Баянголчууд шинэчлэлийг хүсч байгаагаа АН-ын төлөөлөгчдөд уламжлав
Өнөөдөр хуртай, хуралтай өдөр байлаа. УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог буюу нийслэлийн Баянгол дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн АН-ын дарга С.Эрдэнэ, тус дүүргийн АН-ын дэд дарга, “Иргэн Та баялаг” сангийн тэргүүн С.Одонтуяа болон НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Л.Нарантуяа нар иргэд, сонгогчидтойгоо уулзсан юм.
С.Одонтуяа, С.Эрдэнэ
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “АН-аас энэ удаагийн сонгуульд “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэсэн энгийн мөртлөө асар гүнзгий утга агуулга бүхий уриалга дэвшүүлж, ард түмэндээ чиглэсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Өнөөдөр Монгол Улсын иргэн бид эх орондоо хүн шиг амьдарч чадаж байгаа билүү гэдгээ бодох ёстой. Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдарч, байгалийн баялгаасаа тэгш хүртэх учиртай. Монгол хүн эрүүл чийрэг, эрдэм боловсролтой байх ёстой. Баянгол дүүрэгт нэр дэвшигчид бид улс орныхоо өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно” гэсэн юм.
Харин нэр дэвшигч С.Одонтуяа “АН зөвхөн сонгуулийн өмнө иргэдтэйгээ уулзахаар ирдэггүй. Бид дөрвөн жилийн турш ард иргэдтэй уулзсан. Ингэж уулзахдаа бид иргэдийн сэтгэлийг юу зовоож байдгийг ойлгосон. Мөн уг бэрхшээлийг хэрхэн арилгах гарцыг олохоор эрэлхийлсэн. Өнгөрсөн хугацаанд төр үнэхээр хүчирхэгжлээ. Харин монгол хүнд эрх нь алга. Тиймээс “Монгол хүн” хөтөлбөрийг бид хэрэгжүүлж байна. Өнөөдөр Монголын иргэн бүр баян амьдрах ёстой” гэж өөрийнхөө болон АН-ын мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.