
С.Цэнгүүн: Чимээгүй масс илүү олон болсон Салхи эргэнэ, сайн цаг ирнэ!
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
Одоо яригдаж буй асуудлууд дандаа дундаж давхаргаруу халдаж буй эрсдэлтэй үйл явцууд болж байна. Эсрэг байр сууриа илэрхийллээ. Харамсалтайн цөөнх байлаа… Шийдвэр гаргагч нар дотроо дотоодын зах зээлээ хамгаалах ёстойг ойлгож байгаа ч дотоод хүнтэйгээ зөрчилдсөн хүнд үе улстөрчдөд байдаг гэдгийг ойлгодог болжээ. Гэсэн ч өнөөдрийн шийдвэр, өнөөдрийн үнэ цэнэ - түүнээс гарах алдагдсан цаг хугацааны өртөг хэтэрхий үнэтэй билээ…
Монголчууд логик сэтгэлгээ, эрүүл ухаантай хүмүүс. Тэдний ихэнх нь урдах ажлаа хийгээд завгүй эсвэл гадаадад байгаа ч ажиглаад, дүгнэсээр байгаа. Энэ хүмүүс бол чимээгүй масс, төрөөс хамааралгүйгээр амьдралаа авч явдаг бие даасан хүмүүс.
- - Ямар нэг халамж, тусламж авч байгаагүй
- - Ямар нэг бага хүүтэй, тусгай давуу эрхтэй зээлд хамрагдаж үзээгүй
- - Ямар нэг зээлийн сан, тусгай сангуудаар дамжуулж хүүхдээ сургаж үзээгүй
- - Татвар байнга төлдөг ч, засгийн газар тэднийг биш өр зээлтэй хүмүүсийн толгойг илдэг
Биеэ дааж, хэнд ч гай болохгүй, хүнээс гуйхгүйгээр өөрийнхөө болон гэр бүлийнхээ амьдралыг авч явлаа гээд хэзээ ч энэ хүмүүст зориулсан бодлого хэрэгжиж байгаагүй. Жинхэнэ эх орноо авч яваа хүмүүс атлаа хэзээ ч өөрсдийгөө дөвийлгөж эх орон гэж худлаа цээжээ дэлдэж яваагүй. Ингэж хэлэхээр бид нөгөө л том бизнесүүдээ бодоод байдаг. Нийгмийн даатгал, татвараа төлөөд хувийн салбарт мөнгө олж яваа хүн бүхэн угтаа манай хөдөлмөрийн зах зээлийг бүрдүүлж яваа гол хүмүүс юм.
Тэд саналаа 20000₮ худалдахгүй. Тийм учраас эрх баригчид татвар бууруулах, бизнесийн орчин сайжруулах талаар зоригтой шийдвэр гаргадаггүй. Бие даасан, өөрийн үзэл бодолтой хүмүүс олон болох нь чадваргүй улстөрчдөд хортой. Ядарсан зовсон хүмүүсийн нэрийг барьж тэдэнд туслах нэрээр татвар төлөгчдийн мөнгийг үргүй зардал болгодог хүмүүсийг массын төлөө шийдвэр гаргаж байна гэж ойлгохоо больё. Дундаж давхаргаа босгох зорилгоор иргэдийнхээ хөдөлмөрийг цэцэглүүлж олон хөдөлмөрч хөрөнгөтнүүдтэй болохын төлөө шийдвэрүүд гаргасаар л байх болно. Олонх болох цаг үе ойрхон.