй хийсэн. Үүнээс үүдэн 1960 төгрөгтэй байсан ам.доллар 2700 төгрөгт хүрсэн. Энэ богино хугацаанд маш их мөнгө угаагдсан. Зохион байгуулалттай гэж хэлж болохоор мөнгө угаах, улс орны эдийн засгийг тогтворгүй байдалд оруулах хариуцлагагүй алхмыг хийснийхээ төлөө тэрээр огцрох ёстой. Энэ тухай би 2016 оны чуулганы хуралдааны үеэр л хэлж байсан.

Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд, 2016 онд манай улс 22.4 тэрбум орчим ам.долларын гадаад өртэй байв. Гэтэл өнөөдөр 28 тэрбум ам.доллар гарчихаад явж байна. Энэ хоёрын зөрүү нь зургаан тэрбум ам.доллар байгаа юм. Энэ мөнгөөр эрх баригчид ямар бүтээн байгуулалт хийсэн юм бэ. Яагаад цалин тэтгэвэр, бүтээн байгуулалт нэмэгдэж, хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 36-хан хувьтай гарсан. Энэ оны бүтээн байгуулалтын ажил одоог хүртэл эхлээгүй байна. Гадуур зарлагдаж байгаа тендер алга. ОУВС-ын санхүүжилт орж ирэхгүй байна. Энэ бүх асуултад Засгийн газар, Ерөнхий сайд хариулт өгөх цаг болсон. Монголын төрийг удирдаж байгаа гэх нэрээр попорч, эцэст нь самарч дууслаа.

-Таныг Хүн ам, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Капитал” банкинд төсвийн мөнгийг байршуулсан гэж яриад буй. Ер нь “Капитал” банкинд байх төрийн мөнгийг буцаан авах боломж бий юү?

-“Капитал” дээр үүсээд байгаа төрийн ч бай, хувийн ч бай аливаа өр авлагыг барьцаанд авсан, хураасан хөрөнгөөр нь бүрэн төлөх боломжтой гэсэн мэдэгдлийг ТУЗ-ийнх нь гишүүн хийсэн байна лээ. Хоёрдугаарт, би 2012-2016 оны хооронд Хүн ам, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдаар ажиллахдаа НДС-тай холбоотой нэг ч төгрөгний захиран зарцуулалт хийгээгүй. Надад тийм эрх зүйн боломж байхгүй. Нийгмийн даатгалын сангийг хөрөнгийг захиран зарцуулах эрх нь НДЕГ-ын дарга, санхүүгийн газрын дарга, Сангийн яаманд байдаг юм. Энэ бол бүрэн Сангийн яамны хяналтан дор байдаг сан. Түүнчлэн, намайг сайд байх үед НДЕГ миний эрхлэх асуудлыг хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан. Тэр үед НДЕГ-аас арилжааны банкуудтай тэр дундаа “Капитал” банктай хийсэн гэрээний хамгийн сүүлийн хугацаа нь 2018 онд дуусгавар болсон юм билээ. Түүнээс хойш арилжааны банкуудтай хийсэн гэрээг сунгах эсэх, банкин дээр байгаа НДС-ын болон бусад төсвийн мөнгүүдийг татах зэрэг нь холбогдох эрх бүхий хүмүүст бүрэн нээлттэй байсан. Тэр зүйлийг одоо надтай наагаад хэрэггүй. Мөн тэр үепд Монголбанкнаас ямар нэгэн арилжааны банк эрсдэлтэй гэх мэдээллийг ч өгөөгүй, ер нь хэн ч тэр тухай ярьж байгаагүй. Миний санаж байгаагаар өнгөрсөн жил Монголбанкны ерөнхийлөгч гадны аудитын компани авчирч бүх банк санхүүгийн системд аудит хийлгэсэн. Үүний дараа тэрээр УИХ-д “Монголбанк, банкны систем, арилжааны банкуудын үйл ажиллагаа ямар ч эрсдэлгүй байна” гэх мэдээллийг хийж ч байсан. Гэтэл гэнэт банк дампуурангуут тэрийг улс төрийн зорилгоор хэн нэгэн хүнтэй наах гэж оролдож байгаа нь утгагүй. Ийм зүйлтэй намайг холбох гээд хэрэггүй.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэж байна. Ардчилсан намын бүлэг тарж, зөвлөл байгуулагдсан энэ үед Үндсэн хуулийг хэлэлцэх боломжтой юу?

-Улстөрч болоод УИХ-ын гишүүн хүнийхээ хувьд хоёр зүйлийг боломжгүй гэж харж байгаа. Нэгдүгээрт, сөрөг хүчний хяналтгүй төр бий болчихлоо. Сөрөг хүчний хяналтгүй нөхцөлд үнэмлэхүй олонх болсон улс төрийн нэг хүчин дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь ёс зүйн хувьд буруу жишиг. Аль нэг нам парламентад олонх болонгуутаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, бусад намууд, олон түмний оролцоогүй дур мэдэн аашлаад байна гэж бодож байгаа бол маш буруу хандлага. Хоёрдугаарт, эрх барьж байгаа нам, 64 гишүүн маань ёс зүйн хувьд ёс зүйн чадавхтай юу. Энэ дотроос 50 гишүүн нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэгдээд байгаа. Ер нь эрх баригчдын өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн үйлдлүүдийг харахаар үнэхээр гомдмоор. 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс өнөөдөр хэрэгжүүлсэн нэг ч зүйл заалт алга. Үндсэндээ төрийн эсрэг гэмт хэргийн шинж чанартай маш олон үйлдлүүд хийлээ. ЖДҮХС-гаас олон тэрбум төгрөгийг зохион байгуулалттайгаар луйвардсан байх магадлалтай, тэр нь шалгагдаж байна. 60 тэрбумын схемээр төрийн эрхийг хууль бусаар авсан гэдгээ намын дарга, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-д байгаа 40 гишүүн нь хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр 60 тэрбумын схемээр Монголын төрийг авсан нь үнэн юм бол түүний үр дүнд гарч ирсэн бүтээгдэхүүн нь УИХ-ын гишүүд. Тэд бүгд хууль бусаар гарч ирсэн хүмүүс. Хууль бусаар гарч ирсэн хүмүүсийн асуудлыг намын дарга, УИХ-ын даргыг огцруулснаар шийдэхгүй. Энэ нам оршин тогтнох уу, үгүй гэдэг асуудал яригдах ёстой юм. Төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг чинь өөрөө гэмт хэрэг. Тиймдээ ч энэ нам татан буугдах ёстой. Энэ намд эрх зүйн чадамж байхгүй. Ийм намд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх бий юү, үгүй юу. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй гэж харж байна.

-С.Зориг агсны хэргийг шалгах “Түр хороо” байгуулагдсан. Энэ түр хороо яг ямар үүрэгтэй юм бэ. Шүүхийн ажлыг хийнэ гэж ойлгож болох уу. Гаргасан шийдвэр дүгнэлт нь хэр үр дүнтэй байж чадах вэ?

-Монгол Улс хууль шүүхтэй улс шүү дээ. Үндсэн хуулиндаа ч “Төрийн бүх шатны байгууллага түүний албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана” гээд заачихсан. Мөн Үндсэн хуулинд “Шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна”, “Хэн нэгний гэм буруутай мөн гэм буруугүйг шүүх л тогтооно” гээд тусгачихсан. С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан, гэмт этгээдүүд хариуцлагаа хүлээж байгаа. Хууль шүүхийнхэн ч “Захиалагчийг илрүүлэх гэж байхад дундуур нь самарч байна” гэж хэлсэн байна лээ. С.Зоригийн хэрэгтэй холбоотой ажлын хэсгийг яагаад удаа дараа тараах болов. Бүр таван удаа тараасан байгаа шүү дээ. Мөн гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан, мөн тэр этгээдүүдийн ард байгаа захиалагчийг илрүүлэх процесс явагдаж байхад яагаад гэнэт энэ асуудлыг гаргаж ирэх болов. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрөө яагаад “Монгол Улсад аймшигтай эрүүдэн шүүлт байна” гэж байгаад л аймшгийн кино үзүүлж байгаа юм шиг бичлэгийг нь гаргаж ирэн, нийгэмд айдас хүүдэс төрүүлэх замаар энэ хэргийг задлах гэж улайрч дайраад байгаа юм. Шүүх өөрөө энэ асуудлыг эргэн авч үзэх хэрэгтэй.

Дээрээс нь УИХ өөрөө мөрдөн шалгадаг газар биш. Хууль тогтоож, хэрэгжилтэд нь л хяналт тавьдаг. Ажлын хэсэг нэрээр өөрсдөө мөрдөн шалгаж, эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс эрээ цээргүй оролцох эрх байхгүй. Өнөөдөр тэр “Түр хороо”-д ашиг сонирхлыг зөрчилтэй гэж үзэх Ц.Нямдорж, түүний хамсаатан болох Ж.Батзандан, Лу.Болд нарч багтсан байна. Энэ хэрэг дээр хамгийн их оролцоотой нөхдүүд яагаад энэ ажлын хэсэгт орж байгаа юм. Яагаад бусад гишүүдээр ажлын хэсгийг бүрдүүлж болохгүй гэж. Ер нь ч энэ ажлын хэсгээс ямар нэгэн дүгнэлт, шийдвэр гаргах боломж байхгүй. Энэ ажлын хэсэг зөвлөмж л гаргана. Гаргасан зөвлөмжийг нь тухайн хууль шүүхийн байгууллагууд авч үзэх эсэх нь тэдний эрхийн л асуудал. С.Зоригийн хэргээр 21 жил улс төр хийлээ. Маш олон хүн энэ асуудлаар ашиг хонжоо олсон. Цөөнгүй улс төрийн намууд энэ хэргээр амьдарч өнөөдрийг хүрлээ. Одоо болоо юм биш үү. Захиалагчийг нь яаралтай олж зарлах цаг болсон.

-Ардчилсан нам Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд мэдээж оролцох байх. Ямар хүнийг нэр дэвшүүлэхээр болсон бэ?

-Ярилцаж байгаа. Одоо-гоор албан ёсны шийдвэр гараагүй байна.

О.Ариунцэцэг