"Лондоны гүүр нурвал юу болох вэ" буюу ХАТАН хааны ОРШУУЛГА
Prince Philip and Queen Elizabeth
2018.03.01

"Лондоны гүүр нурвал юу болох вэ" буюу ХАТАН хааны ОРШУУЛГА

Хатан хаан II Елизаветаг дэлхий дахинаа хүндэтгэж, улс орон нь бурхан мэт шүтэж, вант улсаа хэрхэн удирдаж байгааг нь биширдэг. Түүнийг хаан ширээнд байх хугацаанд АНУ-д 12 Ерөнхийлөгч солигдсон гэхээр хэчнээн он цагийг элээсэн нь ойлгомжтой. Тэр бол тогтвортой, эмх цэгцтэй байдлын төлөө үг хэлдэг нэгэн.

Гэхдээ түүний албатууд бүгд л хатан хааныг мөнх биш гэдгийг мэдэж байгаа. Харин хааны ордон хатан хаан II Елизаветагийн оршуулгын үйл явцыг нарийн төлөвлөсөн байдаг бөгөөд энэ төлөвлөгөөг “The Guardian” нийтэлжээ.
Хааны үхлийн талаар бодох, тэр тусмаа ярих нь Их Британийн Нэгдсэн Вант улсад хориотой сэдэв яах аргагүй мөн.

Гэхдээ гадаадын зарим хэвлэлд тэмдэглэснээр "шинэ өдөр бүр II Елизаветагийн үхлийг ойртуулж байдаг нь үнэн” гэнэ. Тийм ч болохоор Британийн хааны ордныхон оршуулгын ажиллагааг хэрхэн явуулах тухай нарийн дэгтэй. Тэр ч бүү хэл хааны удмынхан юу өмсөх, ямар цэцгийг хэдэн ширхгийг ёслолын ажиллагаанд хэрэглэх, оршуулгын оройн зоогийн цэс ямар байх, Чарльз ямар үг хэлэх гээд бүгдийг нь тодорхой заасан байдаг аж.

Зарим урьдчилсан таамгаас үзэхэд өдгөө 91 настай хатан хаан II Елизаветад өдгөө дөрөв хүрэхгүй жил амьдрах хугацаа үлдсэн гэнэ. 



Түүнийг нэг их удаан өвдөхгүйгээр, ойр дотнынхоо хүмүүсийн rap дээр таалал төгсөнө гэжээ. Гэвч энэ таамаглалыг эсэргүүцэгчид байдаг. Тэдний үзсэнээр хатан хааны ээж 101 насалсан болохоор II Елизавета ч мөн төдий хэмжээнд, бүр түүнээс ч илүү урт наслах гэнэ.

Мэдээж энэхүү гунигт үйл явдалтай холбоотойгоор Их Британид тун таагүй үе ирэх магадлал өндөр байна. Учир нь хаан ширээг Уэльсийн хунтайж Чарльз хэмээх өвөрмөц, олны хэл ам дагуулсан хүн залгамжилна.

Тиймээс Их Британид хатан хааны үхэл зөвхөн Нэгдсэн Вант улсын төдийгүй Английн колониудад олон зууны үнэт зүйл, өв заншлаа эргэн харах шалтгаан болох нь гарцаагүй.

Парламентын засаглалтай хаант улсыг халахыг дэмждэг олон хүний хувьд энэ асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах хамгийн тохиромжтой үе нь энэ үе байна. Өөрөөр хэлбэл II Елизавета хатан хааны таалал төгссөн, Чарльз хунтайж албан ёсоор хаан ширээ залгамжлах үеийн хооронд тус улсад хаант засаглалыг зогсооход хамгийн таатай мөч байна гэсэн үг.

Хатан хаан удахгүй таалал төгсөж магадгүй

Хатан хаан удахгүй таалал төгсөж магадгүй гэдэг бэлтгэлийг ард түмэндээ суулгахын тулд хэвлэлүүдээр түүний бие чилээрхсэн тухай жижипхэн мэдээ явуулж эхэлнэ. Уг мэдээллээрээ ямар ч зүйл болж мэдэх тухай дохио өгнө.

Харин хатан хааныг таалал төгссөнийг хамгийн түрүүнд мэдэх хүн бол түүний хувийн нарийн бичгийн дарга сэр Кристофер Гёйдпом. Үүний дараа тэрбээр “Лондоны гүүр нурсан" тухай Ерөнхий сайдад биечлэн мэдэгдэнэ.


Built in 1894, Tower Bridge is the most iconic bridge in London

Эдгээр үг нь хатан хаан II Елизавета нас барсан, оршуулгын үйл явцад бэлтгэх хэрэгтэй гэсэн санаа. Дашрамд хэлэхэд оршуулгын ажиллагаа түүнийг таалал төгссөнөөс хойш 12 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Хааны гэр бүлийн нэг гишүүний үхэл, өөр хүн хаан ширээнд залрах үйл явц нь нэлээд нарийн, үзүүштэй зүйл болох бөгөөд бараг дэлхий дахин ажиглана гэхэд хилсдэхгүй. Уг үзэгдлийг зурагтын дэлгэцээр болон онлайн шууд дамжуулалтаар гурван тэрбум гаруй хүн үзэх төлөвтэй байна.

Оршуулгын үеэр Их Британи даяар амьдрал бараг зогсоно

Оршуулгын үеэр Их Британи даяар амьдрал бараг зогсоно гэхэд хилсдэхгүй.

Биржүүдэд гадаад эдийн засгийн худалдаа зогсохоос эхлээд дэлгүүрүүд ч түр үүдээ барьж, хичээл сургууль, төрийн байгууллагууд ажиллахгүй. Оршуулгын үеэр аюулгүй байдалд онцгой анхаарахгүй бол олны анхаарлыг татсан үйл явдалтай зэрэгцээд алан хядах ажиллагаа ч гарч болзошгүй.

Хэвлэл мэдээллүүд ч хатан хааныг таалал төгссөний дараах гашуудлын 11 өдрийн эхний өдрүүдэд сонинд ямар нийтлэл гаргахыг хүртэл урьдчилан бэлтгэсэн байдаг гэх яриа бий. Оршуулгаас өмнөх ес хоногт цэргүүд жагсаж, Вестминстерийн заалыг хааж, түүний чулуун шалыг 1,500 метр хивсээр бүтээнэ. Ойролцоох гудамж, талбай нь гашуудлын уур амьсгалтай болно. Худалдааны төвүүдийн зар сурталчилгаагавч, гашуудлын өдрүүдэд хөгжөөнт нэвтрүүлэг, шоуг телевизээр үзүүлэхгүй.

Оршуулгын өдөр сүмийн дэргэд авс байрлуулах үед өдрийн 11 цагт улс орон даяар дуугаа хураана. Төмөр замын вокзалууд ажлаа зогсоож, автобуснууд зогсож, жолооч, зорчигчид зам дээр гарч ирж хүндэтгэл үзүүлнэ. Сүмийн хамба ламын мөргөл дор хатан хааны цогцсыг байрлуулсан авсыг ногоон тэргэнд байрлуулж, 138 усан цэрэг авч гарна. Энэ уламжлал 1901 онд буюу Виктория хатны оршуулгын үеэр морьд нь үргэснээс болж тогтжээ.

Тэр цагаас хойш залуу усан цэргүүд морьдын оронд оршуулгын үйл явцад оролцдог болсон аж.

Хайд паркаас хөдөлсөн буяны хөсөг Виндзорын ордны зүг 37 км яваад Британийн бүх хааныг нутаглуулсан газарт ирнэ. Хатан хааны хүмүүс зүлгэн дээр зогсоод түүнийг хүлээж байна. Дараа нь хааны оршуулгын газрын хаалгыг хааж, камераар үзүүлэхээ зогсооно. Бунхны дотор лифт доошилж, Чарльз хаан мөнгөн аяганаас улаан шороо асгана. Азаар Их Британийн хатан хаан II Елизавета энх тунх байна. Амьд хүний оршуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлсэндээ хүлцэл өчихийн хамт Британийн хатан хаан урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Орчуулсан сэтгүүлч Э.Мөнхзаяа