Сорхугтани хатны сургууль
Хэрэйдийн Тоорил ханы дүү Жаха Хамбын охин Сорхугтани 1203 оны орчим Чингис хааны отгон хүү Тулуйтай ураг барилджээ.
Тэрбээр дэлхийн олон орны түүх соёлд үнэтэй хувь нэмэр оруулсан Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх гэсэн монгол хааныг төрүүлж өсгөсөн хатан юм.
Тулуйг 38 насандаа тэнгэрт халихад бэлэвсрэн хоцорсон Сорхугтанид Өгөөдэй хаанаас зарлиг хүргүүлж Гүюгийн ивээлд орохыг хүссэн боловч хатан чин журмыг барьж хөвгүүдээ өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэйгээ уламжилжээ.
Өгөөдэй хаан төрийн хуралдайд Сорхугтани хатныг оролцуулдаг байсан нь түүний нэр нөлөөг илтгэдэг. Сорхугтани хатан Хархорумыг зорин дөрвөн зүг найман зовхисоос ирэх ядуу иргэдэд их хэмжээний өглөг өгч, газар газрын шашинтныг дэмжин тусалж байжээ.
Сорхугтани нь Монголын төдийгүй дэлхийн түүхэнд тод мөр үлдээсэн хатан, төрийн зүтгэлтэн юм.
Монголын эзэнт гүрний үед Хархорумд ирсэн Италийн Плано Карпини “Сорхугтани хатан татаруудын дунд маш нэр хүндтэй”, Персийн түүхч Рашид ад Дин “Тэрбээр маш ухаантай, дэлхийн бүх эмэгтэйгээс онцгой ялгарна” хэмээн тэмдэглэн үлдээжээ.
Сорхугтани христийн шашны несторын урсгалыг шүтдэг байсныг Марко Пологийн тэмдэглэлд дурджээ.
Гэвч тэрбээр бүх шашинд хүлээцтэй ханддаг ухаалаг хүн байсныг түүний амьдралын замнал харуулдаг.
Хубилай хаан 1289 онд зарлиг буулган Хятадад анхны католик сүм байгуулсан нь эхийнх нь шууд нөлөө байсан гэж зарим түүхч үздэг.
“Судрын чуулган”-д өгүүлснээр Сорхугтани хатан Тулуйн захирч байсан арван түмэн их цэрэг хийгээд эрт үед хуваан өгсөн монгол өрх, Хебей мужийн дөрвөн түм, Бухар хотын гурван мянган өрхийг захирч байв.
Сорхугтани хатан 1252 оны гуравдугаар сард тэнгэрт хальсан бөгөөд Бурхан халдун уулнаа Их хоригт нутаглуулжээ. Хатанд зориулсан тахилын суварга Хятадын Ганьсу муж дахь христийн сүмд байдаг аж.
Сорхугтани хатан исламын шашинтнуудыг төрийн бодлогоор дэмждэг байв. Тэрбээр исламын шашинтнуудыг мянган лангийн шижир алтаар шагнаж, Бухар хотод эрдэм мэдлэгийн төв байгуулсан гавьяатай. ЮНЕСКО-гоос “Мөнхийн хот” өргөмжилсөн Бухар хотод Монголын түүхтэй холбоотой хана хэрэм, сүм, сургуулиудын нэг нь Сорхугтани хатны байгуулсан сургууль юм.
Хатан амьд ахуйдаа буюу 1250-аад оны орчим ислам мөргөлтний мянган хүүхдэд зориулан медресе буюу шашны сургуулийг Бухар хотод байгуулжээ. Нутгийн иргэд хатанд талархаж, ач гавьяаг нь үеийн үед дурсан санах зорилгоор уг медресийг “Монгол хатны сургууль” хэмээн нэрийдсэн аж.
Сургуулийг байгуулахад 1000 лан алт зарцуулсан гэдэг. Өрнө дахины бичиг материалд энэхүү сургууль нь түүхийн урт удаан хугацаанд бүрэн бүтэн хадгалагдсан ба одоо ч исламын боловсролын нэгэн төв болон сүндэрлэж байна. Узбекистаны томоохон хот болох Бухарыг Торгоны зам дайран өнгөрдөг учраас Дундад Азийн худалдаа, шашин, соёлын нэгэн зангилаа байсан аж.