Мэндчилгээ
2011.12.28

Мэндчилгээ

Жудо бөхийг шимтэн сонирхогч, хөхүүлэн дэмжигч, Монголын жудо бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулсан үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн эрхэм ноёд, хатагтай нар аа!

Бидний хувьд 2011 он тун онцгой жил байлаа. Манай тамирчид энэ жил тив, дэлхий дэвжээнээс 24 алт, 26 мөнгө, 40 хүрэл, нийт 90 медаль хүртэж, Монголд жудо бөх үүсэж хөгжсөний түүхт 40 жилийн ойгоо амжилт, ололтоор дүүрэн үдэж байна. Тэмдэглэлт энэ ойг МЖБХ баяр ёслол төдийгөөр өнгөрөөхийг хүссэнгүй. Аймаг, сум бүрт жудо бөхийг хөгжүүлэхийн төлөө салбар холбоодынхоо дэмжлэгтэйгээр идэвхтэй ажиллаж байна. Өсвөр үеийн УАШТ-д эх орны минь өнцөг булан бүрээс 1000 гаруй тамирчин ирж оролцсон нь хамт олны минь ажлын үр дүнгийн илрэл билээ.

Жудо бөх бол зөвхөн спорт биш, ёс суртахуун, хүмүүжлийн том хичээл юм. Тиймээс бид жудо бөхөөр дамжуулан эх орны ирээдүй болсон хүүхэд, залуучуудад бие бялдрын болон оюун санааны боловсрол олгож, эрүүл иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах нь туйлын зорилгын нэг билээ. Улирч буй энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Чингис хаан" жудо бөхийн Дэлхийн цомын тэмцээнийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж, дэлхийн шилдэг тамирчид олимпийн эрхийн онооны төлөө өрсөлдлөө. Нутагтаа, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө манай тамирчид ч чамлахааргүй амжилт үзүүлсэнд баяртай байна.

Гэхдээ бидний хийх ажил, хүрэх амжилт өмнө байгаа. Баг, тамирчид маань "Лондон-2012" олимпийн наадамд өмнөх олимпийн амжилтыг бататгах, ахиулах хариуцлагыг гүнээ ухамсарлан, хичээн бэлтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа өгүүлье. Төгсгөлд нь биднийг үргэлж дэмжиж, үнэт сургаалиа хайрлан, хойч үеийнхэндээ үлгэр жишээ үзүүлсэн анхдагчдадаа гүн хүндэтгэл илэрхийлье. Жудо бөхийг хөгжүүлэх үйлсийг эхлүүлж, бат бөх суурь тавьсан та нарын минь гавьяа мартагдашгүй билээ.

Жудо бөхийг аймаг бүрт хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй дэд ерөнхийлөгчдөдөө, их зорилгын төлөө тэмүүлж буй хүүхдүүддээ урам хайрлан дэмждэг эцэг, эхчүүдэд, "Хамтын хуч-Амжилт" уриаг эрхэмлэн, гар сэтгэл нийлэн ур бүтээлтэй ажилладаг Жудо бөхийн холбооны хамт олондоо Монголд жүдо бөх үүсэж хөгжсөний түүхт 40 жилийн ойн болон ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

УИХ, Засгийн газрын гишүүн,Зам тээвэр,барилга,хот байгуулалтын сайд,МЖБХ-ны ерөнхийлөгч гавьяат тамирчин Х.Баттулга

Эх сурвалж:Ардчилал сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.