Шар даашинзтай ХУВЬСГАЛЧ
2018.10.02

Шар даашинзтай ХУВЬСГАЛЧ

Азийн улсууд 1945 оноос хойш засгийн эрх барьсан Ерөнхийлөгч, гүйцэтгэх засаглалыг тэргүүлэгч Ерөнхий сайд эмэгтэйчүүдийнхээ тоогоор либераль ардчиллын гол нүүр царай болох Өрнөдийн орнуудыг ардаа орхидог.

Ардчиллын өлгий болсон АНУ-д өнөөг хүртэл эмэгтэй хүн төрийн жолоо атгаагүй атал Ази тивд есөн Ерөнхийлөгч төрөн гарчээ.

Азийн удирдагч эмэгтэйчүүдийн намтар түүх хоорондоо тун адил.

Тэд хэн нэгэн нэртэй улс төрчийн охин юм уу эхнэр, эсвэл дүү, бэр байдаг ба элит гэр бүлд төрж өсөн бага наснаасаа тухайн улс орны жирийн иргэдийн хувьд боломжгүй өндөр боловсрол эзэмшсэн байдаг. Энэ жагсаалт Энэтхэгийн Ерөнхий сайд агсан Индра Ганди, Азийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох Филиппиний Корасон Акиногоор эхэлнэ. Индра Ганди Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Ж.Неругийн охин гэдгээр олноос төвөггүйхэн дэмжлэг авч байсан бол Корасан Акино сенатор нөхөр Бениньон үйл хэргийг үргэлжлүүлэн улс төрийн замналаа эхэлсэн байдаг.

Corazon Aquino (1933-2009)

Филиппин улсыг 1986-1992 онд удирдсан Корасон Акино бол Зүүн өмнөд Азийн домогт хүн.

Тэрбээр энэ том тивийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч билээ.

Корасон Акино эрх мэдлийг атгаж байхдаа Фердинанд Маркосын олон жилийн дарангуйллыг эцэслэж, АНУ-ын цэргийн баазуудыг эх орноосоо гарган гавьяа байгуулжээ. Түүний хадам эцэг I Бениньо Акино цагтаа улсынхаа парламентын дарга байсан бол нөхөр II Бениньо Акино II нь сенатор, хүү III Бениньо Акино Филиппинийн төрийн тэргүүнээр ажиллаж байв.

ЦУСГҮЙ ХУВЬСГАЛЫН УДИРДАГЧ

Корасон 1933 оны нэгдүгээр сарын 25-нд баян чинээлэг гэр бүлд төрж, саaн нөхөртэи учирчээ.

Тэрбээр 1948-1953 онд АНУ-д дунд сургууль төгссөн ба Сейнт Винсентийн их сургуульд математикчийн мэргэжил эзэмшжээ. Нэр цуутай нөхөр II Бениньо Маркосын дэглэмийн эсрэг тэмцэж байгаад амь эрсэдсэн тул сөрөг хүчний лидерийн үүрэг Корасонд шилжжээ.

Таван хүүхдийн эх, бэлэвсэн хатагтай Корасон Акино Филиппиний ардчилсан хувьсгалыг 1986 онд удирдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд дуулиант ялалт байгуулсан билээ. Ардчилал зөв үйлчилбэл гэрийн эзэгтэйд улс төрийн жолоо атгуулж болдгийн сонгодог жишээ юм.

Тэгэхдээ эмэгтэй хүн төр, засгийн эрхэнд гарч ирэх шалтгаан нь түүний боловсрол, гарал үүсэл нь биш, үхэл байв.

Тэрбээр 1986 онд “Тайм” сэтгүүлийн оны онцлох хүнээр шалгарч байжээ. Өөрийгөө "Жирийн гэрийн эзэгтэй" гэж тодорхойлсон Акино тэр үеийн Ерөнхийлөгч Маркосыг хурцаар шүүмжлэгч, сенатч бага Бениньо Акинотой гэрлэсэн нь улс төрд орох эхлэлийг тавьжээ. Нөхөр нь 1983 оны наймдугаар сарын 21-нд улс төрийн аллагын золиос болсон ба Корасан хүүхдүүдтэйгээ АНУ руу зугтсан байна. Тэрбээр эрх чөлөөний оронд гурван жил орогносны эцэст төрөлх нутгаа зорихоор шийдэв. Улмаар нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж, Маркосын засаг захиргааны  эсрэг тэмцлийн удирдагч болжээ.

Тэрбээр 1986 онд “Тайм” сэтгүүлийн оны онцлох хүнээр шалгарч байжээ.

 

Филиппинд 1985 оны сүүлчээр Ерөнхийлөгчийн сонгууль зарлахад Акино сонгуульд өрсөлдөхөө зарлав. Сонгуулийн дүн 1986 оны хоёрдугаар сарын 7-нд гарч, тус улсын Үндэсний ассемблейгээс Маркосыг ялагчаар зарласныг Акино эсэргүүцлээ.

Тэрбээр Маркос иргэдийн саналыг луйвардсан, жинхэнэ ялагч нь би хэмээгээд ард түмнийг тайван жагсаалд уриалсан юм. Ийнхүү Филиппинд олныг хамарсан жагсаал хөдөлгөөн өрнөв.

Акино католик сүмийнхний, дараа нь армийн дэмжлэг авч, төрийн эргэлт хийснээр Маркосын дэглэмийг түлхэн унагасан юм. Маркос эхлээд Хавай руу зугтаж АНУ-ыг зорьсон ба Корасон Акино түүний гэр бүлийг Филиппинд хөл тавихыг нь хориглосон байна.

Акино католик сүмийнхний, дараа нь армийн дэмжлэг авч, төрийн эргэлт хийснээр Маркосын дэглэмийг түлхэн унагасан юм.

Энэ талаар Акино “Тэднийг гадуурхаж болохгүй. Үүнд л ардчиллын утга учир оршино. Өөрчлөлт шинэчлэлд оролцсон хүмүүс л ардчиллын үр шимийг хүртэх ёстой гэвэл жинхэнэ шударга бус явдал болно. Хэдийгээр бидний тогтоосон засаглалд таагүй хандаж ирсэн ч хатагтай Маркос ардчилсан оронд амьдарч байгаагийнхаа буянаар орон нутгийн сонгуульд хүртэл яллаа шүү дээ. Маркос иргэдийнхээ эрх чөлөөг зөвхөн талхаар үнэлж байсан үе бий. Удалгүй тэр ард түмнээ эрх чөлөөгүй болгоод зогсохгүй талхыг нь хүртэл булаачихсан. Түүний  дарангуйллаас болж эдийн засаг бүхлээрээ сүйрсэн гэдэгтэй хэн ч мартах ёсгүй. Одоо иргэд улс төрийн асуудалд идэвхтэй оролцох болжээ. Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа сэргэсэн нь иргэдийг мөн нийгмийн идэвхтэй болгож, нам бусчуудын хүрээг тэлж байна. Өмнө нь улс төр сонирхогчид гол хоёр намын аль нэгэнд нь л элсдэг байлаа” хэмээжээ.

ФИЛИППИН ХАТАГТАЙ КОРРИ

Акино Ерөнхийлөгч болсноор "Ардын хүчний хувьсгал амжилттай өндөрлөжээ.

Огт цус урсгаагүй эл түүхэн хувьсгалын ачаар Корасон Акино Ерөнхийлөгч болж, олон жил цэргийн дэглэмтэй байсан Филиппин орон ардчилсан улс болсон түүхтэй.

Засгийн эрхийг 1986-1992 онд барьсан Кори хатагтай төрийн эргэлт хийх гэсэн хэд хэдэн оролдлого, өөрийг нь болон тойрон хүрээлэгчдийг нь авлигын хэрэгт холбож шалгасан дуулиан зэргээс болж дэмжигчдийнхээ хүсэн хүлээж байсан өөрчлөлт шинэчлэлийг дорвитой хийж чадаагүй гэдэг.

Гэсэн ч Ерөнхийлөгчийн суудлаас буухад нь филиппинчүүдийн олонх нь түүнийг улс төрөөс явуулах дургүй байв.

Тэрээр, Засгийн эрхийг 1986-1992 онд барьсан

Ерөнхийлөгч болсныхоо дараа Акино Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, төрийн тэргүүний эрх мэдлийг хязгаарласнаас гадна хоёр танхимтай хууль тогтоох байгууллагыг санаачилжээ. Түүний засаглалын жилүүдэд иргэдийн эрх чөлөө, хүний эрхийг хамгаалах талаар ихээхэн ахиц гарчээ. Мөн Корасон Акино коммунист босогчид, Исламын салан тусгаарлагчидтай энхтайвны хэлэлцээр байгуулж чадсан билээ.

Түүний хэрэгжүүлсэн бодлого тус улсын эдийн засгийг эрүүлжүүлж, зах зээл, нийгмийн хариуцлагат тогтолцоог бий болгосон юм.

Ерөнхийлөгчөөр ажилласан зургаан жил таныг хэр өөрчилсөн бэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Ерөнхийлөгч болохоосоо бүр өмнө, нөхрөө шоронд байхад л би их өөр болсон юм шүү дээ. Аймхай хэрнээ, бас зоригтой болсон. Ерөнхийлөгч болоод би сайн засаглал бүрдүүлэхэд юу хэрэгтэй талаар их удаан бодлоо. Шударга, туршлагатай 50 хүн байхад л болоод явчихна гэж бодсон минь эндүүрэл байж. Хүнд байх учиртай хамгийн чухал чанар бол бусдыг сонсч, бусадтай хамтран ажиллах, хүлээцтэй байх чадвар юм билээ. Хэчнээн шударга, туршлагатай хүн байгаад хүмүүстэй хэл амаа ололцохгүй бол юу ч бүтээж чадахгүй. Энэ л миний Ерөнхийлөгч байхдаа ухаарсан хамгийн том ололт юм даа. Бас ардчиллыг бий болгох, дарангуйлагчийг түлхэн унагах тусгай жор гэж байдаггүй, өчүүхэн жижиг гэлтгүй бүх зүйл дээр өөрийгөө биш ард түмнээ бодох нь удирдагч хүний хамгийн эрхэм чанар болохыг ойлгосон. Ард түмний хүчээр юу ч бүтээж болно шүү” хэмээн Акино хариулсан байдаг.

Акино: Хэчнээн шударга, туршлагатай хүн байгаад хүмүүстэй хэл амаа ололцохгүй бол юу ч бүтээж чадахгүй. Энэ л миний Ерөнхийлөгч байхдаа ухаарсан хамгийн том ололт юм даа.

Ерөнхийлөгчийн албан тушаалаа Фидел В.Рамост 1992 онд шилжүүлснийхээ дараа Акино улс төрийг орхисон ч чухал асуудлын талаарх түүний үзэл бодол олон нийтэд нөлөөлсөн хэвээр байлаа.

Тэрбээр “Төрийн эргэлт хийх гэсэн олон оролдлого гарсан. Тэр бүхэн эдийн засагт муугаар нөлөөлж байлаа. Бас гэмгүй иргэд амиа алдсан шүү дээ. 1989 онд төрийн эргэлт хийх гэсэн үймээн самууны дараа бидний тэр хүртэл хийсэн, эдийн засгаа сайжруулах бүх ажил талаар болсон. Гадаадын хөрөнгө оруулагчид нүүр буруулсан. Энэ мэт маш олон боломжоо бид өөрсдөөсөө болж алдсандаа” хэмээн тэтгэвэрт гарсныхаа дараа хуучилжээ.

Акино 2009 онд 76 насандаа хорт хавдрын улмаас таалал төгсчээ.

 

Түүний хөргийг Филиппиний мөнгөн тэмдэгт болох 500 песонд мөнхөлсөн байна. Барууны ертөнцөд Акиног “Шар даашинзтай бүсгүй” хэмээн нэрлэсэн ба ВВС түүхийн сэтгүүлээс дэлхийн 25 шилдэг эмэгтэй удирдагчийн жагсаалтад түүний нэр багтжээ. Түүний хүү Филиппиний Ерөнхийлөгчөөр 2010 онд сонгогдсон юм.