Жудочдод шагналын хур буув
Монгол Улсад жүдо бөхийн холбоо үүсэж хөгжсөний 40 жилийн ойн ёслол төгөлдөр болов. Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд, дэд ерөнхийлөгчид, үе үеийн тамирчид хуран чуулж оны шилдгүүдээ тодруулсан юм. Энэ үеэр Олон улсын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Жак Роггегийн нэрэмжит "Олимпик трофи" шагналыг Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга хүртсэн бол Онцгой байдлын ерөнхий газар, "Аврагч" спорт хорооны дасгалжуулагч Ц.Шийрэв, Сүхбаатар аймгийн дасгалжуулагч Ж.Чулуунжав нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан юм.
"Женко" клубийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа болон эх орныхоо нэрийг дэлхийд дуурсган барилдаж буй Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа , П.Лхамдэгд нар "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаасан бол жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөртогоо, Б.Дагвадорж нарыг Засгийн газрын жуух бичгээр урамшуулсан юм. Монголын жүдо бөхийн холбооны аймаг, дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж буй салбар холбоодоо ажил үйлсээр нь уралдуулахад Ховд аймгийн жүдо бөхийн холбоо тэргүүлсэн бөгөөд тус холбооны ерөнхийлөгч Б.Адьшаа шилдгийн шилдэг дэд ерөнхийлөгч болов.
Оны шилдэг залуу тамирчны шагналыг Х.Цогтгэрэл, Э.Хандармаа нар хүртсэн бол 2011 оны шилдэг эрэгтэй жүдочоор Х.Цагаанбаатар, шилдэг эмэгтэй жүдочоор М.Бундмаа нар тодорсон. Харин шилдэг дасгалжуулагчаар түүхт их ойгоор "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаасан дасгалжуулагч Ш.Цэвэлмаа шалгарав. Энэ үеэр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү спортыг хөгжүүлэх суурийг тавьсан анхдагч, анхны шигшээ багийн гишүүдэд тус бүр нэг сая төгрөг гардуулж, жүдо бөхийг хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд 40 жилийн ойн хүндэт медалиар энгэрийг нь мялаалаа.