Л.Энхболд: Усыг эрэмбэлнэ
2019.04.23

Л.Энхболд: Усыг эрэмбэлнэ

Монголын үнэн, сэтгүүлч М.Өнөржаргал

Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлж эхлээд байгаа билээ. Тодруулбал, уг хуулийн төслийг энэ сарын 19-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж, хэлэлцэх эсэхэд санал хураалт явуулах байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан учраас дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэхээр түр хойшлуулсан. Хуулийн төслийг өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Л. ЭНХБОЛДТОЙ ярилцлаа.

 
-Усны тухай хуульд ямар үндэслэлээр өөрчлөлт оруулах гэж байна вэ. Гол өөрчлөлтийнх нь талаар ажлын хэсгийн гишүүний хувьд мэдээлэл өгнө үү? 
-Бидний хувьд газар доорх усаа хамгаалах зорилгоор хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн. Үндсэн дөрвөн өөрчлөлтийг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, газрын доорх цэнгэг усыг хамгаалах нь манай улсын хувьд тун чухал болж хувирсан. Усыг ерөнхийд нь газрын доорх болон гадаргын гэж ангилдаг. Олон улсад газрын доорх усныхаа дөнгөж 20 орчим хувийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг. 80 орчим хувьд нь гадаргын усандаа менежмент хийж буюу шинэ технологийн дагуу ашигладаг. Гэтэл манай улс эсрэгээрээ газрын доорх усныхаа 80 орчим хувийг уул уурхайн зориулалтаар ашиглаад үлдсэн 20 орчим хувьд нь булаг шанд, гадаргын усыг ашигладаг. 
Тэгэхээр манай улсын газрын доорх ус нийт усны нөөцийн 1.9-хөн хувийг эзэлдэг гэсэн үг. Ийм бага хувийг эзэлдэг усны нөөцийнхөө 80 хувийг цаашдаа үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаад байх уу, үгүй юү гэдэг асуудал гарч ирээд байгаа юм. 
Хуулийн өөрчлөлтийн хүрээнд дээрх байдлыг шууд зогсооё гэхээр Монгол Улсын эдийн засаг бараг тэр чигтээ уул уурхайгаас хамааралтай байна шүү дээ. Тиймээс энэ байдлыг харгалзан, цэнгэг усаа эхний ээлжид хамгаалалтад авах шаардлагатай гэж үзсэн. Монгол Улсын хэмжээнд цэнгэг орд 206 байдаг юм байна.
Цэнгэг орд гэдэг нь мэргэжлийн байгууллагуудын хэлж буйгаар, 0.5-аас доош эрдэсжилттэй ус. Энэ нь хүн, малын шууд уух буюу ашиглах боломжтой цэнгэг ус гэсэн үг. Тийм учраас эдгээр ордоо цэнгэг хэвээр нь хамгаалж үлдье. Харин өнөөдрийн ашиглаж, хэрэглэж буй усанд боломжийн нөөцийн түвшин гэж бий. Харин мэргэжлийнхний тогтоосон түвшнээс доош орвол хомсдол үүсэх аюултай. Усанд хомсдол үүсэх хэмжээнд хүргэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуулийн төсөлд тусгасан. Жишээлбэл, 2-8 жилээр хорих ялтай заалт ч бий. Хариуцлагыг өндөржүүлэх үүднээс ийм заалт оруулсан. Мөн ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, эсхүл хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө учруулсан тохиолдолд ус ашиглах эрхийг хязгаарлах, цуцлах эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль гэж тусдаа бий шүү дээ. Энэ хуультай хэрхэн холбогдох вэ? 
-Газрындоорх усыг бохирдуулах явдал манай улсад түгээмэл болчихсон. Энэ нь мөн л уул уурхайтай холбоотой буюу хайгуулын цооног маш ихээр үүсгэдэг. Эргээд үүнийгээ бөглөдөггүй, нөхөн сэргээдэггүй хаячихдаг. Тиймээс хайгуул хийгээд цоолсон нүхийг цаашдаа эзэнтэй болгоё гэж байгаа юм. 
Орон нутгийн удирдлагуудад энэ ажлыг даалгах гэхээр заавал л мөнгө төгрөг, төлбөр тооцоо гараад байгаа учраас хуульчлах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Ингэхдээ орон нутгийн удирдлагууд улсын төсвийн хөрөнгөөр тухайн газар орныг битүүмжпээд хайгуул хийж, газар сэндийчсэн аж ахуйн нэгжийг олж, төлбөр тооцоог нь төлүүлэх ажлыг хийнэ. Энэ нь нэг , талаас орон нутгийн удирдлагуудыг хариуцлагажуулах нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн удирдлагууд хэн, хаана, хэчнээн цооног гаргасан, эргээд нөхөн сэргээсэн эсэхийг нэг бүрчлэн мэддэг болчихно гэсэн үг. Бид БОАЖЯ-ныхнаас улсын хэмжээнд нөхөн сэргээгээгүй хэчнээн цооног, нүх байгааг лавлахаар нарийвчилсан тоо гаргаагүй байна. Энэ эрсдэл үүссэн буюу газрын доорхи цэнгэг ус бохирдож байна л гэсэн үг. Ийм байдлыг таслан зогсоохын тулд хуульчилъя гэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, усыг эрэмбэлнэ. Өөрөөр хэлбэл, цэнгэг усыг хэн түрүүлж уух ёстой, ямар зориулалтаар ус ашиглах гэж байна гэх мэтээр. Монгол Улсын усны менежментийн төлөвлөгөөнд усыг хэрхэн эрэмбэлэх талаар заасан байдаг ч хуульчлаагүй болохоор дагаж мөрдөхгүй байна. 
-Энэ талаар анх удаа сонсч байна, тэгэхээр төлөвлөгөөнд бичээтэй байхаас илүү гардаггүй бололтой. Цаашид хуульчлахаар усыг хэрхэн эрэмбэлэх вэ? 
-Эхлээд хүн амын ундны усны хэрэглээнд. Хоёрдугаарт, газар тариалан, хөдөө аж ахуй болон мал аж ахуйд хэрэглэнэ. Гуравдугаарт, аж үйлдвэрийн парк буюу барилгын материал юмуу арьс ширний үйлдвэрт. Дөрөвдүгээрт, уул уурхайд буюу бусад гэж эрэмбэлэх юм. Энэ мэтээр Усны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт маш өндөр ач холбогдолтой. 
Нэгэн эрдэмтний хэлсэнчлэн, 20-30 жилийн дараа монголчууд нэг литр усыг нэг кг алтаар худалдаж авдаг болохыг үгүйсгэхгүй. Дэлхий нийтийн хандлага ч усаа хэрхэн хамгаалах, яавал цэвэр цэнгэгээр нь авч үлдэх вэ гэдэгт төвлөрч эхэлсэн байна. Гадаргын буюу булаг шандын ус газрын доорх усаар тэжээгдэж байдаг. Гэтэл ийм өндөр ач холбогдолтой усыг бид хэрэглээд дуусах гээд байна шүү дээ. Цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт цаашлаад булаг шанд ширгээд дууслаа гэх мэтээр малчдын гаргаад буй гомдол үүнээс л үүдэлтэй юм. Ерөөсөө л аль нэг аж ахуйн нэгж хайгуул хийсэн атлаа цооног үүсгээд орхичихсноос худаг, булаг шанд ширгээд байгаа юм. Өнөөдөр бодит байдалд “Нэг удаад 300 тооны тэмээ, адуу усалчихдаг байсан бол ийм хэмжээний бага мал ч усалж чадахгүй болчихлоо” гэж малчид ярьж байх жишээтэй. Худгийн ундарга байхгүй ширгээд эхлэхээр малчид хүртэл хоорондоо. маргалдах асуудал үүсээд байгаа юм. Тийм учраас байдлыг улам дордуулахгүйн тулд хууль санаачилсан гэж ойлгож болно. Ерөөсөө дүгнээд хэлбэл, хүн төрөлхтөн цаашид оршин тогтнохын гол үндэс нь ус шүү дээ. Бид хэчнээн алт, эрдэнэстэй байлаа гээд амьдрах боломжгүй учраас хууль санаачилсан гэж ойлгож болно. 
-Аливаа хуульд өөрчлөлт оруулахад УИХ-ын гишүүдийн кнопоор шийддэг. Энэ утгаараа ус бохирдуулсны төлбөр тооцоо ярихаар “Гишүүд сонгуулиа бодоод тэднээс төлбөр авах асуудлыг хуульчилдаггүй” гэж шүүмжилдэг. Ер нь малчдаас малын хөлийн татвар юмуу ус бохирдуулсны төлбөр авах нь хэр зохимжтой юм бэ? 
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд энэ талаар нарийвчлан тусгасан. Үүнд, хониор тооцоод 300-гаас дээш толгой малтай айлаас нэг литр усыг арав орчим төгрөгөөр үнэлж, төлбөр авахаар оруулж ирсэн. Нөгөө талаас бэлчээрийн нэгээс дээш га газар эзэмшиж байгаа бол төлбөр авдаг байя гэж байгаа юм. 
Өнөөдөр яг хэн усыг ихээр бохирдуулаад байна эсвэл хэн нь их хэмжээгээр ашиглаад байгааг бид зөв тооцоолж чадахгүй байгаа. Ингэж нарийн тогтоолгүйгээр “Энэ нөхөр эсвэл энэ аж ахуйн нэгж ус ашиглаж л байгаа юм чинь бохирдуулж таарна” гэж хандаж болохгүй.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс 60 сая тоо толгой малтай.
Харин хэний, хэчнээн мал тухайн орон нутгийнхаа булаг шандыг илүү ихээр бохирдуулаад байгааг бид нарийвчлан судалж, гаргаж ирээгүй л байна. Өнгөрсөн хугацаанд хэн нь усыг илүү бохирдуулсан, үүнээс үүдэлтэйгээр ус бохирдож ширгэж байгаа талаар огт яриагүй байж өнөөдөр гэнэтхэн мал аж ахуй юмуу тариалан эрхлэгчдэдээ бурууг тохож, торгож шийтгээд, татвараар дарамтлаад эхэлж болохгүй. Энэ утгаараа ус бохирдуулсны болон малын хөлийн татвар тогтооно гэхээсээ илүү тэдэнд ямар боломж олгохоо илүү сайн судлах ёстой юм. Жишээлбэл, бид усны төлбөр гэж авахаар бол эргүүлээд тэдэнд худаг гаргаж, булаг шандыг нь сэргээж өгөх гэх мэтээр харилцан дэмжлэг үзүүлдэг байх учиртай.
Малын хөлийн татвартай болгох гэж байгаа бол эргүүлээд хот хороог нь засч өгөх, нийлж хоршоод үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх гэх мэтээр харилцан уялдаатай ажиллах нь чухал. Улс элдэв татвар хураамж авдаг атлаа эргүүлээд ямар нэг дэмжлэггүй байвал энэ харилцаа зөв биш болж хувирна биз дээ Үнэхээр ус бохирдуулсны төлбөр авах гэж байгаа бол хуримтлагдсан хөрөнгийг юунд зарцуулахаа тодорхой болгох учиртай. Малчин, тариаланчид юм уу ус ашиглагч иргэн, хуулийн этгээд улсад аливаа татвар хураамж төлөөд л байдаг. Ард нь дээрх хүмүүс усны асуудалтай хэвээрээ буюу ундарга багатай худаг дээрээ дугаарлаад жагсчихдаг, эсвэл бэлчээр нь хүрэлцдэггүй зэрэг төр, засгийн зүгээс зохицуулалт хэрэгтэй асуудал нь оршсоор байж болохгүй шүү дээ. Татвар хураамж авахын өмнө маш сайн мэдээлэл хүргэх хэрэгтэй. Та бүхнээс авсан татвар, хураамжаар тодорхой ийм ажил хийнэ, энэ нь та бүхэнд ийм ашигтай гэх мэтээр бодит ажил санаачилж байж олон түмнээс дэмжлэг авна шүү дээ. 
-Усны тухай хуулийг өөрчилбөл орон нутгийн удирдлагууд нэлээд эрх мэдэлтэй болно гэж ойлголоо. Гэтэл уул уурхайн компаниуд тухайн аймаг, сумынхаа Засаг даргад хахууль өгөх эсвэл эсрэгээрээ орон нутгийн удирдлагууд хуулиар далайлган үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжийг шантаажлах асуудал үүсэх юм биш үү. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ? 
-Хамгийн том давуу тал нь аль аль талыг хариуцлагажуулах тухай ойлголт юм. Орон нутагтаа хайгуул хийлгэчихээд нөхөн сэргээлт хийгээгүй орхисон аж ахуйн нэгжийг хянах ёстой нөхөр нь “За за орхичих” гэж хэлээд хэдэн төгрөг аваад халааслахыг үгүйсгэхгүй. Тиймээс хэн хаана, ямар цооног гаргасан, түүнийгээ нөхөн сэргээсэн эсэхийг нэг бүрчлэн бүртгэлжлүүлэх юм, хуулийн хүрээнд шүү дээ. Хаа нэгтээ цооног үүсгэчихээд бөглөөгүй бол орон нутгийн удирдлагуудтай хариуцлага тооцно гэсэн үг. Орон нутагт нь хайгуул хийсэн аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийлгүй зугтсан бол шүүхээр нэхэмжлээд зохих төлбөр тооцоог нь улсын төсөвт авчихна. Хэн нэгэн дарга юмуу аж ахуйн нэгж хоорондоо хуйвалдах бололцоог хаагаад өгчихөж байгаа юм. Хэрвээ чи хайгуул хийсэн л бол ийм стандартын дагуу нөхөн сэргээх ёстой гэдгийг орон нутгийн удирдлагууд л хэлж ойлгуулна. Улсаас хууль гаргачихсан, нөхөн сэргээлт хийх стандартыг нэгдсэн байдлаар бэлдээд өгчихсөн байхад авах ёстой төлбөрөө авч чадаагүй бол орон нутгийн удирдлагуудаас хариуцлага нэхнэ гэж байгаа юм.