С.Эрдэнэ: Гурван шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэдэг тэр хүн хууль юм уу
2019.04.25

С.Эрдэнэ: Гурван шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэдэг тэр хүн хууль юм уу

Монголын мэдээ сонин, Х.БОЛОР

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болон цаг үеийн бусад асуудалтай холбоотойгоор АН-ын байр суурийн талаар тус намын дарга С.Эрдэнээс тодрууллаа. 

-Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа танай нам дотоод хурлаараа шийдэх үү эсвэл тодорхой хүн товлочихсон байгаа юу?

-Товлоогүй. Манай нам тавдугаар сарын 24-ний өдөр намын төлөөллийн төв байгууллагын хуралдаанаа хийнэ. Энэ хуралдаанаар нэр дэвшигчийг эцсийн байдлаар батлаад, СЕХ-д өргөн барина. 

-Нэр дэвших хүсэлтээ намын даргад илэрхийлж байгаа хэчнээн хүн байна вэ?

-Нэр дэвших хүсэлтэй хүмүүс бол бий. Гэхдээ албан ёсоор илэрхийлсэн хүн одоогоор байхгүй. Яригдаж байгаа хүмүүс бий. Эцсийн шийдвэр төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар шийдэгдэнэ.

-Сүүлийн үед АН-ын гишүүд намаасаа гараад байгаа. Намын нэр хүндтэй холбоотой асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай намаас албан ёсны бүртгэлтэй хүн гараагүй. АН-ын нэр хүндийг унагаах гэсэн зорилготой янз бүрийн үйлдлүүд зохион байгуулж байгаа. АН-аас гарч байна гэх гурван удаагийн үйл явдал сүүлийн үед боллоо. Эдгээр хүмүүсийг шалгаж үзэхэд манай намын гишүүнчлэлтэй нэг л хүн тэдний дотор байсан. Бусад нь бүгд АН-д албан ёсны бүртгэлгүй юм билээ. Албан ёсны бүрт­гэлтэй хоёр хүн намаас гарсан. Нэг нь намаас арга хэмжээ авахуулж хасагдсан, нөгөө нь арга хэмжээ авахуулсандаа шаралхаад өөрөө гарах хүсэлтээ өгсөн. Намаас гарч байна гэж зарлаад байгаа хүмүүс бол намын нэр хүндийг унагаах гэж зохион байгуулалттайгаар ийм ажлыг хийж байгаа хүмүүс. Үүнд би нэг их ач холбогдол өгөхгүй байгаа. АН 208 мянган албан ёсны гишүүнтэй. Аль ч намаас ганц нэг хүн гарах асуудал байдаг. Гурван удаагийн үйлдлээр арав гаруй хүн гарсан байхад, мянга мянган хүн манай намд шинээр элсэж байна. Орон нутагт л гэхэд өдөрт 200-300 хүн элсдэг. 

-АН-ын удирдлагуудыг МАНАН бүлэглэлийг хамгаалж байна гэх нийгмийн шүүмжлэл байгаа. Үүнтэй холбоотой АН-ын нэр хүнд унаад байх шиг байна. Энэ асуудалд намын удирдлагын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-МАНАН гэж яг юуг хэлж байна вэ гэдгээс асуудлыг ярих хэрэгтэй. 2003 онд “Алтангадас ассоциаци” гэх төрийн бус байгууллагыг хоёр намын бүрэлдэхүүнтэй байгуулсан. МАН болон АН намаас нэр бүхий хүмүүс энэ байгууллагад орсон байдаг. Сүүлдээ энэ нь “Алтангадас” фракци болж хувирсан. Ингээд 2004 онд “Бүдүүн 62”-ын бүлэг байгуулаад, тэр бүлгийн дарга МАН-аас, дэд дарга нь АН-аас томилогдсон байдаг. Энэ бүлэг тараад тухайн үеийн АН бүлэггүй, зөвлөлтэй болж  байсан юм. 2008 онд Ерөнхий сайд байсан С.Баяр, АН-ын дарга Н.Алтанхуяг хоёр ярилцаад, стандарт бус Засгийн газар буюу Эвслийн Засгийн газрыг байгуулсан. Тэр нь ямар үнэ цэнээр олдсон бэ гэхээр таван сайхан залуугийн амь насаар олдсон юм. Тухайн үед маш олон булхайг дарахын тулд эвслийн Засгийн газрыг байгуулсан. Ингээд Н.Алтанхуяг таван залуугийн амь насаар таван сайдын суудал авч, өөрөө Шадар сайд болсон байдаг. Үүнээс харахад 2003 онд МАНАН-гийн эхлэл тавигдаад, 2008 онд баталгаажсан гэж боддог.

Эвслийн Засгийн газар байгуулсан бас нэг шалтгаан нь Оюутолгойн гэрээг ямар ч үнээр хамаагүй байгуулах байсан юм. Энэ гэрээг хамгийн их эсэргүүцэж байсан цөөхөн гишүүдийн нэг нь би. Яагаад гэвэл Оюутолгойн гэрээ ТЭЗҮ байхгүй, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой бус байсан. Энэ мэт маш олон зүйл тодорхойгүй байлаа. Н.Алтанхуяг, С.Баяр тэргүүтэй хүмүүс үүнийг хүчилж байгуулсан. Оюутолгой болон Эрдэнэс таван толгойг гадныханд ашигтай, Монголд ашиггүй байдлаар зохион байгуулж, авлига хээл хахуулийн маш том асуудлыг нуусан бүлэглэлийг би МАНАН гэж харж байгаа. Түүнээс биш мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа АН МАНАН-д ямар ч хамаагүй. Бид МАНАН-гийн эсрэг тэмцэж байгаа. АН-ын 208 мянган гишүүн МАНАН-д ямар ч хамааралгүй. Улс төрийн сонголтоо хийгээд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа АН яахаараа МАНАН-гийн хамгаалагч болдог юм бэ. АН-ын нэр хүндийг унагаах гэсэн зорилгоор л ийм яриаг гаргаж байна. АН, ялангуяа С.Эрдэнэ гэдэг хүн МАНАН-тай ямар ч хамааралгүй. 

-Хууль, хяналтын байгууллагын удирдлагуудыг сольж байгааг нийгэм сайшааж хүлээж авч байна. Таны хувьд үүнийг хэрхэн дүгнэх вэ?

-Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор зарим нэг хэсэг нь зөв гэж харж байгаа байх. Зарим нэг нь буруу гэж байгаа. Миний хувьд бол буруу. Үндсэн хуулийн бус аргаар ийм шинэчлэл хийж байгаа нь маш том алдаа. Улс төрчид Үндсэн хууль болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хэт оролцох нь улс орны тусгаар тогтнолд аюултай. С.Зоригийн хэрэгт ажлын хэсэг гаргалаа гэж байна. УИХ мөрдөн шалгадаг газар юм уу. Хууль санаачилж, бодлого гаргадаг байгууллага болохоос биш хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог байгууллага биш.

Үүнийг нь хэлэхээр МАНАН-гийн хамгаалагч болчихдог. Би Үндсэн хуулийнхаа зохицуулалтыг хамгаалж байгаа болохоос биш МАНАН-г хамгаалаагүй. Монгол улс хуулийн Засаглалтай орон биз дээ. Шүүхээр ямар ч хүнийг гэм буруутайд тооцсон эсвэл эс тооцсон шийдвэр эцсийн шийдвэр байна гэдгийг Үндсэн хуульд заасан байгаа. Гэтэл үүнийг шууд үгүйсгээд, гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан хэргийг нэг улс төрч “Энэ биш байна. Буруу шийдвэр гаргасан байна” гэж байна. Тэр хүн хууль юм уу. Үүнийг юуг нь алга ташаад дэмжээд байгаа юм бэ. Би үүнээс илүү популист хийж чадна. Гэхдээ тэгэхгүй. 

-Ж.Батзандан гишүүнийг намаасаа хөөсөн нь олон нийтэд буруу үйлдэл болж харагдаад байгаа юм биш үү?

-Популистуудын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжээд, ард нь энхийн цагаан тагтаа шиг сууж байх боломж надад байсан. Би сөрөг хүчний намын дарга. Мөрөг хүчний  лидер. Энэ утгаараа эрх баригч намын буруу үйлдлийг шүүмжлэх ёстой. Алдаа гаргавал түүнд хариуцлага нэхэх ёстой. Сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлсний төлөө яагаад  М.Энхболдыг хамгаалсан болж таардаг юм бэ. Энэ бол намайг болон АН-ыг харлуулах гэсэн оролдлого. Би тухайн үед М.Энхболдыг хамгаалсан юм биш. Хариуцлага алдсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулъя гэдэг саналыг л тавьсан.

Энэ шийдвэрийг би ганцаараа гаргаагүй. АН-ын улс төрийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр. Энэ шийдвэрийн хэрэгжүүлэхийн төлөө УИХ-д ажилласан. Харамсалтай нь манай намын гурван гишүүн үүний эсрэг санал өгсөн. АН-ын үндсэн дүрэмд намын улс төрийн шийдвэрийг эсэргүүцсэн болон биелүүлээгүй бол хариуцлага хүлээнэ гэж заасан байгаа. Үүний дагуу манай Үндсэн дүрмийн хороо буюу хяналтын зөвлөл хуралдаад эдгээр гишүүдэд ийм хариуцлага тооцох үндэслэлтэй байна гэсэн шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ хариуцлагыг тооцсон.